Preview: Мөнхийн ривал буюу Англи vs Шотланд

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Preview: Мөнхийн ривал буюу Англи vs Шотланд

Preview: Мөнхийн ривал буюу Англи vs Шотланд

Хөлбөмбөгийн түүхэн дэх шигшээ багуудын хамгийн анхны тоглолт Англи болон Шотландын шигшээ багуудын хооронд болж байсан гэдэг. Анх 1872 онд Шотландын Глазго хотод хоёр баг тоглосноор хөлбөмбөгийн нэгэн шинэ түүх бичсэнээс гадна хөлбөмбөгийн түүхэн ривал өрсөлдөөнийг үүсгэсэн түүхтэй.

Хөлбөмбөгийн ривал өрсөлдөөн нь улс төрийн өрсөлдөөн, үндэстэн хоорондын үзэл санааны зөрчил зэргийг хүртэл шийдвэрлэнэ хэмээн итгэгчид байдаг тул утга агуулгын хувьд маш өндөр байдаг. Англи, Шотланд улсууд түүхэндээ ямар их зөрчилдөөн, маргаантай байсныг та бүхэн түүхийн хуудсаас болон кино зохиолуудаас бодитоор харж байсан биз ээ.

Еврогийн талбар дээр өнөөдөр (2021.06.18) шөнө 03.00 цагаас Англи болон Шотландын багууд хэсгээс шалгарах, хасагдах үгүйгээ шийдэх чухал тоглолт хийх гэж байна. Нэг талаас англичууд хэсгийн эхний тоглолтдоо хүчтэй өрсөлдөгч Хорватаа буулган авсан байдалтай оролцох бол шотландчууд Чехэд 2:0-ээр хожигдсон үр дүнтэй ирж байна.

Английн шигшээ багаас өмнөх тоглолтод оролцож чадаагүй Харри Магуэр эргэн ирж байгаа нь сайн мэдээ. Өмнөх тоглолтод түүнийг орлож, Астон Виллагийн Мингс тоглосон. Зүүн жигүүрийн хамгаалалтад Киеран Триппер гарсан нь өмнөх тоглолтын хувьд сюрприз байсан. Гарааны гол хамгаалагч Бэн Чилвэлл өмнөх тоглолтод сэлгээнд ч байгаагүй бөгөөд Люк Шоу сэлгээнд сууж, улмаар гарааны эрхийг нь Триппер авсан билээ. Хэрвээ Магуэр, Чилвэлл нар гараандаа эргэн ирвэл Английн хувьд маш том хамгаалалтын хүч нэмэгдэх нь гарцаагүй юм. Гэхдээ энэ тоглолтын талаар хэвлэлүүд Люк Шоу, Мингс нарыг гарах илүү магадлалтай гэж үзсэн байна.

Өмнөх тоглолтын гол баатар болж “Йоркшайрын Пирло” хочийг аваад байгаа Калви Филлипс дахин гараанд гарах нь гарцаагүй. Түүний хажууд Дэклан Райс, Мэйсон Маунт гэсэн хослол нь гарна. Гэхдээ Гарэт Саутгэйт хэсгийн сул өрсөлдөгчтэйгөө тоглож байгаа гэж үзвэл өөр сонголтуудаа туршиж болно.

Жордан Хэндэрсон, Бэллингам, Жэк Грилиш, Рашфорд, Жэйдон Санчо гээд маш олон гараанд гарах потенциал бүхий, олон төрлийн байрлалын тоглогчид байгаа тул гараанд өөрчлөлт ороход гайхаад байх зүйлгүй. Харин ч Английн хувьд туршилт хийхэд хамгийн тохиромжтой тоглолт байна. Учир нь гараа, сэлгээний тоглогчдын хооронд форм, ур чадварын ялгаа бараг байхгүй.

Шотландын хувьд өмнөх тоглолтоос ялгаатай нь Арсеналын Киеран Тирни бэртлээс эргэн ирж байгаа нь маш сайн мэдээ.

Өмнөх тоглолтод Дэвид Маршалл Еврогийн түүхэнд хамгийн холоос алдсан гоолын “хохирогч” болсон. Түүний дараа Маршалл нилээд шүүмжлэлд өртсөн ба түүнийг орлож, Крэйг Гордон гарах магадлал өндөр байна. 

Тоглолттой холбоотой статистик

  • Англи Шотландын багууд хоорондоо хамгийн сүүлд 2017 онд Европын аваргын урьдчилсан шатанд учраа тааран тоглож, 2:2-ын харьцаатайгаар тэнцсэн. 2:1-ийн харьцаатайгаар тэргүүлж байсан шотландчууд 90+3 минут дээр Харри Кэйнд гоол алдсанаар гурван оноо авах боломжоо алдсан байна.
  • Хоёр баг хоорондоо албан ёсны тоглолтыг 7 удаа хийж байснаас 5-д нь англичууд хожиж, 1 тэнцэж, 1 удаа Шотланд хожсон байна.
  • Шотланд Английг буулган авч байсан ганц тохиолдол нь 1999 оны Еврогийн эрхийн төлөөх тоглолт бөгөөд 1:0-ийн харьцаатайгаар Английг талбайд нь хожиж байжээ. Гэвч хоёр тоглолтын нийлбэрээр 2:1-ээр англичууд ялалт байгуулж байсан байна.

Менежерүүд юу ярив?

Английн менежер Гарэт Саутгэйт: Бид энэ тоглолтод өрсөлдөх чадвар маш сайтайгаар оролцох ёстой. Хөлбөмбөгт ямар ч тоглолтод маш анхааралтай байхгүй бол тоглолт хаашаа ч эргэж болдог. Бид төвлөрч чадсанаар тоглолтоос тоглолтод сайжирч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Шотландын менежер Стив Кларк: Бидэнд том тоглолтуудад оролцож байсан туршлагатай олон тоглогч бий. Гэхдээ энэ тоглолтын хувьд маш том байх болно. Тэмцээний өмнө бидний зорилго хангалттай оноо авч, хэсгээс цааш шалгарах байсан. Одоо ч гэсэн бидний өмнө тэр боломж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Английн эсрэг шаардлагатай оноогоо авч, сайн тоглолт үзүүлж, цаашлаад Хорватын эсрэг ч үүнийгээ давтаж чадна хэмээн итгэж байна.

NEWMETA - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж