Ажил олгогчоо хуулиар гацаах бус дэмжиж байж улс хөгжинө

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Ажил олгогчоо хуулиар гацаах бус дэмжиж байж улс хөгжинө

Ажил олгогчоо хуулиар гацаах бус дэмжиж байж улс хөгжинө

Монгол Улс хөгжингүй улс биш. Хөгжиж буй улс. Тэр утгаараа нийгэм, эдийн засгийн зөв бодлого, амьдралд нийцсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, түүнийгээ ягштал даган мөрдөж байж сая нэг хөгжлийн хаалга онгойном. Их хурлаар орж ирж буй хуулийн төслүүдэд нэг алдаа ажиглагдах болоод удаж байна. Ийм алдаатай хууль нь батлагдаж гараад нийгэмд гажиг үүсгэж байгаа нь эмгэнэл. Юу гэхээр, манай улсын хууль санаачлагчид, хуулийн төслийн ажлын албаныхан санаачилсан хуулиндаа гадны туршлага гэдэг зүйлийг их ярих болж. Тэр улсын тийм хуулинд ийм заалт бий гэхчилэн.

Хатуухан хэлвэл, манай хуулийнхан “халуун будаа идээд” байна. Тиймээс гадны орны өөр иргэншил, өөр соёлтой, өөр орчинд хэрэглэгддэг хуулийг яг тэр чигээр нь чирж ирээд хууль санаачиллаа гээд чээжээ дэлдэх. Арай ч шууд авчирч ирээд орчуулаад наачихгүй байгаа ч хандлага нь нэг ийм болоод удаж буй… Үүнийг засахын тулд тухайн салбартаа мэргэшсэн, зовлон жаргалыг нь туулж гарч ирсэн хүнээр хууль санаачлуулах, боловсруулах нь зөв. Манай Их хурлын танхимд яг ийм туршлагатай хэд хэдэн улс төрчид бий.

Түүний нэг нь Жамбалын Ганбаатар, буюу Оргилын Ганбаа гишүүн. Ажиглахад, мэддэг зүйлээ олон талын өнцгөөс зөв тодорхойлж ярьж байгаа харагддаг. Мэдэхгүй зүйлдээ дуугарахгүй, сонсох маягийн хандлагатай хүн шиг… За хувь улстөрчийн харизм ч яах вэ…Баримттай л ярья гэдэг шиг хэдэн жишээ дурдъя. Саяхан УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдлээ. Нэг талаас нь харвал гадны өндөр хөгжилтэй Герман, Япон зэрэг орнуудын туршлагаас авсан хуулийн төсөл гэнэ.  Гадны орны туршлагыг судлаад, хэрэгтэй зүйлийг нь авч байвал түүн шиг сайн юм хаана байх вэ. Саар зүйл бас байгаа гэдгийг анхаарах учиртайсан. Гэвч манай санаачлагчид сайныг нь саартай хамт базаад аваад оруулчихаж.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД, АЖИЛ ОЛГОГЧДЫН ДУУ ХООЛОЙ БОЛЖ БАЙНА

Өөрөөр хэлбэл энэ хуулинд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтан, ажил олгогч, Үйлдвэрчний эвлэлийг хооронд нь маргалдуулах, үл ойлголцол төрүүлэх, эцэс төгсгөлгүй шүүхийн маргаанд хөтлөх, хөдөлмөрөөс зугтах сэдэл төрүүлэх олон заалт орсон талаар Ж.Ганбаатар гишүүн чуулган дээр хэдэнтээ хэлж, эсэргүүцэв. Түүний энэхүү эсэргүүцэж байгаа санааг дэмжиж буй олон мянган ажил олгогч сошиалаар өөрсдийн сэтгэгдлээ үлдээж байна.

Одоо манай улсын хувьд юм хийж бүтээх цаг. Хүмүүсийг ажил хөдөлмөрт уриалах, ажил хийх хүсэлтэй иргэдэд ялангуяа шинээр бизнес эрхэлж байгаа залуучуудад, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт боломж олгох цаг. Бид хөгжингүй улс биш, хөгжиж байгаа улс. Хөгжиж байгаа улсад Засгийн газар нь ажил олгогчоо хөхүүлэн дэмждэг, хамгаалдаг байх ёстой. Нэг ажилтантай бол 2 болгох, 2 ажилтантай бол 4 болгохыг нь дэмждэг, тэгж хүсдэг. Бидний эцсийн зорилго хүн бүрийг ажилтай болгох, бүр цаашлаад ажил олгогч болгох. Бусад улс ч ингэж л хөгжсөн. Эдийн засгийн агуулгаараа ч гэсэн бид төсвийн алдагдлыг гадны зээлээр өр тавьж нөхдөг биш, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлж, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх замаар шийдвэрлэдэг байх ёстой. Энэ нь бидний эцсийн зорилго байх учиртай. Гэтэл энэ хууль энэ зорилгоос хойш нь чангаах гэж байна.

Хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлэх гэдэг бол зүгээр ч нэг хүмүүсийг ажил хийлгэе гэдэг агуулга биш, цаад утгаараа нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх учиг гэдгийг улс төрч нар ойлгох цаг нь ирсэн.

Та бүхэн хуулийн төслийг ажил олгогчийн талаас нь нэг хараад үзээрэй. Ажлын нөхцөл, ажиллах цаг, цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой амьдралаас урган гараагүй зарим заалтууд байна. Ажил олгогчийн өгч байгаа үүрэг, даалгавар таалагдахгүй бол гүйцэтгэхгүй гээд суучихна.

Ажлаа хийж чадахгүй байна гээд халахаар тэтгэмж өгөх болчихдог, ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллуулчихаар Зөрчлийн хуулиар торгуулах болчихдог. Тухайлбал, Хуулийн төслийн хүрээнд ажил олгогчоос ажилтанд тэтгэмж, нөхөн олговор олгох 13 тохиолдлыг шинээр бий болгосон байна. Нөгөөтэйгүүр Төрийн албаныхныг тэтгэмжээр тэтгэж байгаатай адилхан хувийн хэвшлийг мөн тийм болгох нь.  Энэ бас л нэг маргааны үндэс.

Тэтгэмж өгсөн, өгөөгүй гээд бие биетэйгээ маргалддаг. Биенээ татаж унагадаг. Энэ байдал хувийн хэвшил дээр очих гэж байна. Улс орон даяараа халамж, тэтгэмж ярьж хоорондоо маргасан, муудсан нөхцөл байдалтай болох зүйл рүү түлхэж болохгүй.

Өөр нэг жишээ хэлье л. Уг хуулийн төслийн 37 дугаар зүйл буюу хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох, гүйцэтгүүлэх бол нэмж цалин хөлс олгоно гэж байгаа юм.

Амьдрал баян. Ямар ч шинэ, шуурхай ажил гарч ирж болно. Тэгэнгүүт ажилтан гэрээн дээр байхгүй ээ гээд суучихна. Ажил гацна, үл ойлголцол үүснэ. Ингээд ажлаас гарах асуудал яригдана.

Ажлаас нь халаад явуулчихаар мэдээж шүүхэд хандана. Ингээд шүүхийн шийдвэр гараад, ажилд нь буцаагаад тогтоочихвол ажилгүй байсан хугацааны цалинг олгоно. Таван жилийн дараа шийдвэр гарвал 5 жилийн цалинг нь олгоно.

Нэгэнт ингээд цалингаа нөхөөд авчихдаг юм чинь ажил хийхдээ биш, шүүхдэх маргахдаа анхаарна. Иргэний шүүхэд шийдэгддэг хөдөлмөрийн маргааны дийлэнх нь ажлаас халсантай холбоотой. Үүний 80% нь ажилтны талд шийдэгддэг гэсэн судалгаа бий.

Ажлаа хийж чадахгүй бол хална, халаад оронд нь хүн ажиллуулна. Буцаад шүүхээс нөгөө хүнийг нь томилоод хүрээд ирнэ. Цалинг нь нөхөж өгнө. Ингээд ажил олгогч 2 хүнд цалин өгнө гэсэн үг.

Томоохон компаниуд гайгүй байх, ялангуяа энэ жижиг дундын салбарт тушаал шийдвэрээ хуулийн үндэстэй гаргаж чаддаг нь хэд байх бол. Энэ мэтчилэн маргаан тасрахгүй хөвөрнө. Ажилтан нь ажил олгогчтойгоо, Үйлдвэрчний эвлэл нь ажил олгогчтой  маргаад л байх нь.

Энэ үзэгдэл 2-3 жилийн дараа хэвийн үзэгдэл болно. Энэ хэнд ашигтай вэ. Монголд лав биш байх.

Ер нь хуулийг шинэчлэхэд гол анхаарах зүйл бол өмнөх хуулийн зохицуулалтын хүрээнд бий болсон хамгаалалт, баталгааг дордуулахгүй байх явдал. Гэтэл энэ төслийн хүрээнд ажилтны эрх ашиг, нийгмийн баталгааг дээшлүүлж байна гээд нөгөө талдаа ажил олгогчийн эрх ашгийг орхигдуулсан зүйл ажиглагдаж байна.

Хөдөлмөрийн хууль ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох зохистой, тэнцвэрт байдлыг хангах үүргээ биелүүлж чадахгүй байна.

Хууль ажилтны эрх ашгийг хамгаалах үүргээ сайн биелүүлж байгаа юм байна. Тэгвэл ийм олон маргааны эс үүсвэрийг тавих гэж байгаа хууль ажилтан, ажил олгогчийн хоорондын харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

Хүн бүхэн ажилчин болчихвол хэн ажил олгогч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Ажил олгогчид ирэх дарамтыг ихэсгэх тусам ажил олгогч нар олон ажилтантай болох сэдэл төрөхгүй болох нь ойлгомжтой.

Дагаж өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулиар л гэхэд 26 төрлийн торгуулийг шинээр бий болгох гэж байна. Ингээд ирэхээр нөгөө ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго яаж биелэх вэ. Эцсийн дүндээ ажил олгогчоо дэмжиж байж л бүтээлч нийгэмтэй болно. Бүтээлч нийгэмтэй болж байж бид хөгжинө.

Э.МӨНХТҮВШИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж