Лавров, Шойгу нарыг Төрийн Думын сонгуульд нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.20-нд нийтлэгдсэн

Лавров, Шойгу нарыг Төрийн Думын сонгуульд нэр дэвшүүлэв

Лавров, Шойгу нарыг Төрийн Думын сонгуульд нэр дэвшүүлэв

ОХУ-д ирэх намар болох парламентын сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигчдийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар тэргүүлэн оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх парламентын сонгуульд тэднийг нэр дэвшүүлсэн нь Нэгдсэн Орос намыг дэмжигчдийг нэмэгдүүлэх зорилготой аж. Лавров, Шойгу нар нь сайдын албан тушаалынхаа хүрээнд ОХУ-ын ард иргэдийн дунд нэр хүндтэй.

ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Думын бүх 450 гишүүнийг сонгох сонгууль ирэх есдүгээр сарын 19-нд болох юм. Энэ сонгууль нь Владимир Путины 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх мэдэл, засаглалаа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Өдгөө 68 настай Владимир Путин сүүлийн 20 гаруй жил Орос орныг удирдаж байна. Тэрбээр өнгөрсөн жил ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх замаар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо нээснээр 2036 он хүртэл Кремльд суух боломжтой болсон.

Харин Нэгдсэн Орос намын дарга Дмитрий Медведев нэр дэвшигчдийн жагсаалтад байхгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан Дмитрий Медведев өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард Засгийн газрын тэргүүнээс огцорсноос хойш олны хараанаас алгуурхан хөндийрсөн юм. Тэрбээр өдгөө Үндэсний аюулгүй байдлын дэд даргын албан тушаалыг хашиж буй.

Нэгдсэн Орос нам Путины эрх мэдлийн цөм төдийгүй, тус улсын улс төрд давамгайлдаг ч сүүлийн жилүүдэд дэмжигчдийнх нь тоо буурчээ. Тухайлбал, Левада төвийн өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан судалгаагаар ирэх намрын сонгуульд оролцогчдын 42 хувь нь Нэгдсэн Орос намыг дэмжихээ илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж