Өдрийн тойм: Госэнсийн мэдэгдэл, Испани, Францын харуусал

Хуучирсан мэдээ: 2021.06.20-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм: Госэнсийн мэдэгдэл, Испани, Францын харуусал

Өдрийн тойм: Госэнсийн мэдэгдэл, Испани, Францын харуусал

Үхлийн хэсгийн өрсөлдөөн өчигдөр/2021.06.19/ тун сонирхолтой өрнөж, төсөөлөөгүй тоглолтуудыг бид таалан соёрхлоо. Мөн эхний тойрогт оноо авч чадаагүй Польш, гоолгүй тэнцээд байсан Испанийн шигшээ багууд хэсгээс гарах боломжоо авч үлдэхийн төлөөх ширүүн тоглолтыг тус тус өрнүүлсэн.

Хэсгийн хүчтэй өрсөлдөгч Германыг буулган аваад байсан Францчууд Будапешт хотод талбайн эзэд Унгарын эсрэг тоглосон. Португалтай тун сайн тоглосон ч сүүлийн арван минутад гурван гоол алдаж хожигдсон Унгар энэ удаа чанартай тоглолтыг үзүүлэв. 

Тоглолтын эхний хагаст францчууд хэд хэдэн боломжийг үүсгэсэн ч гоол болгож чадаагүй. Үүний хариуг нь тоглолтын эхний хагас дуусч байх мөчид Унгарын Аттила Фиола барьж тоог нээсэн юм. Францчууд хэрвээ энэ байдлаараа Унгарт хожигдсон бол хэсгийн байдал тун эвгүй болж ирэх байлаа. Гэвч багийн довтолгооны лидерүүдийн нэг Антуан Гриззманн 66 дахь минутад тоог тэнцүүлж франчуудыг хожигдлоос аварсан байна. Энэ тоглолтод дахиж гоол ороогүй бөгөөд унгарчууд тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаас ийнхүү нэг оноо салгаж хэсгээс гарах боломжоо хадгалж үлдэж чадлаа.

Үүний дараа Германы шигшээ баг хэсгээс баттай гарах боломжоо хадгалж үлдэхийн төлөө Португалын шигшээ багтай тоглосон. Өмнөх тоглолтод хэсгийн хүчтэй өрсөлдөгч Францад хожигдсон германчууд Португалд хожигдвол хэсгээс гарах нөхцөл байдал хүн болох байлаа.

Тоглолтыг португалчууд өөрсдийн хүссэн үр дүнгээс эхлүүлсэн бөгөөд Бэрнардо Силвагийн эхлүүлсэн довтолгоо, Жотагийн дамжуулалт, Роналдугийн төгсгөлөөр португалчууд эхний гоолыг оруулсан. 

Гэвч тэдний тэргүүлэл удаан үргэлжлээгүй бөгөөд эхний хагас дуусахаас өмнө хоёр гоолыг португалчууд өөрийн хаалганд оруулсан байна. Эхний гоолын дамжуулалтыг Аталантагийн зүүн жигүүр Госэнс өгсөн бөгөөд Рүбэн Диас өөрийн хаалганд оруулсан. Энэхүү гоол нь өмнөх тойрогт Германы Хүммэлс өөрийн хаалганд гоолдсонтой бараг л ижилхэн гоол байлаа.

Түүний дараа мөн л Госэнсийн эхлүүлсэн довтолгоо амжилттай болж Киммихийн дамжуулсан бөмбөгийг Рафаэл Гэрроро өөрийн хаалганд оруулжээ. Хоёр гоол дээр Госэнсийн зүүн жигүүрийн цөмөрсөн тоглолт, хэрэгтэй дамжуулалт, Кай Хавертцийн ашигтай гүйлтүүд чухал нөлөө үзүүлсэнийг онцолъё.

Хоёрдугаар хагас мөн л ижил дүр зургаар явагдсан. Довтолгооны хүчтэй бүрэлдэхүүнтэй ч хамгаалалтад зонхилсон тактиктай португалчууд хожигдож яваа үедээ довтолгооны санаачилгыг авахад тун хүнд байлаа. 

Улмаар Госэнсийн гайхамшиг хоёрдугаар үед ч үргэлжилсэн ба Госэнс дамжуулж Кай Хавэртц гоолдож, дараа нь Киммих дамжуулж Госэнс мөргөж гоолдсоноор германчууд итгэл төгс тэргүүллийг олж авсан юм. Үүний дараа Португалаас Жота тоог ойртуулсан ч ахиж гоол оролгүй байсаар германчууд үхлийн хэсгийн чухал тоглолтод өрсөлдөгчөө илүүрхлээ. 

Португалчууд хожигдож байхдаа Бэрнарду Силва, Бруну Фернандэш зэрэг чухал тоглогчдоо суулгасан гэдгийг онцолъё. Мөн Германаас бүх гоолд оролцсон Госэнсийг 61 дэх минутад буюу гоол оруулсаных нь дараа шууд суулгасан байна.

Өчигдрийн сүүлийн тоглолт E хэсгийн Испани болон Польшийн багуудын хооронд явагдаж 1:1 харьцаатайгаар өндөрлөлөө. Аль аль багийн хувьд өмнөх тойргоос олигтой оноо авч чадаагүй тул энэ тоглолтод хожигдсон багийн хувьд байдал тун хүнд болох байв. 

Тоглолтын эхлэлийг испаничууд сайн тавьж өмнөх тоглолтод шүүмжлүүлээд байсан Мората гоолдсон байна.

Өмнөх тоглолтод чанартай довтолгоог үзүүлсэн испаничууд гоол хийж чадаагүй. Тэгвэл энэ удаад хоёр довтлогчоо хоёуланг нь буюу Мората, Морэно нарыгаа хамт гаргасан нь сонирхолтой хариу үйлдэл байв. 

Эхний үеийг хожигдож дуусгасан польшууд хоёрдугаар үед багийн ахлагч Роберт Левандовскигийн мөргөж оруулсан гоолын ачаар тоглолтыг тэнцүүлж чадсан. Ямартай ч шигшээ багтаа том тоглолтод, том тэмцээнд бага гоол оруулдаг гэж шүүмжлүүлж байсан Левандовски шигшээ багтаа тун хэрэгтэй гоолыг авчирсан нь энэ байв.

Харин Левандовскигийн гоолоос дөрвөн минутын дараа Морэно багтаа торгуулийн цохилтыг багтаа авчирч өөрөө торгуулийн цохилтоо цохисон боловч харамсалтай нь алдсан. Шон оносон бөмбөгийг Мората нэмэх боломжтой байсан ч мөн алдсан байна. Ийнхүү Испанийн хоёр мэргэн буучийн хувьд хэцүүхэн өдөр болж өнгөрөв. Улмаар хоёр баг дахин гоол хийлгүй явсаар тэнцээгээр тоглолт өндөрлөжээ.

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж