Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана

Хуучирсан мэдээ: 2021.06.19-нд нийтлэгдсэн

Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана

Доноруудыг “Шударга журам” медалиар шагнана

"Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны хүндэт доноруудыг “Шударга журам” медалиар шагнаж байхаар боллоо.

Цусны донорын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Цусны донорууд, хүмүүнлэгийн үйлстнүүд, цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж, “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “хүндэт донор”-уудыг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байсугай.

2. Цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахын тулд “Таны бэлэглэсэн цус бусдад амьдрал бэлэглэнэ” гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр цусны донорын үйлсэд нэгдэхийг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэн сайн дураараа цусаа бэлэглэх, сурталчлан таниулах, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд уриалсугай” гэжээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар  150 мянга гаруй цусны донор, үүнээс цусаа идэвхтэй бэлэглэж байгаа байнгын донор 36 мянга гаруй, 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн “хүндэт донор” 2674 байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын нийт хүн амын 1.5 хувь  нь донорын хөдөлгөөнд идэвхтэй нэгдсэн байхыг зөвлөдөг бөгөөд төрөөс донорын хөдөлгөөнийг дэмжих талаар хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд нийт хүн амын 1.15 хувь Улаанбаатар хотын хүн амын 1.8 хувь, орон нутгийн хүн амын 0.5 хувь  нь цусны донорын хөдөлгөөнд нэгдсэн байдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж