Сурвалжлага: 16-17 насныхан вакцинд идэвхтэй хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 16-17 насныхан вакцинд идэвхтэй хамрагдаж байна

Сурвалжлага: 16-17 насныхан вакцинд идэвхтэй хамрагдаж байна

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль буюу вакцинжуулалтын цэгийн гадна хүүхдүүдээ вакцинд хамруулахаар дугаарлан зогсох эцэг, эх олон байв. Тэд гартаа хүүхдэдээ "Файзер" вакцин хийлгэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас атган зогсох аж. Зарим эцэг, эхчүүд зөвшөөрлийн хуудастай дөнгөж уншиж танилцаж буй бололтой, их л нухацтай уншиж байгаа харагдана.

Тус цэгийн гадна жирэмсэн эмэгтэйчүүд ч мөн дугаарлан зогсоно. Удалгүй вакцинжуулалтын багийнхан жирэмсэн эмэгтэйчүүдийг дугаарлаж зогсоолгүйгээр шууд нэвтрүүлж эхэллээ. Үлдсэн хүмүүсийг тав таваар нь оруулж байсан юм.

Хүүхдэд вакцин хийхэд эцэг, эхээс зөвшөөрлийн хуудас бөглүүлэх Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Зөвшөөрлийн хуудсыг гадаа дугаарлаж байхад нь эцэг, эхчүүдэд тараан өгч бөглүүлсэнээр цаг хэмнэж буйг албаныхан хэлж байсан юм.

Тодруулбал, зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн "Файзер" вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 настай хүүхэд, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зорилтот бүлгийн хүн амыг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн.

Тиймдээ ч дээрх вакцинжуулалтын цэг "Файзер" вакцин хийлгэх иргэдийн хөлд дарагджээ. Өнөөдөр 11.00 цагийн байдлаар, сургуулийн гадна 70-80, дотогш орвол 20-30 хүн вакцин хийлгэхээр бүртгэлээ хөтөлж, зарим нь хүлээлгийн өрөөнд байрлаж байв. 

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ВАКЦИНД ХАМРАГДАХ 16-17 НАСЫ 2000 ГАРУЙ ХҮҮХЭД БИЙ

16-17 насы хүүхдүүд вакциндаа хэр идэвхтэй хамрагдаж байгаа талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч Ж.Хуягаас тодруулахад “Манай цэг дээр зөвхөн "Файзер" вакцин хийж байгаа бол бусад гурван цэгт "АстраЗенека", "Вероселл" вакцин хийж байна. Манайх гурав хоногийн өмнө "Вероселл" вакцин хийж байсан. Улмаар "Файзер" вакцин дагнан хийх шийдвэр гарсан учраас "Вероселл" вакциныг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн. Зургадугаар сарын 16-наас "Файзер" вакциныг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд хийж эхэлсэн.

Баянзүрх дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдах 16-17 насны 2000 гаруй хүүхэд бий. Хүүхдүүд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л хангалттай. Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар 200 гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Өмнө нь хоёр вакцин хийдэг байхад өдөртөө 1000 хүн вакцинжуулдаг байсан бол одоо "Файзер" вакцинаар дагнаж байгаа учраас өдөртөө 400-500 хүнийг вакцинжуулж байна. "Файзер" вакцинд хүмүүс их идэвхтэй хамрагдаж байна. Иргэдийн дунд хүлээлт их байсан бололтой. Вакцины урвал хүндрэл өгсөн зүйлгүй. Баянзүрх дүүрэг 350 мянга гаруй хүн амтай. Үүнээс 250 мянга нь вакцинд хамрагдах насныхан. Үүнээс анхны тун нь 84 хувьтай, давтан тун нь 82 хувьтай явж байна” хэмээн онцлов. 

16 НАС ХҮРЭХЭД ХЭДХЭН САР ДУТУУ ХҮҮХДҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ НЭГДСЭН САНД ОРОХГҮЙ БАЙНА 

16 нас хүрэхэд хэдхэн сар дутуу байгаа хүүхдүүдийн мэдээлэл нь нэгдсэн мэдээллийн санд шивэгдэж орохгүй байгаа нь вакцинжуулалтын багийнханд бас ажил нэмжээ. Уг нь оноороо 16 нас хүрсэн мөртлөө 1-2 сар дутуу хүүхдүүдийн регистрийн дугаарыг тэмдэглэж аваад вакцинд хамруулж байна. Вакцин хийлгэсэн хүүхдүүдийн мэдээлэл нэгдсэн системд орохгүй байх нь  вакцины бүртгэлээс хасагдана гэсэн үг. Тиймээс вакцинжуулалтын цэгийнхэн энэ асуудлыг шийдэж өгөхийг холбогдох байгууллагынханд дуулгажээ. Ямартай ч “Одоохондоо цаасан дээр тэмдэглэж аваад вакцинаа хий. Программд засвар хийсний дараа хүүхдүүдийн мэдээллийг нөхөж шивж оруулаарай” гэсэн хариу өгсөн байна.  

Мөн эхний тунгаа "Вероселл" вакцинаар хийлгэчихээд, хоёрдугаар тунд хамрагдахдаа "Файзер" хийлгэнэ гээд уурсан дайрах хүмүүс ч бий гэнэ. Хоёр вакцин хольж хийлгэж болохгүй гэхэд уурлаад явсан тохиолдолтой ч эмнэлгийн ажилтнууд олон таарчээ.

"Файзер" вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр удаа тарьдаг. Вакцины дараа дархлаа тогтох явц нь тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалах учраас вакцин хүн бүрийг хамгаалахгүй байх боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэлж байсан юм. 

ХУВЬ ХҮНИЙ БИЕИЙН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ДАРХЛАА БҮРЭН ТОГТОХГҮЙ БАЙЖ БОЛНО

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Монгол Улсад "Файзер" вакцин хангалттай ирсэн учраас 16-17 настай хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг вакцинжуулах бүрэн боломжтой болсон.

Энгийнээр хэлбэл, нэг сая хүн вакцинд хамрагдаад, 14 хоносон байлаа гэж бодоход түүний 800 мянгад нь л дархлаа тогтсон байх боломжтой. Харин үлдсэн 200 мянга нь эрсдэлтэй бүлэг хэвээр байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Иргэд вакцинд хамрагдаад, 100 хувь халдвар авахгүй мэт буруу бодож байна. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалж дархлаа бүрэн тогтохгүй байж болно. ХӨСҮТ-д хийсэн судалгаагаар вакцины дархлаа тогтоогүй тодорхой тооны хүмүүс бий. Вакцины үр нөлөөг бууруулж байгаа хүчин зүйл нь иргэдийн хөдөлгөөн" гэж онцолсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж