Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья!

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья!

Covid-19-тэй тэмцэж чадахгүй бол Уханиас баг урья!

Монгол Улс covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт хүн амынхаа 95 хувийг вакцинжуулалт хамруулж, 16-17-насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Олон улсын эрдэмтэн судлаачид, Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр вакцинжуулалтыг эрчимжүүлснээр халдварын тархалт буурах, халдвар авсан ч хөнгөн тусах боломжтой гэдгийг хэлж буй. Гэвч Монгол Улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо, нас баралт нэмэгдэх болсон.

 Сүүлийн 10 хоногийн дотор 21877 халдвар шинээр бүртгэгдсэн бол 101 хүн нас барсан байна.

СҮҮЛИЙН 10 ӨДРИЙН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ, НАС БАРАЛТ:

  • 2021.6.10: 1460 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан.
  • 2021.6.11: 1622 шинэ тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан.
  • 2021.6.12: 1792 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан.
  • 2021.6.13: 2188 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан.
  • 2021.6.14: 2263 шинэ тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барсан.
  • 2021.6.15: 2386 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.
  • 2021.6.16: 2395 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан.
  • 2021.6.18: 2736 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.
  • 2021.6.19: 2635 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барсан.
  • 2021.6.20: 2400 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.

Covid-19 халдвар дэлхий нийтэд 2019 оны арванхоёрдугаар сард анх бүртгэгдэж, Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн бэлтгэлээ хангаж ирсэн. Чухам энэ цагаас эхлэн халдвар дотоодод бүртгэгдэх, эрүүл мэндийн салбар, Улсын онцгой комисс албан ёсоор байгуулагдаж, ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл, бүтэн жил гаруй хугацаанд бид covid-19-ийн халдвартай тооцоо судалгаа гаргаж, төлөвлөгөө стратегийн дагуу шийдвэр гаргаж, амьдрал дээр хэрэгжүүлж ирсэн.

Гэвч өнөөдрийн байдлаар бид халдвар бүртгэгдсэн тоогоороо Хятадын өмнө бичигдэж эхэллээ.

Covid-19 дотоодод бүртгэгдсэнээс хойш өнөөдөр нийт халдварын тоо 93,551 буюу 100 мянга болоход тун ойрхон иржээ. Халдварын тархалтыг бууруулахын тулд маш олон удаа хатуу хөл хорио тогтоох, Үндэсний их баяр наадам болон бусад олон хүн цуглардаг баяруудыг хориглох, үйлчилгээний байгууллагуудыг хязгаарлах гээд дэлхий нийтэд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг дотооддоо авсан. Түүгээр ч зогсохгүй Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд гэсэн гурван Эрүүл мэндийн сайдын нүүр үзэв.

Энэ бүх арга хэмжээний хажуугаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тараасан шагнал, түүний залгамжлагчийг сонгох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль зэрэгцэж, халдварын тархалтыг улам нэмэгдүүлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар дөн өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн эхийг тавчигтай гадагш гаргасныхаа төлөө бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байсан бол өнөөдөр 436 эрдэнэт хүний амь нас эрсэджээ. Хэрэв 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа иргэдтэй уулзалт хийхгүй, цахим хэлбэрээр зохион байгуулсан бол, Ерөнхийлөгч Х.Баттулга өдөрт хэдэн зуугаар нь шагнаж, Сүхбаатарын талбайд олноор нь цуглуулж, шагнал одонгийн найрыг хавтгайруулаагүй бол халдвар, нас баралтын тоо өнөөдөр өөр байж, бид Хятадын өмнө орохгүй байх байлаа.

Харин үүнд хариуцлага хүлээх хүн нь Ерөнхийлөгч болон дэвшиж, нэг нь дараагийн нөхөн сонгуульдаа бэлтгээд эхэлж.

1,4 тэрбум хүнтэй Хятад улс халдварын тархалтыг бууруулж, барьж чадсан байна. Нэг үе нас барагсдынхаа цогцсыг ч хийх газаргүй болсон Энэтхэг улсад ч шинэ халдварын тохиолдол буурч эхэлсэн бол ОХУ-д шинэ мутаци тархалт өндөр байгаа гэх боловч шинээр бүртгэгдэх халдварын тоо харьцангуй буурсан гэж байна. Дэлхийн олон улс орнууд халдварын тархалтыг бууруулж, өдөр ирэх тусам шинэ халдвар бүртгэгдэх тоо нь багасч байгаа бол зарим улс оронд халдварын шинэ тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа ч тэр бүрт тохирсон, тодорхой арга хэмжээнүүд авсаар байна. Өөдрөөс өдөрт нэмэгдэж буй халдварын тохиолдол, нас баралтыг бууруулахад монголчуудад юу хэрэгтэй, ямар гарц байна вэ.

Бид covid-19-тэй тэмцэхийн тулд хоёр Засгийн газар, хоёр Улсын онцгой комиссын дарга, гурван Эрүүл мэндийн сайдын нүүр үзсэн ч нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдөхгүй, цаашид өдөрт илрэх шинэ халдварын тоо 4000 хүрч болзошгүйг эрдэмтэд сануулах болов.

Цаашид бид дотоодын улс төр, ажлаа өгөх гэж байгаа Ерөнхийлөгч нь, шинээр томилогдож байгаа Ерөнхийлөгч нь ч 463 монгол хүний амь нас хамаагүй, цаашид ч эрдэнэт хүний амь эрсэдсээр байвал covid-19-ийн эсрэг маш сайн арга хэмжээ авч буй Израйл, Хятад, АНУ, Канад улсаас цар тахалтай тэмцэх баг авчрах хүсэлтийг ДЭМБ-д гаргая!

Covid-19 анх гарсан Хятадын Ухань хотоос мэргэжлийн, туршлагатай баг авчирч, covid-19-өө даруулъя. Үүнээс өөрөөр бидэнд боломжтой, зөв шийдэл алга.

Гуравхан сая хүнтэй улсын covid-19-ийг 1,4 тэрбум хүнийг эмчилж, халдвараас сэргийлж чадсан Хятадын эмч, эмнэлгийн ажилтнуудаас тусламж хүсье. Ирэх намар хичээл, сургуулиудаа эхлүүлэхийн тулд, ажил, амьдралаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудад хүсэлт тавьж, covid-19-ийг даван туулъя!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж