Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж, “Маш өндөр” эрсдэлтэй гарчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт халдварын эрсдэл маш өндөр гэж гарсан байна. Төвөөс алслагдсан байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хурд, хүртээмж, зардал зэргээс шалтгаалж цаашид нас баралт нэмэгдэх магадлалтай байгааг эрдэмтэн судлаачид анхааруулав. Энэ талаар УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.
–Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч халдварын тоо улам нэмэгдэж байна. Covid-19 халдвараас болж 73 суманд хөл хорио тогтоолоо. Цаашид халдвар хумигдах янз байна уу?
-Бид өмнө нь зургадугаар сарын дундуур халдварын тархалт дахин оргил үедээ хүрч хүндэрнэ гэдгийг хэлж байсан. Яг энэ байдал одоо анзаарагдаж байна. Гэвч хүлээлтээс илүү олон тооны халдвар бүртгэгдэж эхэллээ. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурахгүй байгаа нь дархлаажуулалт дуусаагүй байгаатай холбоотой.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, иргэдийн аялал зугаалга, одон тэмдгийн баяр зэрэг нь халдварын тархалтад ихээхэн нөлөөлж байгаа нь бүгдэд ойлгомжтой байна. Монголын хувьд насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулахаар зорилтот бүлгийн тоог 2 сая 67 мянга гэж тогтоосон нь нийт хүн амын 62 орчим хувь бөгөөд үүнийхээ 90 хувьд нь хүрээд гацчихаад байна шүү дээ.
Хоёрдугаар тунд хамрагдсан хүн 49 хувь байгаа. Тэгэхээр вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй 800 мянган хүн байгаа. Мөн дээр нь вакцины эсрэг заалттай, дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс маш өндөр эрсдэлтэй. Бас нийт хүн амын 1/3 хувийг эзлэх хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй учраас улс нийтээрээ тайвшрах огт болоогүй. Орон нутагт байдал их хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гамшгийн хэмжээнд дөхлөө. Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000-д хүрч магадгүй. Долоо, наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЭЕРЭГ, АЯДУУ УУР АМЬСГАЛТАЙ СОНГУУЛЬ БОЛЛОО"
Улс төр судлаач, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.
–Цар тахалтай нүүр тулсан хэцүү бэрхшээл дундуур монголчууд Төрийн тэргүүнээ сонголоо. Таны хувьд энэ удаагийн сонгуулийн онцлогийг юу гэж дүгнэв. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас юугаараа ялгаатай байв?
-Улс төр судлаачид өөр, өөрсдийн байр сууринаас тайлбар өгөх байх. Миний хувьд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд сонгох сонгууль болсон гэдгээрээ онцлог боллоо гэж бодож байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаан жилийн хугацаанд буюу бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал. Хоёрдугаарт, сонгуулийн кампанит ажлын хугацаа хамгийн богино буюу 15 хоног, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 8.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Цар тахалтай холбоотойгоор нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа бүрэн гүйцэд хийж чадсан эсэх, мөрийн хөтөлбөртэй ард иргэд сайн танилцаж чадсан уу гэдэг нь бүрхэг байлаа. Гуравдугаарт, эрх баригч намын нэр дэвшигчийн хувьд давуу байдал үүссэн байж болох талтай. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр бүх нэр дэвшигчдийн тойргийг орон нутгаар тойрсон. Тэгэхээр УИХ-ын сонгуульд ялсан тойрог бүрийн нөлөө, далд дэмжлэг болох магадлал өндөр.
Дөрөвдүгээрт, улс төрөөс хөндийрсөн нэр дэвшигчийг гуравдагч хүчин нэр дэвшүүлсэн явдал байлаа. Өмнө нь энэ бол улс төрийн намыг үндэсний хэмжээнд таниулах стратеги гэж дурдсанчлан тийм ч байж чадлаа. Улс төрийн орчинд шинэ хүчин, шинэ улс төрийн соёлыг хүсч байгаа гэдгийг иргэд харуулсан гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн сонгууль харьцагүй нам тайван, бохир пиаргзй болж өнгөрсөн нь сонгуулийн сурталчилгаа цөөхөн буюу 15 хоног болж өнгөрсөнтэй холбоотой гэж харах хүмүүс байна. Эсвэл нэр дэвшигчдээсээ шалтгаалав уу. Энэ удаагийн нэр дэвшигчдийн ялгарлыг юу гэж харав?
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа гэхээс илүүтэй гурван нэр дэвшигчийн өөрсдийнх нь улстөрчийн үнэлэмж үүнд нөлөөлсөн. Тухайлбал, нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд Ардчилсан намын /АН/ хуваагдал, ялагдлын гол тоглогчдын нэг гэсэн дүр төрх нийгэмд илүү суусан бол У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хувьд сайн удирдагч, намаа ялуулсан лидер гэх имиж хүчтэй. Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд хуучин бөгөөд шинэлэг. Гэвч орон нутагт танигдаагүй. Нийслэлд гурван нэр дэвшигч хангалттай сайн танигдсан учраас сөрөг пиар явагдах шаардлага байсангүй. Тиймдээ ч өмнөх бүх сонгуулиас ялгаатай эерэг, аядуу уур амьсгалтай сонгууль боллоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЧИНГИС ХААН МУЗЕЙН ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛААГҮЙ НЬ МАШ ТОМ АЛДАА"
Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар яаравчилж буй сурагтай. Гэвч музейн бүтээн байгуулалт олны шүүмжлэл дагуулав. Учир нь Монголын нэрийн хуудас болсон Чингис хааны музей байгуулахдаа улстөржсөн шийдвэр гаргаж, зураг төслийн уралдаан зарлахгүйгээр “Балданс” гэх компаниар зураг төслийг нь гаргасан гэдгийг судлаачид хэлж байна. Ингээд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцсанаа хүргэе.
-Чингис хаан музейн бүтээн байгуулалт олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Та өмнө нь хуучин Байгалийн түүхийн музейн барилгыг Улаанбаатар хотод үлдсэн цөөн неокласизм загвартай барилгын нэг гэж хэлж байсан?
-Байгалийн түүхийн музейн барилгын буурин дээр шинэ музей барьсан нь ганц барилга, байшингийн асуудал биш юм. Улаанбаатар хотын өв буюу Сүхбаатарын талбай тойрсон барилгууд нь тухайн цаг үеийнхээ архитектурын оргил бүтээлүүд гэж хэлж болно. Ингэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг архитектор, инженер, зураач гэсэн мэргэжилтнүүдийг дайчилсан. Ялангуяа Байгалийн түүхийн музейн зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд хийсэн. Энэ хүний алдартай хэд хэдэн бүтээл бий. Тухайлбал, Байгалийн түүхийн музей, “Улаанбаатар” зочид буудал, Улсын драмын эрдмийн театрын барилга юм. Тэдгээр гурван барилга гурвуулаа неокласизмын үеийн Б.Чимэд архитекторын хамгийн оргил бүтээл. Он цагийн хувьд Байгалийн түүхийн музейг 1954 онд барьсан бол 1960 онд Улсын драмын эрдмийн театр, 1961 онд “Улаанбаатар” зочид буудлын барилгыг барьсан түүхтэй.
-Музейн зураг төсөл нь барьсан барилгаас өөр байна. Судлаачдын зүгээс Чингис хаан музейн барилгыг неокласизм загвартай барих саналыг тавьж байв уу?
-Анх олон нийтэд үзүүлж байсан Чингис хаан музейн зураг төсөл сая баригдсаны дараа харахад өөр байсан. Зүгээр л дөрвөлжин хайрцаг шиг барилга барьчихсан. Монголд барилгын сайн зураг төсөл хийдэг компаниуд байгаа. Гайхамшигтай зураг төсөл хийлээ гэж бодоход барилгачид энийг хийж чадахгүй юм байна гэдгийг харлаа. Барилгын салбарт ийм боловсон хүчин, хүний нөөц дутмаг, техник технологи, ур чадвар бидэнд хангалтгүй байгааг харж байна. Дараагийн том асуудал бол Чингис хааны музей баригдсанаараа хотын төвийн архитектурын ансамблийг алдагдуулж байна. Бид цаашид Бага тойруу дахь неозкласизм загвартай барилгуудаа буулгаад, орчин үеийн барилга босгоод байх юм уу. Дээрээс нь нэмээд УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгах талаар ярьж эхэлсэн шүү дээ.
Бүрх малгай хазгайдуу тавьсан атаман Чинбатыг санаж байна уу. Үзэгчдийн сэтгэлд хүүхэд насны гэнэн төрхөөрөө тодхон үлдсэн Г.Мөнхдөлийг энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа зочноор урилаа. Анх “Зуслангийн найзууд” кинонд долдугаар ангийн сурагч байхдаа тоглож байсан Г.Мөнхдөл одоо 58 настай, хурандаа цолтой. “Би "Зуслангийн найзууд" кинонд тоглосны дараа 4100 төгрөгийн цалин авсан. Ээж минь бөөн баяр болоод л, хөөрхий. Тэр мөнгийг хадгалсаар байгаад намайг аравдугаар анги төгсдөг жил орос мотоцикл авч өгч байсан” хэмээн тэрбээр хүүхэд насаа дурсав.
“Зуслангийн найзууд” киноны атаман Чинбатыг хурандаа цолтой, цэргийн хүн болсон гэж дуулсан. Одоо хаана ажиллаж байна вэ?
-Би цэрэг болон цагдаагийн хурандаа цолтой хүн. Анх ОХУ-д Хилийн цэргийн дээд сургууль төгсч, эх орондоо ирээд, Дотоодын цэргийн 05 дугаар анги буюу “Одон тэмдэгт тусгай хороо”-нд 35 жил ажиллаж тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд байлдагчаасаа хурандаа цол авч, тэтгэвэртээ гараад зургаан жил болж байна. Одоо Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргаар ажиллаж байна.
Дотоодын цэргийн анги 2015 онд цагдаагийн байгууллагатай нэгдэхэд цагдаагийн хурандаа болж, хэлтсийн дарга хийж байлаа. Мөн хувийн хайгуулын компанийн захирлаар нэг хэсэг ажилласан. Саяхан он гарснаас хойш дүүргийн Ахмадын хорооны даргаар томилогдоод ажиллаж байна. Өмнө нь дандаа залуучуудтай ажиллаж байсан бол одоо ахмадуудтай ажилладаг хүн болсон доо. Хажуугаар нь Хууль сахиулахын их сургуульд гэрээтээр багшилна.
-Атаман Чинбат болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-“Зуслангийн найзууд” кинонд 14 настай, долдугаар ангийн сурагч байхдаа тоглосон. 1977 он гэхээр одоогоос 44 жилийн өмнө юм уу даа. Өчнөөн жил өнгөрчээ. Хуучнаар Найрамдлын район буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуульд сурч байлаа. "Монгол кино" үйлдвэр жил бүр 7-9 кино баталдаг. Тэрний нэг нь хүүхдийн кино зайлшгүй байдаг. Зуслангийн үерхэл нөхөрлөлийн тухай кино учраас нийслэлийн бүх сургуулиар явж, долоо наймдугаар ангийн сурагчдаас дүрийн сонголт хийсэн юм билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ