ТӨРИЙН ГУРВАН ЗАМ буюу ШИНЭ ЗАМЫН ЭХЛЭЛ

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

ТӨРИЙН ГУРВАН ЗАМ буюу ШИНЭ ЗАМЫН ЭХЛЭЛ

ТӨРИЙН ГУРВАН ЗАМ буюу ШИНЭ ЗАМЫН ЭХЛЭЛ

-70 настай төр дахин залуужсан нь буюу төр ганцаараа биш-

Ардчилсан Монгол Улсын 31 жилийн түүхийн үнэ цэнийг эрх, эрх чөлөө хэмээн тайлбарлах нь мөн чанарын хувьд хамгийн зөв тодорхойлолт мэт санагдах ч  бүхий л хүн зоноороо төрд ажиллаж ирсэн социализмын үеийн ажлын байрны тодорхойлолт орчин цагт төр болоод хувийн хэвшил гэсэн хоёр хэв маягт хуваагдсан нь өнгөрсөн 70 жилийн үүх түүхээс ялгарах хамгийн том ялгаа хэмээвэл зохилтой. Учир нь, ухамсарт амьдралаа улс эх орныхоо төлөө социалист уралдааны эрэг шураг болоход зориулж ирсэн Монгол Улсын иргэд өөрийн хувь тавилангаа 1990 оноос эхлэн хүссэнээрээ зурах эрхтэй болсон нь ардчиллын буян заяа. Энэ дундаас ажлын байрны тодорхойлолтод төр болон хувийн хэвшил гэсэн салаа замын сонголт үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар нас биед хүрсэн 200 мянга орчим Монгол Улсын иргэн төрийн албанд ажиллаж байна. Тэдний сайн муу, сайхан муухай бүхэн төрийн нэр дээр бичигддэг гэж үзэх юм бол Монголын төр өдгөө 200 мянган ааштай, 200 мянган уураг тархитай, 200 мянган хандлагатай гэсэн үг. Магадгүй хэтрүүлэн хэлбэл 200 мянган эрх ашигтай, 200 мянган зодолдох шалтгаантай гэж ч хэлж болмоор. Гэхдээ энэ бол төрийг төр гэдэг утгаар нь бус гагцхүү ашиг сонирхол гэж хардаг ганц нэг болон тодорхой хэсэг бүлэг хүний мөн чанарын тухай таамаг бөгөөд харин ч эсрэгээрээ Монголын төр  нийгэм эх орныхоо хөгжлийн ноён нуруу байж чадсан, байж ч чадна гэж дүгнэвэл илүүдсэн, давуудсан, өргөсөн, өргөмжилсөн тодорхойлолт болохгүй. Учир нь, төр оршиж буй дор нийгмийн хамгаалал, улс орны аюулгүй байдал, хөгжлийн бодлого бүрэн дүүрэн биш юм гэхэд олонхийн эрх ашигт зангидагдаж, удирдагддаг нь зөвхөн Монгол Улсын хувь заяа биш юм. Бүхий л улс орон олон зуун жилийн турш хөгжлийн сайн муу, сайхан муухай бүхнээ тээн тээвэрлэсээр өнөөдөрт хүрсэн. Тиймээс ч дэлхийг хэрсэн коронавирусын цар тахлын эдгэрэл танд, надад, бидэнд ямар боломж олгох вэ, бид коронавирусын дараа хэн байх вэ, хэрхэн амьдрах вэ гэдэг огт тааварлаагүй цоо шинэ эрэл хайгуулд гарч байгаатай адил төр засаг ч энэ асуултын эрэлд гарах нь жам ёсны хүлээлт төдийгүй шинэтгэлийн зүг чиг болж хувирлаа. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер “Цар тахлын дараа дэлхий өмнөх байдалдаа орохгүй. Цар тахал дэлхийн дэг журмыг үүрд өөрчлөх болно” хэмээн хэлсэнчлэн Монголын төр цар тахлын шинэ дэг журамд бэлэн үү. Дотоодын нийт бүтээгдэхүүний долоо орчим хувийг цалин, санхүүжилтэндээ зарцуулдаг төрийн албан хаагчид урт удаан хугацаанд үргэлжилсэн шинэтгэлийн илэрхийлэл гэхээс илүүтэй маргаашнаас дахин шинээр зурагдах тэрхүү шинэ замын эхэнд зогсоход бэлэн үү.

Энэ бол Засгийн газрын төлөвлөгөө ёсоор ирэх долдугаар сараас эхлэн идэвхжих коронавирусын дараах үеийн Монгол Улсын төр нийгмийн харилцааг зохицуулах нэн шинэ өөрчлөлтийн өмнө зүй ёсоор тавигдах асуулт бөгөөд үүнд хариулахын тулд өнгөрсөн 30 жил рүү өнгийж, мөн чанарын эрэлд гарах хэрэгтэй юм. Учир нь, шинэ бүхний суурь, шинэ өөрчлөлтийн эхлэл нь болж өгөх ёстой төрийн албаны шинэтгэл зүй ёсоор тавигдсан эсэхээс маргаашийн төр, маргаашийн төрийн алба тодорхойлогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхлэл хэзээд үргэлжлэлээс үүсэлтэй байдаг. Тиймээс ч өнгөрсөн 30 жилийн түүх бол бүх эрсдэл, бүх харилцаанд бэлэн байхаар бэлтгэгдсэн төрийн шинэтгэл юм. Товчхондоо, өнгөрсөн 30 жил бол 70 настай өтөл буурал, хэт их ачаалалд ядарч цуцсан төрийг эргэн залуужуулж, цус сэлбэж шинээр зурсан хувьсгалын он жил байв.

ТӨР, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ “ЗУРЖ” ДУУСГАВ

Хатуу хүйтэн гэхээс илүүтэй жам ёсны алдаа оноотой хүний харилцаа, нийгмийн харилцааг хуульчилсан 70 жилийн социалист төр тухайн цаг мөчдөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг философи дээр суурилж байсан бол олонх хүний хувьд тэр хайр халамж нь ААВ, ЭЭЖИЙН НӨМӨР НӨӨЛӨГ мэт сэтгэгдэл төрүүлдэг, магадгүй төрсөн мэт итгэхийг үүрэгддэг байсан. Ардчилсан хувьсгал эхэлснээр тэр бүх нэгд нэгэнгүй хайрлан халамжлах төрийн үүрэг үнэгүйдэж, олон улсын хэллэгээр мерит буюу чадахуйн зарчимд түшиглэх болсон нь төрийн албыг шинэтгэл, шинэчлэлд хөлд орох, дасан зохицох, өсөж бойжих, төлөвшихөд түлхсэн. Судлаачдын тэмдэглэн бичиж байгаачлан энэхүү төлөвшил нь 1990-1993 оны шинэ тогтолцоог бүрдүүлэх нэгдүгээр үе, 1994-2000 оны төрийн захиргаа, төрийн албаны шинэ тогтолцоог бүрдүүлэх хоёрдугаар үе, төрийн албаны чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх 2000-2008 оны гуравдугаар үе шат, 2008 оноос эхлэлтэй улс төрийн нөлөөллөөс ангид мэргэшсэн, тогтвортой албыг төлөвшүүлэх гэсэн дөрвөн үе шатыг даван туулсан бөгөөд ЧАДАХУЙН ЗАРЧИМыг хуульчилсан сонгодог төрийн тодорхойлолтод дүйж ажиллаж буй нь энэ юм. 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийн амин сүнс нь энэ бөгөөд харин 1994 онд батлагдсан Төрийн албаны тухай хуульд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх “мерит” зарчмыг тусгасан ч хэрэгжүүлэх механизмыг нь тодорхой зааж өгөөгүй байдаг. Зөвхөн “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх ур чадвар, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, туршлагатай байх явдал мөн” гэсэн заалтаар хязгаарласан.

Хоёр дахь буюу 2002 оны Төрийн албаны тухай хуульд үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээг харгалзан томилох, дэвшүүлэх, халах заалт нэмсэн ч хэрэгжилттэйгээ уяж зайлшгүй мөрдөх шаардлагыг орхигдуулсан. Харин 2008 оны Төрийн албаны тухай хуульд мерит зарчмыг мөрдөх илүү нарийн шаардлага, хэмжүүр, шаардлагыг хуульчлаад зогсохгүй “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохыг хориглоно. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол төрийн албанаас чөлөөлөгдсөн байх” гэсэн заалтуудаар улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын гишүүн байна гэдэг нь төрийн албан хаагч байхаас огт өөр буюу хоёр анги ойлголт гэдгийг хуульчилж өгсөн нь жинхэнэ утгаараа төрийн албанд хувьсгал болж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд энэ заалтыг Төрийн албаны тухай хуульд оруулснаар нам төрийн дээр байх бус төр намын дээр байж, удирдах шатны буюу улс төрийн албан тушаалтан солигдлоо гэхэд төрийн мэргэшсэн албан хаагч ажил хэргээ үргэлжлүүлэн эрхэлж болох шулуун замыг зассан түүхтэй. Мэдээж өнөөдрийг хүртэл энэ заалтын хэрэгжилт бүрэн хэрэгжиж төгөлдөршөөгүй ч удирдах шатны албан тушаалтны ааш авир, эрх ашиг, хандлагаас үүдэн төрийн албанд цөөнгүй халаа сэлгээ хийгдэх, нийтээр нь халдаг, сольдог 2008 оноос өмнөх үзэгдэл нийтлэг хандлагаараа буурсан, багассан гэж болно. Бүх шинэчлэл олон жил бугшсан сөрөг муу талыг шүд авсан мэт цаг тухайдаа арилгачихгүй учраас буурсаар, багассаар байгаа нь өөрөө яаах аргагүй үр дүн юм.

Тэгвэл 2017 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухайд ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭЖ ХЭН БАЙХ ВЭ гэдгийг бүхэлд нь зурж, бүр сийлж өгсөн байдаг. Өмнөх удаа дараагийн шинэчлэлийн тухайд эхний удаад төрх байдлыг зурж, дараагийн ээлжинд нүд хөмсөг, гуравдугаарт нь зан байдлыг нь тодорхойлох гэх мэтээр ээлж дараатай шинэчлэл өөрчлөлтийг аажим аажмаар буюу алуурхнаар хийсэн бол 2017 оны буюу өдгөө мөрдөгдөж байгаа хуулийн өөрчлөлт нь бүхэлдээ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭЖ ХЭН БАЙХ ВЭ гэдгийг тодорхойлсон хэрэг.

Тэгвэл төрийн албан хаагч гэж хэн бэ. Олон улсын томьёоллоор мэрит буюу чадахуйн зарчимд тулгуурлан төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, сурган төлөвшүүлэх учиртай бөгөөд дөнгөж төрсөн нярайг инкубатарт бойжуулдгийн нэгэн адил анхнаас нь сурган төлөвшүүлэх, хөгжүүлэн мэргэшүүлэх ёстой гэдгийг Төрийн албаны тухай хуульд анх удаа албан ёсоор хуульчилсан нь яах аргагүй сонирхол татахуйц, ач холбогдол өндөр заалт байсан юм. Үүнийг албаны хэллэгээр МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧ хэмээн томьёолж байгаа бөгөөд мэргэшсэн албан хаагч гэдэг тодорхойлолт нь өөрөө монгол төрийн үнэт зүйл, дархлаа, үнэт капитал хэмээн нэг талаасаа хуулиар тусгайлан өргөмжилж, нөгөө талаасаа хуулийн дагуу  хамгаалж буй хэрэг юм. Хоёр дахь, мэргэшсэн албан хаагчийн ур чадвар, ирээдүйн төлөвлөлт дээр тулгуурлан хөгжиж буй нэг зарчим бол шатлан дэвших зарчим. Хэрэв та тасралтгүй урт удаан хугацаанд төрийн албанд ажиллаж, тэр хэрээр зохих ёстой сургалтад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлж, хамт олноо манлайлж, ажил хөдөлмөрөө хариуцлагатай хашсан бол төрийн албан хаагчийн зэрэг дэвийн дагуу өсөн дэвшиж ажиллана аа гэсэн үг. Үүний төлөө та аль нэг улс төрийн намд элсэх шаардлагагүй, хэн нэгэн дарга цэргийн харьяа алба мэт бөхөлзөж, нахилцах ч хэрэггүй. Товчхондоо, 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн энэхүү шинэчлэлийн философи нь ерөөсөө л чадвар чадвар бас дахин чадвар гэсэн үг.

Наад зах нь, Төрийн нарийн бичгийн дарга болох хүн хамгийн багадаа төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой гэдгээс эхлээд агентлаг хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн тэргүүнтэй удирдах, гүйцэтгэх дунд дээд шатны албан тушаал бүрийн ард бичигдсэн ажилласан жилийн туршлага бол үүний нэг үзүүлэлт. Гэхдээ хууль батлагдсан ч гууль хаа сайгүй байна аа гэж үзэх юм бол Төрийн албаны тухай хуулийг зөрчиж хийгдсэн албан тушаалын томилгоо, удирдлагын шийдвэрүүд цөөнгүй гарсаар ирсэн нь бодит үнэн. Мөн төрийн албан хаагчид ч цөөнгүй зөрчил гаргаж ажлаасаа чөлөөлөгддөг ч 2017 оноос өмнөх тоон үзүүлэлттэй харьцуулахад өнөөдрийн хувьд харьцангуй буурсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, 2008 онд төрийн албанаас 154, 2013 онд 124, 2014 онд 116, 2015 онд 228, 2016 онд 144, 2017 онд 135 төрийн албан хаагч ажлаас халагдсан асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол ирүүлж, маргаан өрнүүлсэн байдаг. Мөн хуулийн хэрэгжилт дутуу, намчирхал номчирхол их зэрэг тодорхой хүндрэл бэрхшээлээс үүдэн 2011 онд 5093, 2013 онд 5682, 2014 онд 7250, 2015 онд 7430, 2016 онд 7705, 2017 онд 10871 албан хаагч өөрийн хүсэлтээр гарч байсан байх жишээний. Зөвхөн 2017 онд гэхэд нийт төрийн албан хаагчдын бараг найман хувь нь буюу 10871 албан хаагч төрийн албанаас гарсан нь тухайн үед төрийн алба цэгцрээгүй, шинэ хуулийн зүйл заалтад дүйж ажиллах чадахуйн зарчимд бүрэн дүүрэн хүрч хөгжөөгүй, төлөвшөөгүй байсны илрэл бөгөөд үүнд улс төрийн эрх ашиг ч хамт бичигдэж байсныг хэлэх хэрэгтэй. Харин энэ тоон үзүүлэлт 2018 оноос хойш харьцангуй буурч, төрийн албыг тогтвортой насан туршийн ажлын байр хэмээн итгэн үнэмшиж, ажлын байрны шаардлагад тэнцэж үлдэхийн төлөө суралцах, өөрийгөө хөгжүүлэх, ахин дэвших зарчим баримталж буй нь төрийн албан хаагчдын түгээмэл хандлага болж чадсан юм. Энэ бол шинэтгэлийн үр нөлөө, цаашлаад Монгол Улсын сүүлийн 30 жилийн нийгмийн төлөвшлийн үр дүн. Үүнийг цэгцрэх нөлөөлөл буюу шинэтгэлийн үр нөлөө хэмээн хэлж болох бөгөөд харин энэхүү 30 жил тасралтгүй үргэлжилсэн шинэтгэлийн хөрс суурин дээр бид цаашид ямар шинэчлэлийг хийх ёстой вэ гэдэгт үргэлжлүүлэн хариулт хайцгаая.

ХӨЛ ХОРИО ҮРГЭЛЖИЛСЭН Ч ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТАСАЛДСАНГҮЙ

Азаар ковид гараад гэж хэлж болохгүй байх… Гэхдээ дэлхий нийтийг хамарсан ковидын халдварын тархалт та биднийг улс орны хөгжил, нийгмийн харилцаа, хүн хоорондын хандлага, улстөрчдийн нүүр будаг, төрийн албаны хандлага харилцаа, төрийн үйлчилгээний салбарын үнэн бодит төрх гээд олон зүйлийг өнгө будаггүй, бодит төрхөөр нь олж харах боломжийг олгосон нь нэг талаасаа олзуурхууштай мэт санагдах. Үүний нэг жишээ нь гэхэд улс орны хэмжээнд уушиг орлуулах аппарат ганцхан ширхэг байдаг гэдгийг мэдэж авсан явдал. Цаашлаад уг бодит үнэнийг залруулж, засварлахаар төр яаралтай шийдвэр гарган тоог нэмж буй нь өөрөө дэлхий нийтийн цар тахал төрийн ч, улстөрчдийн ч нүүрний багийг хуулсан сайн жишээний нэг юм. Мэдээж үүний ард олон олон бэрхшээл, зөрчил нуугдаж байгааг та бид мэдэхгүй. Аль болох бүгдийг нь илчилж харуулаасай, тэр хэрээр завсарлахсан, сайжруулахсан гэдэг хүлээлт иргэдэд нэгэнт бий болсон нь нууц биш.

Гэхдээ төрд буюу төрийн албанд үүнтэй зэрэгцэхүйц тодорхой нэгэн сайн жишээ байсан нь төрийн албаны цахим шинэчлэл, төрийн албан хаагчдын буюу хүний нөөцийн албан ёсны менежмент бүрэн дүүрэн шинэчлэгдсэнийг батлах сайн үр дүнгүүд юм. Учир нь, Монгол Улсад коронавирус тархсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөвхөн хувийн хэвшил гэлтгүй төрийн албан хаагчид ч гэртээ түгжигдэж, алсаас ажиллах нь жирийн үзэгдэл болж хувирсан. Энэ хэрээр төрийн алба хүч тарамдах, хүнгүйдэх, төрийн үйлчилгээ тасалдах эрсдэл үүснэ гэдэг хүлээлт олон нийтэд байсан гэдэгтэй маргах аргагүй. Бараг л жам ёсны гэмээр муутгаж бодсон уг хүлээлтэд харин энэ удаад төрийн алба, төрийн албан хаагчид эерэг сайн буюу онц сайн хариултыг өгөв. Төрийн албаны зөвлөлийнхөн энэ тухай “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албан дахь дижитал орон зайн тэлэлт огцом нэмэгдэж, цахимжих үйл явц хурдаслаа. Зохион байгуулалт, цахимаар ажиллах арга барилд чанарын ахиж дэвшил гарлаа” гэж дүгнэсэн нь худлаа байсангүй.

Хүн хүнээсээ үйлчилгээ авах, хүн хүндээ үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл хүн хүнтэйгээ мэндэлж зогсох ч хүсэлгүй болтол нь хүн төрөлхтөний хандлага харилцааг хайрцаглаж, хорио цээрийн гашуун дэглэмд дасгасан энэ цаг хугацаанд төрийн албаны үйл ажиллагаа бүхэлдээ шинэчлэгдэж, мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлж чадсан нь төрийн хаалга цоожлогдсон ч төрийн үйлчилгээ тасалдахгүй болсныг батлав.

Засгийн газраас санаачлан нэвтрүүлсэн “e-mongolia” системийг нэвтрүүлснээр иргэд ковид цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед төрийн 500 үйлчилгээг цахимаар буюу гар утсаараа авч чадлаа. Уг системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран төрийн албан хаагчдад удаа дараагийн цахим сургалтыг зохион байгуулсан нь төрийн албан хаагчдад гэрээсээ, гар утаснаасаа ажиллах боломжийг бүрдүүллээ. Гэхдээ мэдээж энэ шинэчлэлийг зуун хувь гэж үзээд төр, төрийн үйлчилгээ гар утсанд багтчихлаа гэж хэлж болохгүй. Шинэчлэл цаашид ч үргэлжилнэ. Гэсэн ч өнөөдрийн тухайд талархал илэрхийлье. Учир нь, технологи бүрийн ард хүн, төрийн үйлчилгээ бүрийн ард төрийн албан хаагч байдаг гэж үзэх юм бол энэ удаад үнэхээр Монголын төр цахим байж чадлаа. Энэ бол аажимдаа хэрэгжсэн, алсаас нь чиглүүлсэн, алсуур тойрч хэрэгжүүлсэн ардчиллын 30 жилийн хугацаанд хийгдсэн төрийн албаны шинэчлэл, шинэтгэлийн үр дүн.

Өнгөрсөн тавдугаар сард дэлхийн 115 орны 1250 төлөөлөгч “Ковид-19”-ийн дараах төрийн алба” гэсэн сэдвээр цахим уулзалт хийж, таван сая хүн уг чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хамт оролцож, санал бодлоо илэрхийлсэн нь мөн л технологийн дэвшил, цахим шинэчлэлийн гайхалтай үр дүн, үйл явц байсан. Энэ үед оролцогчдоос хэд хэдэн асуултад хариулт авсны нэг нь “Ковидын дараагаас өмнөхөөсөө илүүтэйгээр төр иргэдтэй харилцах шаардлагатай юу” гэсэн асуулга. Үүнд чуулга уулзалтанд оролцогсдын 92.3 хувь нь “Тийм”, 7.7 хувь нь “Үгүй” гэж хариулсан. Мөн “Цар тахлын дараа инновацийн ямар арга замыг илүү их ашиглахыг хүсч байна вэ” гэсэн асуултад 36 хувь нь “Ирээдүйн төсөөлөл”, 30 хувь нь “Системийн хандлага”, 25 хувь нь “зохицох ажлын арга” гэдэг хариултыг өгсөн.

Эндээс харахад хэдийгээр дэлхий хөгжиж, цахим засаглал хүчийг авч, цахим шинэчлэл төрийн албыг түргэн шуурхай болгож байгаа ч НЭГД, хүн хүнтэйгээ буюу төр төрийн албан хаагчаар дамжуулж иргэдтэй харилцах энэхүү хүн хоорондын үйлчилгээ үнэ цэнтэй хэвээр байх нь, ХОЁРТ, төрийн тухай, хөгжлийн тухай төсөөлөл өөрөө хүний нийгмийн хөгжлийг зурах замын зураг байх нь, тэр зурагт зурагдсан төсөөлөл өөрөө төр болон хүний нийгмийн харилцааны ирээдүйн хөгжлийг тодорхойлох нь… Энэ бол асуулт бас хариулт.

Ерөөсөө цэл залуухан 30 настай ардчилсан төрийн алдаа оноо нүдэн дээр зурагдаж буй энэ үеийн ололт бол ирээдүйн 30 жил, магадгүй 300 жилийн хөрс суурь, чиг шугам байх учиртай. Тиймээс ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд олж авсан төрийн төлөвшил, шинэчлэлээ батжуулах, цаашлаад шинэчлэлд тулгуурласан нийгмийн шинэ тутам үүсч буй харилцаа, цахимжсан хандлагыг улам бүр төлөвшүүлэх хэрэгцээ Монголын төрд бий гэдэг нь дамжиггүй. Гэхдээ хүний харилцаагаар хоёр жил дутсан монгол хүн бүрийн сэтгэлд төр тунгалаг, хурдан шуурхай, зарчимтай дээр нь халуун дотноор зурагдах ёстой юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд төр өөрөө өөрийгөө зурсан байна, бүтээсэн байна. Энэ үнэн. Харин цаашид харин иргэн та төрийг төлөвшүүлэхэд оролцох ёстой, зураг ёстой, будах ёстой гэсэн үг. Энэ бол коронавирусын халдвар дэлхийг тархсан хүнд хэцүү цаг үеэс бидэнд үлдсэн сургамж бөгөөд шинэчлэгдсэн төрийн шинэчлэлийн зам дөнгөж эхэлж буйг уншигч танд сануулья. Иймд эхний удаад төрийг тойрсон сөрөг үзэгдэл болоод улстөрчдийн гашуун тоглоомын тухай түүхийг хойш тавив. Удаад нь харин учирлаж бичих нь дамжиггүй ээ.

Д.ЦЭНГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж