Монголын үндэсний спортын холбоод болох Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ), Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ), Монголын Үндэсний харваачдын холбоо (МҮХХ) өнөөдөр (2021.06.18) хэвлэлийн бага хурал хийн, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.БАТСАЙХАН:
-Энэ жилийн наадмыг цахимаар тэмдэглэж, аймаг сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасанд манай уяачид ихээхэн бухимдалтай байна. Хөдөө орон нутагтаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, наадмаа тэмдэглэх саналтай байна. Одоогоор 17 аймаг, 167 сумын уяачдын холбоо Засгийн газарт уг шийдвэрээ эргэн харж, "Аймаг, сумын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахыг зөвшөөрнө үү" гэсэн хүсэлттэй албан бичгээ ирүүлжээ.
МҮБХ-ны тэргүүн Ц.МАГАЛЖАВ:
-21 аймаг 333 суманд давхардсан тоогоор 23 мянган бөх байна. 100 жилийн ойгоороо аймаг, сум, улсын наадамдаа барилдана гээд бүгд л бэлтгэлээ хийж байна. Хөдөө орон нутагт хүмүүсийн эрх ашгийг ор тас хүлээн зөвшөөрөлгүй хаяж байна. Дараагийн 100 жилийн ойн наадмыг бид үзэхгүй. Тиймээс хөдөө орон нутагт халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, наадмыг хойшлуулаад, цар тахлын нөхцөл байдал тогтворжсон үед зохион байгуулаасай гэж хүсч байна.
МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.НЯМБАЯР:
-Улсын баяр наадмаа аймаг, сумынхтайгаа нэгэн зэрэг хийх, эсвэл улсын баяр наадмаа тодорхой хугацаанд түр хойшлуулахыг хүсч байна. Өнгөрсөн жил гэхэд л цар тахлын үед 5600 харваач харвасан. Энэ жилийн сур харваагаа "Хүй долоон худаг" дээрээ явуулъя гэсэн чиглэлтэй байна.
🔴 ШУУД | Үндэсний спортын холбоод баяр наадмын талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
🔴 ШУУД | Үндэсний спортын холбоод баяр наадмын талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, June 17, 2021
Холбоотой мэдээ