Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-тай харилцахдаа, тэр дундаа сөргөөцөлдөхдөө онцгой анхаарч бэлтгэх хэрэгтэй хэмээн ярьжээ.
Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахад хоёр тал Умард Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэх нийтлэг сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Цагаан ордны мэдээлснээр АНУ сүүлийн дөрвөн ч Ерөнхийлөгчийн төр барих хугацаанд Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд олон янзын арга хэрэглэсэн ч амжилт олоогүй байна. Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден дээрх асуудалд анхаарлаа хандуулж Ким Жон Унтай дипломат харилцаа тогтоохоор төлөвлөж буй.
Харин Ким Жон Ун АНУ-ын санаархлын эсрэг зохих стратеги, тактиктай тэмцэх хэрэгтэй хэмээгээд “АНУ-тай харилцахдаа яриа хэлэлцээ хийх, сөргөөцөлдөхөд аль алинд нь бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ улсынхаа нэр төр, бие даасан хөгжлийн төлөөх ашиг сонирхлоо хамгаалахын тулд ялангуяа сөргөлдөөнд бүрэн бэлтгэх нь чухал. Тэгснээрээ бид энх тайван, аюулгүй байдлаа баталгаажуулна” гэж ярьжээ.
Эх сурвалж: AXIOS
Холбоотой мэдээ