Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө. Тангараг өргөснөөр тэрбээр намын даргаасаа, намаасаа түдгэлзэх хуулийн зохицуулалттай.
Тиймээс МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж буй. Тиймээс МАН Их хурлаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцүүлэн томилсон байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулах санал яригдаж эхэлжээ. Тодруулбал, намын Их хурлын төлөөлөгчид цахимаар бус биечлэн оролцох хүсэлтүүд гаргаад байгаа бөгөөд намын даргын сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа гэнэ.
Тиймээс намын Их хурлаа хойшлуулж, энэ удаад намын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох санал яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлыг хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох гэнэ.
Харин намын Их хурлыг covid-19-ийн халдварын нөхцөл байдал, халдварын тархалт намжих үеэр хийх нь зөв гэдэг саналыг намын гишүүд нь гаргаад байгаа гэнэ. Хэрэв намын Их хурлыг хойшлуулбал энэ удаад Бага хурлаа цахимаар хийж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох гэнэ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОХ УУ?
МАН-ын дүрмээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох ёстой. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон цагаас эхлэн МАН-ын дараагийн дарга хэн болох, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь болох вэ гэсэн таамаг өрнөх болсон. Тэдний хэн хэн нь намын дарга болох боломжтой бас эрхтэй. Гэхдээ сүүлийн өдрүүдийн улс төрийн өрнөлийг харвал Д.Амарбаясгалан Ерөнхий сайд нь намын дарга болох нь зөв гэдэгтэй санал нэгдэж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг намын тодорхой хүрээнд ярьж эхэлсэн гэнэ. Тэд хоёулаа нам дотроо залуу лидерүүд учраас өрсөлдөхгүйгээр хамтдаа урагшлах, нэгнээ дэмжиж, намдаа тэргүүлэх байр сууриа хадгалаад явах боломжтой хэмээн ярилцсан гэх яриа ч гарах болжээ.
Н.ЭНХБАЯРТАЙ ХИЙСЭН ТОХИРООГОО ХОЙШЛУУЛАХ УУ?
Хэрэв МАН намын Бага хурлаар үүрэг гүйцэтгэгчийг томилж, Их хурлаа хойшлуулбал Н.Энхбаяртай хийгдсэн тохироо мөн хойшилж магадгүй. Учир нь МАН Н.Энхбаяртай Удирдах зөвлөлд найман гишүүн, Бага хуралд мөн гишүүдийнхээ төлөөллийг оруулах, цаашлаад намд 2200 албан тушаалтантай болно гэсэн тохироо урьдчилан хийсэн ч намын дүрмийн дагуу заавал Их хурлаар хэлэлцэх учиртай. Тиймээс МАН-ын Их хурал хойшилбол Н.Энхбаяртай хийсэн тохироо мөн хойшилно гэсэн үг. Энэ нь МАН-ын олон гишүүний хүсэл байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь Н.Энхбаяр өөрийн гэсэн улс төрийн тоглоглолтой, шунал нь хэтэрч, барьцаа ахиулсаар байгаад МАН-ын олон гишүүн дургүйцэж буйгаа ил далд илэрхийлсээр байгаа. МАН-д Н.Энхбаяр ба түүний нөхдөөс илүү шинэ залуу лидерүүд одоогийн төр, намыг удирдаж байгаа учраас тэдний хувьд Н.Энхбаяр жинэхэнэ “айдас”. Тиймээс ч цар тахлын үед цахимаар бус биечлэн оролцох хүсэлтийг намын гишүүд нь илэрхийлж байгаа бололтой.
Ш.ЧИМЭГ