Монгол Улс Covid-19 халдварын нийт тоогоор Хятадыг давлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.20-нд нийтлэгдсэн

Монгол Улс Covid-19 халдварын нийт тоогоор Хятадыг давлаа

Монгол Улс Covid-19 халдварын нийт тоогоор Хятадыг давлаа

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсад Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны албаныхан өнгөрсөн хугацаанд тогтоосон олон удаагийн хөл хорио, вакцинжуулалттай холбоотойгоор энэ зургадугаар сарын 15-аас халдвар буурна хэмээн мэдэгдэж байв. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо зургадугаар сарын 15-аас хойш 2000 даваад байна.

Өдгөө улсын хэмжээнд Covid-19-ийн нийт бүртгэгдсэн халдварын тоо 93,551 болж, Хятад улсыг давлаа. Халдвар анх гарсан Хятад улсад нийт халдварын тоо өнөөдрийн байдлаар 91,587 байна.

Халдварын тоо огцом өссөнд Ерөнхийлөгч Х.Баттулгын өдөр өнжихгүй тараасан шагнал, медаль гардуулалт болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгааны арга хэмжээ нөлөөлсөн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол, нас баралт:

  • Ням гаригт (2021.6.20) 2400 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барав.
  • Бямба гаригт (2021.6.19) 2635  хүнээс халдвар илэрч,  14 хүн  нас баржээ.
  • Баасан гаригт (2021.6.18) 2746 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан.
  • Пүрэв гаригт (2021.6.17) 2642 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
  • Лхагва гаригт (2021.6.16) 2395 хүн халдвар авч, 9 хүн нас барсан.
  • Мягмар гаригт (2021.6.15) 2386 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа
  • Даваа гаригт  (2021.6.14) 2263 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа.

ЖИРЭМСЭН ЭХ, ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ ЭХЛЭВ

Эрүүл мэндийн яамны зүгээс зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн "Файзер" вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 настай хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Улсын хэмжээнд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлснээр халдварын эсрэг вакцины 3,588,146 тунг тарьсан байна. Үүнээс Covid-19 халдварын эсрэг вакцины II тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон 1,392,571 хүн байна. Монгол Улсын Засгийн газраас 18-аас дээш насны нийт хүн амын 60 орчим хувийг вакцинжуулах зорилт тавин ажиллаж эхэлснээр тодорхой үр дүнд хүрсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эх, суурь өвчинтэй хүмүүс халдварт өртөж, хүндрэх, нас барах тохиолдол их байгаа учраас 16-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн нь энэ юм.

Цаашид олон улсын жишгээр 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах чиглэлээр холбогдох албаныхан судалгаа шинжилгээ хийж байна.


ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсний дагуу Засгийн газар зургадугаар сарын 16-нд холбогдох шийдвэр гаргасан. Тодруулбал, энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа цар тахлын халдвараас сэргийлж, цахим хэлбэрээр, үзэгчгүй зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Улмаар наадмыг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор хэмнэсэн мөнгийг Эрүүл мэндийн байгууллагад зориулахаар шийдвэрлэсэн юм.

Гэсэн ч ард иргэдийн зүгээс цахим наадмыг ч цуцалж, эрүүл мэндийн салбартаа төсөв, мөнгөө зарцуулах нь зүйтэй гэсэн уриалгыг олон нийтийн сүлжээнд идэвхтэй уриалж байна.


РЕСТОРАН, АМРАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХЯЗГААРЛАВ

Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаалын дагуу зарим чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан. Ингэснээр ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газарын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглосон. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарласан юм.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.

Цар тахал гарснаас хойш Монгол Улсад таван удаа бүх нийтийн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг бууруулахыг хичээсэн юм. Гэвч  удаан хугацаанд хөл хорио тогтоосноор аж ахуй нэгжүүд санхүүгийн хямралд өртөж, эдийн засгийн хүндрэл үүссэн билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас цаашид бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж байгаа ч өдөрт бүртгэгдэх халдварын тоо дахин 2000 давах болсноор УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг хөл хорио тогтоох санал гаргажээ.


ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРМЫГ УИХ БАТЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдлаар ялалт байгуулсан. Тэрбээр зургадугаар сарын 25-ны 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. УИХ зургадугаар сарын 17-нд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тодруулбал,

ШИНЭ ЖУРАМД:

Улсын Их Хурлын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангараг өргөх ёслолын дараа буцаан байранд нь зална.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Жагсаал зохион байгуулахад шаардлагатай төсвийн талаарх мэдээлэл одоогоор алга. Гэсэн ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалд зааснаар Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий (нөхөр)-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод, Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно.

Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө”.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулна гэж тус тус заажээ.

Түүнчлэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж, баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж