Сүхбаатар аймгийн бүх суманд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Энэ сарын 20-ны өдрийн мэдээллээр, Асгат суманд шинээр хоёр халдвар бүртгэгдсэнээр тус аймаг улаан бүс болсон байна.
Өмнө нь Баруун-Урт, Наран, Асгат, Уулбаян суманд нийт 32 тохиолдол нэмж бүртгэгдэж, Сүхбаатар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 622 болжээ. Энэ хугацаанд 26 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдвар авсан 270 иргэн хэвтэн эмчлүүлж буйн дотор 58 хүүхэд байсан аж.
Тус аймагт энэ сарын 19-ний өдөр Covid-19-ийн 33 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 590 хүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус аймгийн Баруун-Урт 18, Наран 11, Онгон хоёр, Халзан, Баяндэлгэр суманд тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн байна. Эдгээр нь бүгд ажиглалтад байсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтагчид аж.
Сүхбаатар аймагт тусгаарлах байр, гэрийн ажиглалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс авах тандалтын шинжилгээ үргэлжилж буй юм байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэд хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч тус аймгийн Онцгой комиссоос ямар нэг шийдвэр гаргаагүй, улмаар "Улсын Онцгой комиссын шийдвэрийг харж байна" гэсэн хариу өгсөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ