Засгийн газрын “үнэтэй” намын даргын суудал

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын “үнэтэй” намын даргын суудал

Засгийн газрын “үнэтэй” намын даргын суудал

Монгол ардын намын дарга, тус намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, удахгүй тангаргаа өргөнө. У.Хүрэлсүх тангараг өргөхтэй зэрэгцэн МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг өрсөлдөөн Тусгаар тогтнолын ордноос Төрийн ордон руу шилжиж байна.

Зарчмын хувьд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох байсан ч намын Их хурлаа хойшлуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болгосон нь одоогийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбоотой гэж улс төрийн хүрээнд дүгнэж байна. Сүүлийн хоёр ч УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ын сонгуулийг удирдсан, намаа ялалтад авчирсан автор нь генсек Д.Амарбаясгалан. МАН эрх барьж, Засгийн газраа бүрдүүлэх бүрт Д.Амарбаясгалангийн нэр аль нэг сайд, албан тушаал дээр яригдаж байсан ч тэрбээр татгалзаж ирсэн. Тиймээс ч энэ удаад түүнийг намын дарга болох болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж, өрсөлдөөн нь ч эхэлсэн гэх.

МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна, Үндсэн хуульд Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байна гэсэн заалтуудаар бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авах учиртай.

Угаас Ерөнхий сайд болсон цагаас эхлэн хариуцлагын асуудал дээр түүнд “хүч” дутаж байсныг нь хэлэх хүмүүс бий. Эрх барьж байгаа намын дарга нь Засгийн газраа тэргүүлэх нь ч тогтвортой байх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх давуу талтай учир Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дараагийн дарга болох хамгийн боломжтой хувилбар. Гэхдээ улс төрийн тохиролцоо нэг өдөр, цаг минутад ч өөрчлөгддөг учраас нөхцөл байдал хаашаа эргэх нь эргэлзээ, таамаг дагуулсаар. Ямартай ч МАН намын даргаа сонгох Их хурлаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцүүлээд товлочихсон. Намын Их хурлын төлөөлөгчид, Н.Энхбаяр ахтай хийх тохиролцоо үргэлжлэх эсэхээс Засгийн газрын хувь заяа ч өөрчлөгдөж магадгүй байна, одоогийн нөхцөлд.

Гэхдээ үүнээс шалтгаалахгүй Засгийн газрын бүтцэд орох нэг өөрчлөлт бол хоёр яам шинээр байгуулах. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Инноваци, цахим яам байгуулах асуудал эрх баригч дунд аль хэдийнэ шийдэгдсэн асуудал.

Харин энэ хоёр яамыг ирэх намар байгуулах уу, эсвэл одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, байгуулах уу гэдэг тодорхойгүй. Ямартай ч хоёр яам байгуулах бэлтгэл ажил хангаж байгааг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр чуулганы хуралдаан дээр хэлж, тодотгосон. Энэ хоёр яамыг хэнд өгөх вэ гэдэг одоогоор шийдэгдээгүй ч Инноваци, цахим яамыг УИХ-ын гишүүн Н.Учралаар толгойлуулна гэдэг хамгийн тодорхой шийдвэр. Харин Эдийн засгийн хөгжлийн яамыг Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн гээд авах сонирхолтой хүмүүс олон бий.

Эцэстээ шинэ яам байгуулах, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах эсэх нь өнөө л МАН-ын даргаас шалтгаалах нь. Мөн шинэ яамнаас гадна зарим сайд нарыг явуулах, өөрчлөх асуудал ч мөн яригдаж буй. Албан бус мэдээллээр зарим сайд нар нь явах бэлтгэлээ хангаад эхэлсэн гэх бор шувуу ч Тусгаар тогтнолын ордноос дуулдах болов.

Тэгэхээр намын дарга хэн болохоос үл шалтгаалаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар үлдэж, зарим сайд нараа солих уу, эсвэл Засгийн газрын бүтцийг цоо шинээр зурах уу. Байгуулагдсан цагаасаа эхлэн хэдэн сарын настай Засгийн газар бол гэх бодол дагуулсан Л.Оюун-Эрдэнийн танхимын хувь заяа намын даргын суудлаас ч “үнэтэй” байж мэдэхээр байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж