Цар тахлын үед ерөндөг нь хунчир юм шүү | News.MN

Цар тахлын үед ерөндөг нь хунчир юм шүү

Цар тахлын үед ерөндөг нь хунчир юм шүү

Арваад хоногийн өмнө Горхид явахад, бөөгнөрч ургасан гоёмсог цагаан цэцэг энд тэндхээн таарсныг их л сонирхож байтал өнөө энүүхэн Богд уулын ар хормойгоор хааяагүй, бүр ширэнгэлж ургасан байх юм. Цэцэг ургамал таньдаг аппликэйшнээрээ дурандаж аваад нааш цааш лавшруулан үзвэл цагаалин хунчир гэдэг гэнэ ээ энийг. Энгийн нэр нь шүдэн цагаан ч гэдэг, латин нэр нь Astragalus galactites. Тийм ховор эд бас биш юм. Малд алгуур хортой, тэр бүү хэл нэг идсэн мал дахиж идэх гэдэг байна. Донтуулдаг шахуу юм уу даа. Тэр чанарыг нь харин хүнд тустай болгон хувьсгаж болохыг манай эрдэмтэд, тухайлбал Амбага доктор аль наяад онд оросуудтай нийлж судлаад, хөдөлбөргүй тогтоожээ. Тэгээд хожмоо астрадин гэж эм бүтээсэн нь зүрхэнд их сайн гэнэм.

Шинээр нэг ийм зүйлийн хунчир танив гэснээс Монголд ургадаг хунчирын зүйл үй түм, тэр дундаас бидэнд арай танил болсон хоёр зүйл хунчир ялангуяа тахал дэлгэрсэн энэ айхтар үед чухам ерөндөг шүү гэдгийг хэлэхгүй байж болшгүй нь. Би ч хэлж байгаа юм биш, тухайлбал Хятадын эрдэмтэд судлаад ингэж өгүүлсэн байна. “Phytomedicine” гэж Нидерландад гардаг анагаахын сэтгүүлийн өнгөрсөн нэгдүгээр сарын дугаарт гарсан өгүүлэл миний өмнө байгааг бичсэн улс нь хятадууд, манайхан хятад гэхээр шүдээ хавирч, шүлсээ үсэргээд янз янз болдог тул тэр авторууд нь Харвардын анагаахын сургууль, Хятадын Хэнань мужийн Уламжлалт анагаах ухааны их сургууль, Германы Гүтэнбэргийн их сургуулийн эрдэмтэн судлаачид байна гэдгийг зориуд цохон тэмдэглэх минь. Хятадын Засгийн газар 2020 оны 1 дүгээр сарын 23-нд гаргасан ковидын эмчилгээний гурав дахь албан ёсны зааварчилгаандаа уламжлалт анагаах ухааны эмчилгээг зориуд зөвлөсөн бөгөөд үүнээс ч өмнө (Уханьд анх тахал дэлгэрэхэд, уламжлалтын эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн дийлэнх нь харьцангуй богино хугацаанд эдгэрсэн, үр дүн 90% гэнэ) энэ аргыг сонгосон өвчтөнүүдийг нийтэд нь авч үзэхэд Хятад даяар эдгэрэлт 92% байжээ. Энд тэнд, янз бүрийн цаг хугацаанд өвчтөнүүдийг ургамлын гаралтай эмээр эмчилсэн туршлагуудыг нэгтгэн дүгнээд тэдгээр олон төрлийн эмийн найрлагад хамгийн их давтамжтай орсон 15 ургамлыг жагсаахад Монголд ургадаг сарьслаг хунчир (Astragalus membranaceus) аман хүзүүнд давхиж явна. Тэгвэл “International Journal of Biological Sciences” олон улсын сэтгүүлд саяхан гарсан мөн энэ сэдвээрх өгүүлэлд Хятадын 23 муж, оронд хийсэн эмчилгээнд хамгийн их хэрэглэсэн 10 ургамлыг жагсаахад өнөө сарьслаг хунчир маань магнайд, яг араасаа монгол айлын бараг гэр бүлийн гишүүн чихэр өвс, дэрэвгэр жиргэрүүг дагуулчихсан нааж явна. Нангиад зээргэнэ гэх мэт Монголд ургадаг цөөнгүй сайхан юм эдгээр судалгаанд нэрээ мандуулж явахыг тэр бүр өгүүлэхгүй.

Хунчирыг хятадууд хэзээнээс Huang-qi гэж нэрлээд (huang гэдэг нь дээд, агуу, хосгүй л гэсэн утгатай үг юм гэсэн, мэдэхгүй) уламжлалт анагаах ухаандаа олон мянган жилийн турш чухалчлан хэрэглэж иржээ. Дархлаа сайжруулах, тамир тэнхээ тэтгэх, ядаргаа тайлахаас өгсүүлээд маш олон өвчинд тустайг монголчууд мөн эртнээс таниад өдий төдий эмийн найрлагад оруулж хэрэглэж ирснийг хэлэлтгүй. Төвд гэхчилэн ер нь дорно дахины уламжлалт эмнэлэгт мөн алгасал байхгүй. Гэснээс өнгөрсөн өвөл Монголын уламжлалт анагаахын нэг сод хүмүүн П.Баатар эмчид бараалхахын завсарт тэрбээр жижиг аягатай юм барьчихсан байн байн оочлохыг үзээд сониучирхан асуухад хунчирын ханд аж. Хятадууд бол улаан үзэмтэй хандалж уудаг, манайд бол түүнийг нь нохойн хошуугаар орлуулахад яг таардаг гэнэ. Хятадад ялангуяа өвгөчүүл хунчирт их дуртай байдгийн учрыг тэрбээр маньд хэлж өгөөд нүдээ ирмэсэн мэтийг цааш нь хараахан яриад юүхэв.

Монголд 70 гаруй зүйл (нэг тайланд 128 гэсэн байна) хунчир ургадгийн монгол хунчир, сарьслаг хунчир гэдэг хоёрыг л эмчилгээнд хэрэглэж ирсний дээр хэдэн жилийн өмнөөс тарималжуулж, ургац ч сайн авч байна. Ноднин намар Хэнтийн Дэлгэрхаанд явж хунчирын тариалан үзэх завшаан тохиолдсон юм. Энэ дээр гадаадын сэтгүүлд гарсан судалгаанд нэрээ бахтай гаргасан өнөө сарьслаг хунчир гэдгийг тэнд тарих шиг, авах шиг болж байж билээ. Энхбат гэж, нүгэлтэй хөдөлмөрч нь харваас тодорхой, хачин даруухан бор залуу энэ тариаланг эрхлээд Монголд ховорхон том усалгааны систем байгуулчихсан, ажлыг гялалзуулж байсансан. Аав нь Цэргийн госпиталийн алтан гартай эмч асан, хориод жилийн өмнө залуу халуун явахад, халуун нь ихдээд миний нэг муу найзын хааяа очиход, ташаад хаясан гар хөлийг нь хүрэхийн төдийд л эвлүүлээд тавьж байсан нэг бус түүх санаанд байна. Ажлаа мэддэг, бардам хийдэг улс удам угсаагаараа байх юм даа гэдэг бодол тэр бор залуугийн хийж бүтээж буйг хараад эрхгүй төрж байж билээ.

Хунчирын үндэс хүний биед эм болдог нь өөрт агуулсан олон нарийн нандин юм, тэр дундаа сапонин гээчээс болдог гэх. Сапонин гэдэг тэр байгалийн идэвхт нэгдэл хүний бие эрхтний элдэв эмгэгийг яаж яаж илааршуулдгийг жагсаавал их урт, манайхны байдгаа баран байж авч уудаг өнөө алдарт хүн орхоодой чухам сапонины агууламж сайтай, зохистой учраас юм юманд хүрч эм болдог гэнэ. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нэр бүхий эрдэмтэд өнгөрсөн жил мөнөөхөн Дэлгэрхаанд тарьж буй хунчирыг судлахдаа, чухам агуулсан сапониных нь хэмжээ дамжааг тоолж тодорхойлохыг гол болгосон нь санамсаргүй хэрэг биш байх. Хүн орхоодой гэснээс энэ хунчир тариад буй аймгийн түрүүчийн Засаг дарга Н.Ганбямба уржнан нүүр номдоо “Хунчир бол монгол хүн орхоодой” гэсэн нь санаанаас ер гардаггүй. Аж ахуй талдаа баавар, ер нь юм юм сонирхдог хашир хүн нэгийг мэдсэн л байж таарна, дэмий нэг хэлээгүй биз. Юм юм сонирхох гэснээс энэ сапонин гэдэг үг манай саван гэдэгтэй яг нэг үг. Латин хэлний sapo гэж үндэс явж байгаа юм. Нэг биш нэлээд хэдэн хэлний саван гэдэг үг энэ үндсээс гарчээ. Сапонин бол бие эрхтний дотоод дахь муу муухайг саван аятай угаагаад мөлчийлгөөд хаядгийг эртний улс таниад тэгж нэрийдсэн гээгүй байгаа даа, үгүй ч байж мэднэ, гэхдээ л сонин юм.

Энэ тахалд эм гэвэл юуны түрүүнд Монголынхоо уул усанд ургаж дэлгэрсэн нарийн нандин юманд хандах, шүтэх, хэрэглэх нь л дээдийн аврал, хамгаалал гэж би боддог. Нандин юм гээд биднээс хол, олдошгүй гэвэл даанч үгүй. Тэр бор залуугийн тарьж хураагаад том жижгээр нь савласан юм дэлгүүр хоршоонд өрөөтэй буй. Андашгүй, ногоон савтай юм хоршоо хоршооны ногоон тасгаас холгүй бий. Үнэ нь үнэндээ хөгийн, том гонжгор хайрцагтай нь гучин хэдэн л мянга байдаг. Тахал гаарсныг далимдуулсан уу (нүгэл байгаа даа), зарим газрын хэд дахин үнийг нь нэмсэн ёврооп эмтэй адилгүй, сая харахад жилийн өмнөх үнэ нь хэвээрээ л байна лээ. Гучин хэдээр авсныг хандлаад, хоол цайндаа хийгээд хороогоод байхад л лав сараа даадаг. Хоолонд, ялангуяа мах чанахдаа үйхэд маягтай сайхан амттай болдог юм. Би гэхэд л сая гаргасан хонины дал, хавирга, хонт шаант чанахдаа хийгээд одоо хүртэх гэж сууна, өвчин тахал холуур болтугай!

Өнөө жилийн наадам ч лөөлөө болох шиг боллоо, гэхдээ монгол хүн энэ хунчирын зэрэг хангай дэлхийнхээ хишгийг хүртээд эрүүл саруул, цог золбоотой явахад дараа дараагийн наадам ч юу байх вэ дээ.

(Bat-Amgalan Buyanjargal -ын facebook -ээс эхийг бэлтгэв.)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.47

Muu buzar novshnuud uvchin tahalaar dalimduulj biznes hiiged baigal delhii suitgej uul us buzarlasan novshnuud mongolchuud ert tsag ues yu hereglehee meddeg ard tumen bitgii shal hudlaa ym zohioj zalil hulgaichuud chin

Avatar

Зочин 2021-06-18 66.181.187.88

Харин ургамлын хаан гэгдэх хунчир биеийн тэнхээ сайжруулах, үрэвсэл дарах ач холбогдолтой ч ханиад томууны үед хэрэглэж байсан нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний сударт бичигдээгүй тул аливаа үрэвсэлт өвчнийг дарах зорилгоор мөн бүтээгдэхүүний найрлагын хольцтой хавсаргах нь үр дүнтэй.

Харин хоол унд, хүнсэндээ тогтмол хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш гэнэ. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд мана4 танг өдөр бүр 100 хоног тогтмол сүүтэй цайнд маш ба

Avatar

Зочин 2021-06-18 202.131.241.34

ха ха өвчин тойрсон бизнесээ гэж

Avatar

Зочин 2021-06-18 103.57.92.211

Энэ ховор нандин зүйлийг тарималжуулж ургуулж байгаа нь маш сайн байна. Хунчир гэж сонссоноос ингэж сайн ойлгож байсангүй. Сайхан бичжээ, баярлалаа

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.3

Одоо Хуучин Хятад руу гаргадаг болж энэ ургамал мөхлийн ирмэгт ирэх биз.

Avatar

Зочин 2021-06-18 103.80.210.183

сүрчигнэж байгаад хамаг ургамлын аймаг сөнөөв дөө.

Avatar

Зочин 2021-06-18 103.57.92.211

Тарималжуулсан гээд байхад ойлгож уншаачээ

Avatar

Зочин 2021-06-18 139.5.216.63

Uneheer buh taliin ach tustai gej boddog.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж