Монгол Улс цар тахлын өмнө цагаан тугаа хэдийнэ өргөжээ. Бүртгэгдсэн халдварын тоогоороо нэг тэрбум 400 сая хүн амтай Хятад улсын өмнө бичигдэх болов. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэд гэрийн нөхцөлд өөрсдийгөө эмчлэхээс өөр сонголтгүйд хүрчээ. Хоногт бүртгэгдэх халдвар 2500 давж, дагаад хүнд өвчтөний тоо болон нас баралт нэмэгдэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр анхны тун вакцин хийлгэснээр Монголд бүх нийтийн вакцинжуулалт эхэлсэн юм. ЭМЯ-ны албан мэдээнд Covid-19 халдварын эсрэг вакцины II тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон 1,3 сая хүн байна. Үүнээс 1.01 хувь буюу 14 мянган хүн халдвар авчээ.
Халдвар огцом өссөн шалтгаан нь сонгуулийн хөл хөдөлгөөн, амралт зугаалга болоод Ерөнхийлөгчийн сүүлийн нэг сарын турш өдөр өнжихгүй тараасан одон медалийн найр, цэнгүүний үр дагавар болохыг эрдэмтэн судлаачид хэлэх болсон. Цаашдаа халдварын тоо 4000-д хүрнэ гэсэн тооцооллыг тэд гаргасан бөгөөд “хөл хорих” саналтай байгаа. Түүнчлэн бүтэн нэг жилийн хугацаанд хөл, хил хорьсон Монгол Улс гамшигт бэлэн бус, цагаа тулахаар “гардан тулаанд” шалдан орж байна. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын нэрээр цугларсан гадаад, дотоодын хандивыг хэн юунд зарцуулсан шилэн мэдээлэл алга. Эрсдэлийн үед ажиллах нэгдсэн менежмент, зохион байгуулах ур чадвар, тооцоолол гээд Монголын төр засгийн чадамжийг цар тахал утгаар нь шалгаж байна.
Гэрийн эмчилгээний нөхцөлд ууж хэрэглэх эм, витамины үнэ нэмэгдэж, иргэдэд санхүүгийн ачаалал нэмэв. Эрүүл мэндийн сайдын ярьсан, хэлсэн бодит байдал дээр зөрж, Монголын эрх мэдэлтнүүд хэдий болтол иргэдээ “хуурч”, ковидгүй зуны төлөө гэж пиардах вэ. Засаг төрийн ажил шоу, энтертаймент байхаас илүү эрсдэлээ бодитойгоор тооцоолох цаг болсныг сануулах юун.
Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг гэдэг үгтэй. 400 гаруй хүний амийг авч одсон Covid-19-тэй холбоотойгоор гарч буй төрийн шийдвэр иргэдийн зовлон дээр зоолох ашиг хонжоо болж хувирсан уу. Энэ асуултад хариулт өгөхөөр “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна.
ЭХ СУРВАЛЖ 1
ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ХАНДИВЫН МӨНГӨ ХААЧИВ?
Энэ бол эрх баригчдад хамгийн түрүүнд тавих асуулт. Учир нь, цар тахлын үед ХӨСҮТ, ЭМЯ, УОК-т иргэд аж ахуйн нэгж болон гадаад улс орнуудаас багагүй хандив тусламж үзүүлсэн.
ХӨСҮТ-д нийт 157 аж ахуйн нэгж, хүн хувь, албан байгууллагаас гурван тэрбум 483 сая төгрөг хандивлажээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яаманд хандивласан бэлэн болон шилжүүлгээр орж ирсэн мөнгөн дүнг танилцуулахад нийт 106 аж ахуйн нэгж, хүн хувь, албан байгууллагаас 775 сая төгрөг цугларчээ. Мөн тус яаманд 108 аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд 3,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа, материал өгсөн байна.
Улсын онцгой комисст хандивласан бэлэн болон шилжүүлгээр орж ирсэн мөнгөн дүнгийн тайланг сонирхвол (2021 оны зургадугаар сарын 10-ны байдлаар) нийт 746 сая төгрөг цугларчээ. Харин 394 сая төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг УОК-т иргэд, аж ахуйн нэгж хандивлажээ. Өөрөөр хэлбэл, УОК болон ЭМЯ, ХӨСҮТ-д бараа материал, мөнгө гээд иргэд аж ахуйн нэгжээс 10 гаруй тэрбумын хандив цугларсан.
Цар тахалтай тэмцэхэд тусалж, дэмжих үүднээс АНУ-аас Монгол Улсад 50 ширхэг амьсгалын аппарат бэлэглэсэн. НҮБ-аас 293 сая төгрөгийн, ДЭМБ-аас 96 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл өгсөн.
Цар тахалтай тэмцэхийн тулд сургуулийн жаахан охин цуглуулсан мөнгөө хүртэл бэлэглэсэн. Харамсалтай нь, ард иргэдийн хандивын мөнгөөр нийслэлийн удирдлагууд өөрсдийгөө шагнаж урамшуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын дарга асан С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан билээ. Мөн "Транспэрэнси Интернэйшнл Монгол" төрийн бус байгууллагаас 300 сая төгрөгийн гүйлгээ хоёр байгууллага руу даатгал гэсэн нэр дор шилжсэн. Тиймээс энэ үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандсан, энэ бол мөнгө угаах эрсдэлд тооцогдож болзошгүй"-г өнгөрсөн 2020 онд сануулж байлаа.
Тиймээс төдийгөөс өдий хүртэл цугларсан хандивын мөнгө хаачив гэж иргэд сураглах, асуух эрхтэй. Эрх баригчид ч энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаараа хариулах ёстой юм.
Цар тахлын үед ХӨСҮТ, ЭМЯ, УОК-т цугласан хандивын тайлан
- ХӨСҮТ-ийн 2020, 2021 оны хандивын орлогын тайлан (2021 оны зургадугаар сарын 15-ны байдлаар)
Нийт 157 аж ахуй, хүн хувь, албан байгууллагаас 3,483,602,185.45 төгрөг цугларчээ.
- Эрүүл мэндийн яаманд хандивласан бэлэн болон шилжүүлгээр орж ирсэн мөнгөн дүнгийн тайлан (2020 оны тавдугаар сарын 20-ны байдлаар)
Нийт 106 аж ахуй, хүн хувь, албан байгууллагаас 775,061,068 төгрөг цугларчээ.
Эрүүл мэндийн яаманд хандивласан бараа бүтээгдэхүүний тайлан (2021 оны зургадугаар сарын 18-ны байдлаар)
Нийт 108 аж ахуй нэгж байгууллага, ард иргэдээс өгсөн 3,815,134,598 төгрөгийн үнэ бүхий бараа, материал хандивлажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү?
- Улсын онцгой комисст хандивласан бэлэн болон шилжүүлгээр орж ирсэн мөнгөн дүнгийн тайлан (2021 оны зургадугаар сарын 10-ны байдлаар)
Нийт 746,118,132 төгрөг цугларчээ.
Улсын онцгой комисст хандивласан бараа, материалын хандив
Нийт 394,936,175 төгрөгийн үнэ бүхий бараа, материал хандивлажээ.
ЭХ СУРВАЛЖ 2
ОНОШЛУУР ТОЙРСОН ОЛОН ЭРГЭЛЗЭЭ
Эрүүл мэндийн яам Covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур болон PCR төхөөрөмж худалдан авахад 2020-2021 оны зургадугаар сар хүртэл нийт таван удаа тендер зарлажээ. Хамгийн сүүлд буюу энэ оны зургадугаар сарын 16-нд “Эм, оношлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтад “Монгол фарм” ХХК, “Еврофарм”, “Азифарма”, “Пролианс”, “Монгол эм импекс концерн” гэсэн таван компани оролцжээ. Одоогоор тендерт шалгарсан компани тодроогүй байна.
ЭМЯ-ны захиалгаар зарласан тендер шалгаруулалтын улсын төсөвт өртөг нь хоёр тэрбум төгрөг байна.
Covid-19 халдвар дэгдсэн цагаас хойш Эрүүл мэндийн яамны оношлуур, PCR тоног төхөөрөмж худалдан авах тендерт “Лайфтроник" ХХК хамгийн олон шалгарчээ.
2020.02.11
“Шинэ Covid-19 халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” тендер шалгаруулалтад улсын төсөвт 4.1 тэрбум төгрөг суулгасан байна. Энэхүү тендерт "Лайфтроник" ХХК шалгарчээ.
2021.03.31
“Covid-19 халдварын урвалж, оношлуур худалдан авах” тендер шалгаруулалтад улсын төсөвт 3.2 тэрбум төгрөг суулгаж өгчээ. Тендерт "Пролианс" ХХК шалгарчээ.
2021.04.07
“Covid-19 халдварын урвалж, оношлуур худалдан авах” 3.2 тэрбум төгрөгийн тендерт "Лайфтроник" ХХК мөн л ялжээ.
Эрүүл мэндийн яамны шилэн дансны мэдээллээс харвал 2020 онд худалдан авсан барааны жагсаалтад бичсэнээр III, IV, XI сард оношлуур худалдан авчээ.
2020 оны гуравдугаар сар, “Covid-19 халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгсэл” нийлүүлэхэд шаардагдах 924 сая төгрөгийн тендерт шалгарсан компанийн бүртгэл алга.
Мөн түргэвчилсэн оношлуур худалдан авахад 399 сая төгрөгийн төсөв батлагдсан байна. Энэ оны дөрөвдүээр сард Covid-19 халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгсэл” нийлүүлэхэд шаардагдах 4.1 тэрбумын төсөвт өртөг бүхий тендерт оролцогч болон шалгарсан компани бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар, ПГУ шинжилгээний үндсэн оношлуур (Thermofisher) худалдан авах 1.3 тэрбумын тендер зарлагджээ.
ЭМЯ-аас "Илдэн-Гүн хошуу" ХХК-тай байгуулсан гэрээнд АНУ-д үйлдвэрлэсэн Covid-19 халдварын түргэвчилсэн 10 мянган ширхэг оношлуурыг нэгжийн үнэ 7700 төгрөгөөр тооцож худалдаж авчээ. Түүнчлэн “Итгэл Эрүүл мэнд” компаниас “Шинэ төрлийн Covid-19 халдварын үед шаардлагатай лабораторийн урвалж оношлуур нийлүүлэх” гэрээний дагуу 143 сая төгрөгийн оношлуурыг ЭМЯ худалдан авсан байна.
Эрүүл мэндийн яам түргэвчилсэн оношлуурыг өндөр үнээр худалдаж авсан болох нь шилэн данснаас харагдаж буй. Энэ оны гуравдугаар сарын 17-нд тендер шалгаруулалтад Covid-19 халдвар илрүүлэх ПГУ-ын оношлуурыг 2.7 тэрбум төгрөгөөр худалдан авчээ.
Үүнийг задалбал,
- Covid-19 халдвар илрүүлэх ПГУ-ын оношлуур 1,8 тэрбум төгрөгөөр
- Covid-19 халдвар илрүүлэх ПГУ-ын оношлуур 907 сая төгрөгөөр худалдан авчээ.
ЭМЯ-ны шилэн данснаас харахад нэгж үнэ нь хэдэн төгрөгийн оношлуурыг хэн, хэдийг нийлүүлсэн нь тодорхой бус мэдээлэл олон байна. Уг оношлуурыг хаана, хаана хуваарилсан, хэчнээн хүн оношилсон зэрэг мэдээлэл бүрхэг байх тусмаа иргэдэд хардлага, эргэлзээ ч төрүүлэх нь зүйн хэрэг юм.
ЭХ СУРВАЛЖ 3
АУДИТ: 899 САЯ ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТАА ЭМЯ ШИЛЭН ДАНСАНД МЭДЭЭЛЭЭГҮЙ
Covid-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг "Арбидол"-ыг зах зээлд ЭМЯ-нд нийлүүлснээс 43-46 хувиар илүү үнэтэй борлуулж байгаа талаар Үндэсний аудитын газрын тайланд дурджээ.
2021 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын А/240, А/276, А/352 дугаартай гурван удаагийн тушаалаар вирусийн эсрэг Умифеновир (худалдааны нэршил нь Афлюдол, Арбидол, Арбивир), Фавипиравир эм болон Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор нийт 15 компанид олгосон байна.
Эрүүл мэндийн яамнаас 2021 оны дөрөв болон тавдугаар сард эм ханган нийлүүлэх гурван компаниас нийт 1,1 тэрбум төгрөгөөр Умифеновир /Арбидол/ 200мг, 100мг вирусийн эсрэг эмийг 931 мянган ширхэг, хоёр байгууллагаас 449 сая төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын эмийг худалдан авах гэрээ байгуулжээ. Санхүүжилтийн гүйцэтгэл зургадугаар сарын 16-ны байдлаар 759 сая төгрөг буюу 48.2 хувьтай байна.
Эрүүл мэндийн яам 2021 онд Covid-19 халдварын эмчилгээнд хэрэглэх эм /Умифеновир, Фавипиравир болон Ремдесивир/-ийн 5 удаагийн худалдан авалтын буюу 899 сая төгрөгийн мэдээллийг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-т заасны дагуу ил тод мэдээлээгүйг аудитын дүгнэлтэд дурджээ. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын нийт 759 сая төгрөгийн 4 гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зөвлөмжийг аудитаас анхааруулсан байна.
ЭМЯ-ны зарласан тендерт шалгарсан “Мөнхийн тун” ХХК, “Ач үр” ХХК-иуд 726 сая төгрөгийн “Арбидол” эмийг нийлүүлжээ.
“Ач үр” ХХК нь 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлж тендерт оролцож ирсэн байдаг.
Тэгвэл 2020 оны арваннэгдүгээр сарын шилэн дансны тайланд гурван компани тендерт шалгарсан нь “Мөнхийн тун”, “Ач үр”, “Монгол эм импекс концерн” аж. “Монгол эм импекс концерн” компанитай гэрээ байгуулсан үнийн дүнг авч үзвэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг "Умифеновир" эм 1155 төгрөгөөр нийлүүлэгдэж байжээ.
ЭХ СУРВАЛЖ 4
АРБИДОЛЫГ ГУРВАН УЛСААС ИМПОРТЛОДОГ
Эмийн сангуудаар худалдаалагдаж буй Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43-46 орчим хувиар өндөр үнэтэй борлуулж байгааг аудитын дүгнэлтэд дурдсаныг бид өмнөх эх сурвалжид дурдсан. Covid-19-өөр хөнгөн өвдсөн хүмүүст хэрэглэхийг зөвлөж буй Умифеновир буюу Арбивир/Арбидол эмийг гурван улсаас импортолдог байна.
- Украин улсаас орж ирдэг, Арбивир /LLC Pharmaceutical company Zdorvye/ гэх эм нь 200мг-ийн тунтай, хайрцагтаа 10 капсул савалгаатай борлуулагддаг. Бөөний үнэ нь 21 мянган төгрөг бол жижиглэнгийн үнийн дээд хэмжээ нь 27,950 төгрөгөөр тогтсон.
- БНХАУ-аас оруулж ирдэг, Арбидол /Shijiazhuang №4 Pharmaceutical Co.Ltd/ эм нь 100мг-ын тунтай, 12 капсултайгаар борлуулагддаг. Бөөний үнэ нь 15 мянган төгрөг бол жижиглэнгийн үнийн дээд хэмжээ нь 19 мянган төгрөг болж тогтоосон.
- ОХУ-аас оруулж ирдэг Арбидол /Фармастандарт-Лексредства ОАО/ гэх эм нь 100мг-ын тунтай, 20 капсултайгаар борлуулагддаг. Бөөний үнэ нь 27,720 төгрөг бол жижиглэнгийн үнийн дээд хэмжээ нь 36 мянган төгрөг болж тогтсон байна.
Covid-19-ийн эсрэг хүнд болон хүндэвтэр өвдсөн хүмүүст зөвлөж, хэрэглэж буй Фавипиравир, Ремдесивир эм болон дусал гурван улсаас импортлогдон орж ирдэг.
Энэтхэг улсаас орж ирдэг Фавивир /hetero Labs Limited/ эм нь 200мг-ын тунтайгаар борлуулагдаж, бөөний үнэ нь 30 мянган төгрөг бол жижиглэнгийн үнэ нь 38 мянган төгрөг гэж тогтоожээ.
БНХАУ-аас импортлон оруулж ирдэг Авиган /Zhejiang Hisun Pharmaceutical Co.Ltd/ 200мг-ийн тунтайгаар борлуулагддаг бөгөөд бөөний үнийн дээд хэмжээг 142 мянган төгрөг гэж тогтоосон бол жижиглэнгийн үнийг 190 мянган төгрөг гэж тогтоожээ.
- Ремдесивир /advanced chemical industries Ltd/, Рамдивир /Popular Pharmaceuticals Ltd хоёр дусал нь 100мг-ын тунтайгаар борлуулагддаг. Бөөний үнэ нь 140,000 төгрөг, жижиглэнгийн үнийн дээд хэмжээ нь182,000 төгрөгөөр тогтсон байна.
ЭХ СУРВАЛЖ 5
ШӨХТГ: “Арбидол” эмийг нэг удаагийн тусгай зөвшөөрлөөр импортлож байна
Иргэдээс Covid-19-ийн халдвар авсан үед ууж хэрэглэх эмийг импортлогчид ашиг хонжоо олох үүднээс үнийг нь хөөрөгдсөн байж болзошгүй гэх гомдол гаргаад байгаа. Тиймээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулсан юм.
-Эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газраас ШӨХТГ-тай хамтарсан хяналт шалгалт хийж, хөндлөнгийн хяналт тавих хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн. Хяналт шалгалтыг хийж дууслаа. Нэр бүхий УИХ-ын гишүүн Арбидол эмийг 6000 төгрөгөөр зардаг байсан гэж мэдээлсэн. Шалгалтын үр дүнд цар тахалтай холбоотойгоор Арбидол гэдэг эмийг 6000 төгрөгөөр худалдаалж байгаагүйг тогтоосон. Энэ эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд нэг удаагийн тусгай зөвшөөрлөөр импортлон оруулж ирж байгаа. Хяналт шалгалтаар нийт 14 аж ахуйн нэгж, бусад холбогдох эмийн сангуудаар төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Жишээлбэл, “Монос фарм” компани Арбидол эмийн 100 мл, хайрцгандаа 20 ширхэгтэй эмийг импортоор 20080 төгрөгөөр оруулж ирдэг юм байна. Албаныхан гаалийн үнэ гэдгийг тайлбарлахдаа үйлдвэрийн үндсэн үнэ гэж хэлсэн. Хайрцгандаа 20 ширхэгтэй эмийн нэг ширхэг нь 1004 төгрөг гэсэн үг. Энэ эмийг “Монос” компанийн эмийн сангууд руу 27720 төгрөгөөр нийлүүлжээ. Бусад эмийн сан руу бөөний үнээр 31500 төгрөгөөр нийлүүлдэг юм байна. Тэгээд “Монос”-ын эмийн сангуудаараа жижиглэнгийн үнээр худалдаалахдаа 38800 төгрөгөөр худалдаалж байна. Бусад эмийн сангаар 38-43 мянган төгрөгөөр худалдаалж байна.
“Ач үр”, Мөнхийн тун” гэдэг хоёр компанитай хамааралтай 700 гаруй сая төгрөгийн асуудал хөндөгдсөн. Энэ мэдээлэл нь шилэн дансанд тайлагнасан учраас худалдан авалт хийсэн нь үнэн. Шилэн дансанд тайлагнасан төсвөөрөө бүх эмээ нийлүүлчихсэн юм байна. “Ач үр” компани арай илүү хэмжээтэй оруулж ирсэн эмээ эмийн сангуудаар худалдаалж байгаа. Тендерээр авсан эмүүдээ Эрүүл мэндийн яам эмнэлгүүд рүү нийлүүлж, Covid-19 халдвартай өвчтөнүүдэд өгч байгаа. Хяналт шалгалт хийхэд Арбивир /Арбидол / буюу 200 мл хайрцгандаа 10 ширхэгтэй эмийг импортоор оруулж ирсэн. Энэ эмийн гаалийн үнэ нь 8300 төгрөгийн үнэтэй. Энэ үнэд тээвэр бусад зардал ороогүй гэсэн үг. Харин тендерт 17990 төгрөгөөр олгогдож байгаа юм билээ. Энэ эмийг бөөний үнээр 17900-23400 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа юм байна. Жишээлбэл, “Монос” компанийн эмийн сангуудаар тус эмийг 29 мянган төгрөг, бусад эмийн сангаар 29-38 мянган төгрөгөөр зарж байна. “Мөнхийн тун” компанийн 13 салбар эмийн сангаар 32 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Бид “Ач үр” компанийн худалдаалж буй Арбивир эмийг 18 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахгүй байх шаардлага хүргүүлсэн. Нийтдээ хяналт шалгалтаар Арбидол, Арбивир, Афлодол гээд гурван төрлийн эмийг шалгасан.
ЭХ СУРВАЛЖ 6
ИМПОРТЛОГЧДЫН ТАЙЛБАР
“Монос Улаанбаатар” компанийн Арбидол, Амоксиклав 625 мг, Цайр 20 мг, Витамин Д3-4000 тай, Витамин С 1000 тай, Виферон лааны үнийн мэдээллийг 2019, 2020 он болон 2021 оны байдлаар сар сараар нь импортлогчдоос гаргуулж авсан байна. Мөн Витамин С, Витамин Д3-ын үнэд 2021 он гарснаас хойш өөрчлөлт ороогүйг импортлогчид хэлж байна. Арбидол эмийн хувьд нэг төрлийн Арбидол зарж байгаа бөгөөд ингэхдээ 2021 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл 10 ширхэгтэйг, тавдугаар сараас одоог хүртэл 20 ширхэгтэйг худалдаалж байгаа аж.
Үнийн хувьд 10 ширхэгтэй Арбидолыг 18852 төгрөгөөр авч, 25800 төгрөгөөр худалдаалсан. 20 ширхэгтэй Арбидолыг 27710 төгрөгөөр авч 38800 төгрөгөөр худалдаалж байжээ.
“Ач Үр” компанийн хувьд Эрүүл мэндийн яамнаас зарласан тендерт ялж, Арбидол /Арбивир/ эмийг 17999 төгрөгөөр нийлүүлжээ. Нөөцийн хувьд хангалттай байгаа бөгөөд зургадугаар сарын 16-ны байдлаар 18900 хайрцаг байна гэжээ. Сүүлийн 3-5 өдөр захиалга эрс нэмэгдсэн гэдгийг хэлсэн байна. Тодруулбал, өөрийн гурван эмийн сантай бөгөөд 29000 төгрөгөөр борлуулж, бусад эмийн сангуудад 23400 төгрөгөөр нийлүүлдэг гэх тайлбар хэлжээ.
“Мөнхийн тун” компанийн хувьд Арбидолыг 2020 оны арваннэгдүгээр сард 100 мг, хайрцгандаа 10 ширхэгтэйг импортоор оруулж ирж, Эрүүл мэндийн яаманд шууд худалдан авалтаар нийлүүлжээ.
2021 оны тавдугаар сард Арбивир 100 мг эмийг импортоор оруулж ирж бүгдийг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас зарласан тендерийн дагуу нийлүүлсэн гэжээ. Мөн Арбивир 200 мг эмийг 5000 хайрцаг оруулж ирснээс 3832 хайрцгийг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт нийлүүлж үлдэгдэл 1300 хайрцгийг өөрийн 13 эмийн сангуудаар 32 мянган төгрөгөөр тавдугаар сараас хойш худалдаалж байгаа юм байна. Одоо 776 хайрцаг эм үлджээ.
ЭХ СУРВАЛЖ 7
ЭМ ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТЭД ОЛГОДОГ
Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз олгохдоо Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгодог. Эмийн зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга гэсэн нийт 17 гишүүнээс бүрдэх бөгөөд мэргэжлийн дөрвөн салбартай.
Мэргэжлийн салбаруудын зөвлөл нь зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаас гадна зургаан гишүүнээс бүрдэнэ. Хүний эмийн зөвлөлийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн үндсэн зорилго нь оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанартай холбоотой аливаа асуудал болон тэдгээрийн стандартын төсөлд санал дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэх аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 2021 оны гуравдугаар сарын 19-нд хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.
Үүнд:
- Зөвлөлийн дарга Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг
- Орлогч дарга эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан
- Нарийн бичгийн дарга-Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуул
Гишүүд:
- ЭМЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр
- ЭМЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын судалгаа төлөвлөлтийн хэлтсийн эм, эмнэлгийн хэрэгслийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан шинжээч Ч.Амаржаргал
- ЭМЯ-ны эм зүй, эм судлалын ерөнхий мэргэжилтэн Д.Энхжаргал
- Анагаах ухааны дотор судлалын ерөнхий мэргэжилтэн Ц.Сарантуяа
- ЭМЯ-ны хүүхэд судлалын ерөнхий мэргэжилтэн З.Баясгалантай
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баярмаа
- Шинжлэх ухааны академи, Монголын анагаах ухааны академийн гишүүн академич, эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж
- Вирус судлалын нийгэмлэгийн дэд тэргүүн, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ эм зүйн сургуулийн захирал С.Пүрэвсүрэн
- АШУҮИС-ийн биоанагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар
- “Оточ Манрамба” дээд сургуулийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц
- АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал
- Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны удирдах зөвлөлийн гишүүн эм зүйн ухааны доктор О.Дамба
- Хүний эмийн зөвлөл нь мэргэжлийн дөрвөн салбарын нэг болох Эм зүйн салбар зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн эм зүйн сургуулиийн эмийн хими, ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, эм зүйн ухааны доктор, дэд профессор Х.Даариймаа
- Эм судлалын салбар зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн биоанагаахын сургуулийн эм судлалын тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Д.Нарантунгалаг
- Биобэлдмэл, оношлуурын салбарын зөвлөлийн дарга Цус сэлбэлт үндэсний төвийн чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор Т.Алимаа
- Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан
Эдгээр хүмүүс Монгол Улсын хүн амын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг сонгох, эмзүйн салбарын бүтэц, үйл ажиллагаа болон эмнэлгийн хэрэгслийн стандартын төсөл, шинээр бүтээгдсэн эмийг хэрэглээнд гаргах талаар дүгнэлт гаргах эм биологийн идэвхт бүтээгдэхүүн оношлуурыг бүртгэх эмийн гаж нөлөө болон зах зээлийн дараах тандалт судалгааны дүнг хэлэлцэж, хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг аж.
Тус зөвлөлөөс "Арбидол" (ОХУ-д үйлдвэрлэсэн) эмийн жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 36000 төгрөг, бөөний үнийг 27720 мянган төгрөгөөр борлуулах юм. Мөн БНХАУ-аас импортлож буй "Арбидол" эмийн жижиглэнгийн үнийг 15000 төгрөг, бөөний үнийг 19500 төгрөг байхаар зохицуулсан талаар өнгөрсөн Баасан гаригт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭЦЭГСАЙХАН мэдээлсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ 8
ОЛОН УЛСАД COVID-19-ИЙН ЭСРЭГ ЯМАР ЭМ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ВЭ?
"Арбидол" нь вирусийн эсрэг үйлчилгээтэй эм бөгөөд ОХУ-д 1980-аад оноос эхлэн үйлдвэрлэж байна. Тус эмийг ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад өргөн хэрэглэж байгаа бол АНУ, Европын холбооны эмийн байгууллагуудад бүртгэгдээгүй эм юм байна. Гэсэн ч зарим улсын зах зээлд бүртгэлгүй зарагддаг аж.
РЕМДЕСИВИР:
-АНУ-ын эм үйлдвэрлэлийн том компани “Gilead Sciences”-ийн Эболаг эмчлэхэд зориулж үйлдвэрлэсэн “Remdesivir” эмийг covid-19-ийн эсрэг хамгийн үр дүнтэй хэмээн үзэж, дэлхий нийтээр эмчилгээндээ ашиглаж байна. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг энэ оны тавдугаар сарын 1-нд Remdesivir эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон билээ. Энэ эм Энэтхэгт хамгийн эрэлттэй байгаа бөгөөд Делигийн хар зах дээр худалдаалагдаж эхлээд богино хугацаанд дуусчээ. Япон улсын Эрүүл мэндийн яам болон Европын холбоо уг эмийг яаралтай горимоор зөвшөөрөл олгосон. Гэхдээ ДЭМБ-ын зүгээс уг эмийг зөвлөхгүй байгаа юм.
ФАВИПИРАВИР:
-Favipiravir нь “Фүжифилм Тоямасайэнсү” компанийн үйлдвэрлэсэн томуугийн эсрэг үйлчилгээтэй эм. Анх 2014 онд Япон улсын холбогдох байгууллагаас тодорхой хязгаарлалттай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан байна. Covid-19-ийн эхний үед хэрэглэснээр үр дүнтэй нь тогтоогдсон байна. Ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлөх магадлалтай тул жирэмсэн өвчтөнд хэрэглэхийг хязгаарласан байна.
ДЕКСАМЕТАЗОН:
-Covid-19-ийн эмчилгээнд дексаметазон эмийг зөвхөн эмчийн хяналтан дор, аль эсвэл халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрсэн үед хэрэглэхийг ДЭМБ зөвлөсөн. Учир нь энэ эм нь урьдчилан сэргийлэхэд зориулагдсан бус үрэвслийн эсрэг маш хүчтэй эм аж. Дексаметазон нь халдвар авсан өвчтөнүүдийн нас баралтыг бууруулах боломжтойг энэхүү судалгаа харуулжээ. Японы Эрүүл мэндийн яам “дексаметазон” эмийг covid-19-өөр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглахыг өнгөрсөн онд зөшөөрсөн юм.
Оксфордын их сургуулийн судлаачдын ахлан явуулсан туршилтын үеэр “дексаметазон” уулгасан 2000 орчим өвчтөний биеийн байдлыг эм уугаагүй 4000 гаруй өвчтөнтэй харьцуулахад, хиймэл амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 40 хувиас 28 хувь хүргэж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 25 хувиас 20 хувь хүргэж бууруулжээ.
БАМЛАНИВИМАБ БОЛОН REGN-COV2 КОКТЕЙЛЬ:
-Сүүлийн үед эсрэг бие дээр суурилсан хоёр эм нь Covid-19-ийн эмчилгээ амжилтад хүрэх найдвар төрүүлж байна. Eli Lilly эмийн компанийн гаргаж авсан Бамланивимаб болон Regeneron Pharmaceuticals компанийн үйлдвэрлэсэн REGN-COV2 коктейль нь хоёулаа Сovid-19-ийн хөнгөн болон хүнд хэлбэр рүү орох эрсдэлтэй, дунд хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн эмчилгээнд яаралтай горимоор хэрэглэх заалттайгаар өнгөрсөн онд АНУ-д батлагдсан. REGN-COV2 эмийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эмчилгээнд хэрэглэсэн байна.
Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Герман улс дээрх хоёр эмнээс 200 мянган тунг 400 сая еврогоор худалдаж авснаа мэдэгджээ.
Бамланивимаб болон REGN-COV2 нь хоёулаа эсрэг бие нь спайк уураг эсэд очиж, вирус биед нэвтрэхээс хамгаалдаг идэвхгүй вакцины үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр эмийг өвчтөнүүд эсрэг бие үйлдвэрлэж эхлээгүй байгаа өвчний эхний үе шатанд ашиглах нь хамгийн үр дүнтэй.
ФАВИЛАВИР БУЮУ АВИГАН:
-Фавилавир идэвхитэй бодисыг агуулсан Авиган нь 2014 онд Японд томуугийн эсрэг болон одоо байгаа мэдээллээр РНХ вирусийн эсрэг үр дүнтэй хэмээн бүртгэгдсэн эм. 2014 онд уг эмийг Эбола вирусийн эмчилгээнд ашиглажээ.
Цар тахал гарахаас өмнө Авиган эм Японд ханиад томууны эсрэг бусад эмнээс ялгарахгүй, чөлөөтэй худалдаалдаггүй, харин цар тахал гарсан тохиолдолд Засгийн газрын захиалгаар үйлдвэрлэх нөөц эм байжээ. Авиганыг 2020 оны хоёрдугаар сараас Японы эмнэлгүүдэд covid-19 халдвартай хүмүүсийг эмчлэхэд хэрэглэж эхэлсэн. Судалгаанаас харахад энэ эм нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд үр дүнтэй бол хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст үр дүн тааруу аж.
2021 оны хоёрдугаар сарын байдлаар Авиган эмийг Хятад, Энэтхэг улсуудад баталжээ. ОХУ-д Авифавир гэх худалдааны нэршилтэйгээр худалдаалагдаж байна.
NEWS TEAM
Холбоотой мэдээ