Евро-2020 тэмцээний зургаа дахь өдрийн тоглолтуудын тоймыг хүргэж байна.
Украин 2-1 Умард Македон
Эхний тойрогтоо Нидерландын эсрэг сайн тоглосон ч 3:2 харьцаатай ялагдал хүлээсэн домогт Андрей Шевченкогийн удирдаж буй Украины шигшээ баг өчигдөр ялагдаж үл болох тоглолт хийлээ. Энэхүү тоглолтод Украины шигшээ багийн ахлагч Андрей Ярмоленко нэгдүгээр үеийн 28 дахь минутад эхний гоолыг оруулсан. Үүнээс ердөө таван минутын дараа Роман Яремчук дахин гоол оруулж, украинчуудын тэргүүллийг бататгав. Харин Умард Македоноос Лийдс клубын хагас хамгаалагч Алиоски 57 дахь минутад гоол оруулж, тооны харьцааг 2-1 болгосон ч үлдсэн хугацаанд аль аль баг нь гоол оруулж чадалгүй тоглолт өндөрлөсөн.
Украинчууд 2016 оны ЕАШТ-д нэг ч ялалт байгуулалгүй “гутамшигтайгаар” тэмцээнээ өндөрлүүлж байсан бол энэ удаад бүх зүйл өөрчлөгдсөн гэдгийг тунхаглаж чадлаа. Хэдийгээр Умард Македоны зүгээс өнөөх л Горан Пандев гоол оруулсан ч харамсалтай нь отон тоглолтын байранд байсан тул гоолыг нь тооцогоогүй. Эсрэгээрээ украинчууд тоглолтын эхнээс давуу байдал үүсгэж, хэмнэлийг гартаа аван тоглож байсан. Умард Македоны баг ингэснээр хэсгээсээ гарч чадахааргүй болсон нь бараг л ойлгомжтой болсон бол украинчууд хэсгийн сүүлийн тоглолтоо Австритай хийж ялсан нь хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарах эрхтэй болно.
Дани 1-2 Бельги
Эдэн Азар, Кэвин Дэ Бройн нар нь гараанд гараагүй Бельгийн хувьд тоглолт тэдний санасан шиг амар байсангүй. Тоглолт эхлээд ердөө нэг минут өнгөрч байхад Юсүф Полсоны гоол Данийн шигшээд тэргүүлэл авчирсан. Эвгүй байдалд орсон Бельги хоёрдугаар үе эхэлмэгц Кевин Дэ Бройныг сэлгээгээр оруулж ирсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч, тоглолтын 57 дахь минутад Кэвин Дэ Бройны ур чадварын ачаар Торган Азар тооны харьцааг тэнцүүлэв. Үүнээс 13 минутын дараа өнөөх Дэ Бройн өөрөө гоолдсон бөгөөд түүнд Эдэн Азар гоолын дамжуулалт өгсөн. Хоёр гоолд хоёуланд нь Ромэлу Лукаку чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүйтэй.
Тоглолтын 10 дахь минутад тоглолт завсарлан, Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Кристиан Эриксоны эрүүл мэндийн төлөө залбирсан нь онцлох үйл явдал байлаа.
Бельгийн шигшээ баг ийнхүү хэсгээс гарах эрхээ авсан бол даничууд хоёр тоглолт дараалан ялагдан, тун хүнд байдалд ороод байна.
Нидерланд 2-0 Австри
Нидерландын шигшээ баг урд шөнө Австрийг ялсанаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Энэ нь 2008 оноос хойш "Улбар шарууд"-ын ЕАШТ-ийн хасагдах шатанд шалгарсан анхны тохиолдол. Австрийн шигшээ эхний тойрогт Умард Македоныг буулган авсан ба энэ тоглолтод Нидерландаас оноо салгах зорилготой ирсэн. Харамсалтай нь тоглолт эхлээд ердөө 10 минут өнгөрч байхад Нидерланд торгуулийн цохилтоос гоол оруулсанаар тоглолтын хэмнэл Австрийн төлөвлөгөөнөөс тэс өөр болоод эхэлсэн. Тоглолтын дунд үед Мемфис Депай хоосон хаалганд гоол хийж чадаагүй нь австричуудад боломж олгосон ч Алаба тэргүүтэй залуус энэ боломжийг ашиглаж чадалгүй явсаар тоглолт өндөрлөсөн. Нидерландын шигшээ багийн тэргүүллийг бататгасан гоолыг тоглолтын 67 дахь минутад Дэнзэл Дамфрьес оруулсан.
Австрийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх Даваа гаригт Украины эсрэг хийх бол Нидерландын шигшээ Умард Македонтой тоглох юм.
Холбоотой мэдээ