Covid-19 цар тахал олон талаар улс орнуудад сорилт болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсын эрдэмтэд бүх хурдаараа цар тахлын үүслийг тодорхойлж, өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх аргыг эрэлхийлсэн. Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар эрдэмтэд богино хугацаанд Covid-19-ийн эсрэг вакцин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчлэх аргыг оллоо. Үүний ачаар олон оронд цар тахлын тархалт саарч, олон сая хүнийг эндэхээс аварч байна.
Гэвч зарим оронд олон мянган хүн цар тахлаар биш, муу удирдагчийн буруу шийдвэрээс болж амь насаараа хохирч байна. Тухайлбал, Бразилын Ерөнхийлөгч цар тахлыг энгийн ханиадтай адилтгаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан амны хаалт зүүх, зай барих, гараа ариутгах зэрэг халдвараас сэргийлэх наад захын заавар зөвлөмжийг үл тоож, ард иргэддээ ч буруу мэдээлэл өгч байна. Цар тахлаар нас барсан иргэдээ оршуулах газаргүй болтлоо өвчинд нэрвэгдсэн Бразилд өдгөө ойр дотны хүнээ Covid-19-өөр алдаагүй хүн үлдээгүй аж. Өмнөд Америк тивийн нийт хүн амын бараг тал хувь нь амьдардаг Бразилд өнөөдөр хагас сая гаруй хүн Covid-19 ийн улмаас нас барж, 17 сая гаруй хүн өвчлөөд байна. Тус улсад халдварын тархалт энэ хэвээр үргэлжилбэл удахгүй нийт тоогоороо Энэтхэг, АНУ-ыг гүйцэж түрүүлэх шинжтэй. Бразилд нас баралт зургаан сарын өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэнийг мэргэжилтэнүүд мэдэгджээ.
Бразилд вакцинжуулалт удаашралтай байгаа бөгөөд Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлын эсрэг тэмцэлд нэмэр болох бус нэрмээс болж байна. Тус улсад цар тахлын халдвараас сэргийлэх бүх нийтийн хөл хорио тогтоогүй бөгөөд хүн амын дөнгөж 11.4 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ. Улмаар Бразилын эсрэг дэлхийн 100 гаруй орон хилээ хааж, хязгаарлалт тогтоосон нь тус улсыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж байгааг Гадаад хэргийн сайд нь мэдээлжээ.
Ерөнхийлөгч Болсонарог эсэргүүцсэн ард түмний жагсаал цуглаан Бямба гаригаас Сао-Пауло, Рио-де-Жанейро, Бразилиа, Сальвадор, Ресифе зэрэг олон хотод өрнөж эхэлжээ. Жагсагчид халдвар авах эрсдэлээс үл эмээн, вирусээс ч илүү аюул заналхийлэл болсон Засгийн газрынхаа эсрэг тэмцэж буйгаа олон улсын сурвалжлагч нарт учирлажээ. Ерөнхийлөгч Болсонаро Covid-19-ийн шалтгаант нас баралт 500 мянга давсан өдөр ард түмэндээ хандан эмгэнэлийн ганц өгүүлбэр хэлээгүй атлаа олон нийтийн сүлжээнд жагсаалын эсрэг ажиллаж буй цагдаа нарт урам өгөх пост оруулсан аж. Бразилын 26 хотын 22-т нь эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.
БРАЗИЛЫН АЛДАА
Пелотас холбооны их сургуулийн (UFPel) тархвар судлаач, профессор Педро Халлаллын мэдээлснээр Засгийн газраас хөл хорио тогтоох зэрэг халдварын тархалтыг хязгаарлахад шаардлагатай арга хэмжээг аваагүй нь нас баралт өсөхөд хүргэжээ. ДЭМБ-аас вирусийн халдварыг “Covid-19” цар тахал гэж зарласнаас хойш Бразилын Ерөнхийлөгч Болсонаро 84 удаа олон нийтийг бөөгнөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулж, өөрөө олонх тохиолдолд амны хаалт ч зүүлгүй оролцжээ. Түүнчлэн орон даяар халдварыг оношлох, маршрут гаргах, тусгаарлах зэрэг дагаж мөрдөх протоколыг маш хангалтгүй хэрэгжүүлсэн аж. Наад захын заавар зөвлөмж, протоколыг дагаж мөрдсөн бол Бразилд таван нас баралт тутмын дөрвийг нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж Педро үзэж байна.
Өдгөө Бразилын парламентын хяналтын хорооноос Болсонарогийн Засгийн газар санаатайгаар вакцинжуулалтыг саатуулж, хойрго хандсан эсэхийг шалгахаар ажиллаж эхэлсэн байна. Харин Болсонаро болон түүнийг дэмжигчид Сенатын мөрдөн шалгах ажиллагааг Засгийн газрын үйл ажиллагааг сулруулахад чиглэсэн хэмээн буруутгажээ. Парламентын хяналтын хорооны эхний шалгалтаар Бразилын Засгийн газар Covid-19-ийн эсрэг үр дүнтэй вакцин гаргаж авсан "Файзер" компаниас ирүүлсэн 81 е-мэйлийг үл тоосон нь илэрсэн байна. "Файзер" компани өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Засгийн газарт тавьснаас хоёр дахин хямд үнээр Бразилд вакцин нийлүүлэх санал тавьсан байжээ. Түүнчлэн Болсонарогийн Засгийн газар олон улсад халдварын эсрэг үр дүнтэй нь батлагдсан эм, эмчилгээний аргыг бус баталгаагүй эмийг баталж, сурталчилж байгааг ч мөн шалгаж байна.
Үүний зэрэгцээ Бразил нь нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой нөхцөл байдалд орсон атлаа Өмнөд Америкийн хөлбөмбөгийн “Копа Америка” тэмцээнийг зохион байгуулах санал гаргажээ. Тус тэмцээнийг Аргентин, Колумб улсууд зохион байгуулахаас татгалзсан аж. Үндэсний хөлбөмбөгийн багууд нь хүртэл тус тэмцээнийг бойкотлож байхад Болсонаро л зохион байгуулахаар зөрүүдэлжээ. Хөлбөмбөгийн тэмцээнд оролцохоор олон улсаас тамирчид, холбогдох хүмүүс ирснээр вирусийн мутациуд Бразилд тархаж байгааг тус улсын шинжлэх ухаанчид халаглан ярьжээ.
Халдварын давлагаа бүр хоорондоо адилгүй. Халдварын гурав дахь давлагаа эхэлснээр нийслэл хотод эрчимт эмчилгээний орны 80 хувь нь дүүрчээ. Хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахгүйгээр Бразилд хүн амын 40 хувийг вакцинжуулах хүртэл нас баралт энэ хэвээр үргэлжилнэ гэдгийг эрдэмтэд тооцоолсон байна. Гэтэл Бразилийн хамгийн олон хүн амтай Сао-Паолу мужид Лхагва гаригаас сургуулиудыг нээхээ зарлажээ.
Холбоотой мэдээ