Засгийн газар вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулж, 50 мянган төгрөг олгож буй. Вакцинжуулалт үргэлжилж байгаа ч иргэдийн идэвхи оролцоо буурсан тул ийнхүү урамшуулахаар болсныг Сангийн яам өнгөрсөн сард мэдэгдэж байв. Салбарын сайд Б.Жавхлан "Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа" гэж Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдааны үеэр мэдэгдэж байв. Энэ дагуу вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд тавдугаар сарын 6-наас урамшууллын мөнгөө авч эхэлсэн билээ. Мөн удалгүй вакцины эхний тунгаа тариулсан иргэдэд ч 50 мянган төгрөг олгохоор болсон юм.
Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь нь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо бий.
Тэдний 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөг авчээ. Өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв.
Энэ талаар тус яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн бүрт вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг дансаар олгоход ямар ч асуудалгүй. Өмнө нь 300 мянган төгрөг олгосон данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгоно” гэсэн юм.
Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18 насныхан. Статистик мэдээллээр, 10-14 насны 299512, 5-9 насны 388928, 0-4 насны 381639 хүүхэд бий. Цар тахлын үед эрсдэлд байгаа хүүхдүүдээс эхний ээлжинд ийнхүү 16, 17 настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн бол удалгүй 12 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар төлөвлөөд буй.
ИРГЭДИЙН 98.9 ХУВЬ НЬ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨ АВЧЭЭ
Иргэдэд вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг олгохоос өмнө Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-нд хөл хорио тогтоохтой зэрэгцэн 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөг олгож эхэлсэн юм. Энэхүү мөнгийг Оюутолгойн татварын орлого болох нэг их наяд төгрөгөөс тарааж байгааг Засгийн газраас мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 3.3 сая иргэн буюу 98.9 хувь нь 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгээ авчээ.
Сангийн яамнаас мэдээлснээр 3.379.025 хүнд 300 мянган төгрөг олгох ёстой. Үүнээс 3.368.106 иргэний данс руу мөнгө шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт дансны мэдээлэл нь шинэчлэгдсэн 2790 хүн 300 мянган төгрөгийн дэмжлэгээ авсан байна. Мөн дансны мэдээлэл зөрүүтэй, е-баримтад холбогдоогүй зэрэг шалтгааны улмаас 139 хүний мэдээлэл буцжээ.
Үүнтэй адил олон шалтгаанаар өнөөдрийг хүртэл 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгээс хоцорсон олон хүн бий. Гэхдээ харилцдаг банкны дансаа е-баримт системд бүртгүүлж шинэчилснээр 300 мянган төгрөгөө авах бүрэн боломжтой бол хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний дансаар 300 мянган төгрөг олгосныг холбогдох албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Засгийн газар иргэддээ мөнгө тарааж буйг эдийн засагчид тийм ч оновчтой шийдвэр биш хэмээн үзэж буй. Тухайлбал, хүн бүрт 300 мянган төгрөг олгох нь хөл хорионы хугацаанд 14 хоног айл өрхийг хоосон хонуулахгүй ч нэг удаад олгож буй олговрууд өрхийн төсөвт бодит дэмжлэг үзүүлдэггүй болохыг хэлж байсан билээ.
Холбоотой мэдээ