УИХ-ын чуулган хуралдаж байна
Posted by News.mn on Thursday, June 17, 2021
“Монгол энхийн цагт амиа алдсан хүний тоогоор дээгүүр бичигддэг”
ХҮЭК-ын гишүүн Ж.Хунан:
-Монгол Улс энхийн цагт эрүүл мэндээ хамгаалуулж чадахгүйгээр харамсалтайгаар амиа алдсан хүний тоогоор дээгүүр бичигдэж байна. Өнгөрсөн 2020 онд гэхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас 878 хүүхэд нас барсан. Энэ асуудал анхаарал татаж байна. Энэ хүрээнд энэ жил ХЭҮК-оос эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн мониторинг хийнэ. Цар тахлын үед эмэгтэй албан хаагчдыг үүрэг гүйцэтгүүлэхгүй байх асуудлыг хөндсөн.
ХЭҮК-д 2020 онд нийтдээ 790 өргөдөл гомдол ирж, 197 хяналт шалгалт хийсэн. Цар тахлын үед тодорхой хязгаарлалт хийж байна. Гэхдээ төгсөх ангийн сурагчид халдвар авсан бол шалгалт өгөх боломжгүй гэхээс илүүтэй тэгш эрхийг нь хангах ёстой.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ.
Засгийн газрын мэдээллийн товыг хойшлуулж өгөх асуудлаар ЗГХЭГ-аас албан тоот УИХ-ын даргад хүргүүлсэн байна.
У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг ТББХ-ны бүрэлдэхүүнээс чөлөөлөв
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал хураалт явуулав.
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудалд “УИХ-ын тогтоолын төсөл бэлэн болсон байна. Уг тогтоолд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац, цахим бодлогын Байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байна”
Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-ХЭҮК-ын тайлан илтгэлийн 86 дахь хуудсанд бичигдсэн хоёр тохиолдлыг уншиж өгье. Учир нь цар тахлын үед Монгол Улсын бүхий л иргэний эрх, эрх чөлөө хөндөгдөж байна. Ялангуяа нийгмийн зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Энэ илтгэлд “Би тэргэнцэртэй ганц бие ээж. Ариун цэврийн цаас, саван, ойр зуурын хүнсээ хүүхдээ гүйлгээд дэлгүүрээс авахуулдаг. Гэтэл дэлгүүрүүд хөл хорионы үед хүүхдэд үйлчлэхгүй гэсэн журам гаргаснаас болж охин, бид хоёр юм юмаар гачигдаж байна. Хямд үнэтэй зах, дэлгүүр явах боломжгүй учраас гэрт ойр өндөр үнэтэй дэлгүүрээс хүнсээ авч байна. Хажуугийн эмийн санд катетир байхгүй болсон тул хоёр хоног бие засахад хэцүү байлаа” гэжээ.
Мөн нэг иргэн “Би үйлдвэрт ажилладаг. Хотод таягтай явахад хэцүү. Зам гарах, шатаар өгсөх, хаалга онгойлгоход хүний тусламж авдаг. Цар тахлын үед бусдын тусламж авч чадахгүй, бүгд зайгаа барьж байна. Миний хувьд хүмүүст саад болмооргүй байгаа ч амьжиргаагаа залгуулахаар гэрээс гарахаас өөр аргагүй. Би амны хайрцгаар хүмүүсийн яриаг ойлгоод ажлаа амжуулдаг байсан бол одоо бүх хүн маск хэрэглэж байгаа болохоор сонсголгүй хүмүүст бэрхшээл тулгарч байна” гэсэн. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндсэн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
ХҮЭК-ын гишүүн Ж.Хунан:
-УОК-оос авч хэрэгжүүлж буй шийдвэр нийгмийн олон бүлэгт нийцэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст цар тахлын үеэр ямар хүндрэл гарсан талаар судалж, илтгэлд тусгасан. Эдгээр хүмүүсийн эрх нэлээд ноцтой зөрчигдсөн.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Энэ илтгэл бол нэлээн зузаан. Илтгэлд маш чухал асуудлууд дурдагдсан байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, туслах малчны эрхийн асуудал, ахмад настан, хувийн нууц, цар тахал. Үүний цаана хүмүүсийн зовлон шаналал, цөхрөл байна. Хүнсний талонтой холбоотой асуудал байна. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ илтгэлийг салбар болгонд гаргаж, хүргүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна.
ХҮЭК-ын гишүүн Ж.Хунан:
-Маш чухал асуудлыг хөндөж байна. Хэдийгээр Засгийн газраас эрх зүйн орчин бий болгодог ч анхан шатны нэгжид хэрэгжихгүй байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-ХЭҮК-ын 2019 оны хүний эрх, эрх чөлөөний тайлан илтгэлийг хэлэлцээгүй. Одоо давхар хэлэлцэж байна. 2018 оны тайлангийн шаардлагын биелэлт хангалтгүй байна гэсэн. Одоо цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зайлшгүй нэг тогтоол гаргах цаг болсон. Энийг анхааралдаа авч өгнө үү. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас болж хүний эрхийг хязгаарлах явдал гарч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хүний эрхийг хамгийн их зөрчигчид бол гүйцэтгэх засаглал, Засгийн газар, түүний харъяа байгууллага, албан тушаалтнууд байна. Тиймээс ХЭҮК гэхээс илүүтэй УИХ тогтоол гаргах шаардлагатай байна.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг танилцуулж байна”
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцууллаа.
ХҮЭК-ын гишүүн Ж.Хунан:
-ХЭҮК Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх үндэсний илтгэлийг УИХ-д тухайн оны эхний улиралд өргөн барьдаг. Энэ хүрээнд 2020 оны илтгэлийг 2021 оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ илтгэлийг Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, цар тахал гэсэн сэдвийн дор хийсэн. Илтгэлийн талаарх товч мэдээллийг өгье. 2020 оны хүний эрх, эрх чөлөөний илтгэлийн сэдвийг сонгосон шалтгаан нь цар тахлын нөхцөл байдал хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа эсэхийг судалсан. Энэ илтгэлийг боловсруулахдаа иргэдийн гомдол мэдээлэл, комиссоос хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторинг, Засгийн газар, УОК, холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ, иргэний нийгэм судлаачдын мэдээлэлд үндэслэсэн.
“Улсын төсөв батлахаас өмнө Соёлын тухай хуулийг батлах ёстой”
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Соёлын яам хэдэн газар хэлтэстэй ажиллаж байна вэ. Орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна. Соёлын тухай хууль гарсантай уялдаад яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх үү.
Соёлын сайд Ч.Номин:
-Соёлын яам 25 гаруй жил бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй. Хэдий шинэ яам боловч хөдөө орон нутагт ямар нэгэн соёлын нэгжгүй үйл ажиллагаа явуулж байсан бол өнгөрсөн гурав дахь өдөр орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын асуудал эрхэлсэн бие даасан нэгжтэй болж байна. Ингэснэээр улсын хэмжээнд соёлын бодлого бүх аймаг, суманд хүрэх болно. Салбар яамнаас хэрхэн соёлын эдийн засгаа хөгжүүлэх вэ гэдгээс хамаарч бүтэцдээ өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ. Өнөөдрийн байдлаар соёлын үнэт зүйл, соёлын эдийн засгийн судалгаагаа бүрэн хэмжээнд хийж байна. Судалгаа дууссанаар салбар яам бүтцээ өөрчлөх эсэхийг шийднэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаанаас соёлыг түгээх, хуулиа хэрэгжүүлэх ажлын үр дүн гарна. Тиймээс Соёлын тухай хуультай холбоотойгоор яамны дэд бүтэц, чиглэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж ойлголоо. Уг нь өөрчлөлт орсон байх шаардлагатай шүү дээ. Ингэснээр хуулийн хэрэгжилт бий болно.
Соёлын сайд Ч.Номин:
-Салбар яамны бүтэц, чиглэлд цаашид өөрчлөлт орох ёстой гэдгийг хүлээж авлаа. Бид өөрчлөлтийг судалгаанд тулгуурлан хийх гэж байгаа. Тийм учраас одоогийн байдлаар хийж буй судалгаанд тулгуурлан өөрчлөлт хийх шийдвэр гаргана.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад бэлдэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дэмжсэн үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Би нэг бичлэг үзүүлье. Энэ хууль хэлэлцэх явцад ийм байдлаар нийтдээ 30 гаруй удаа горимын саналыг буцаасан. Өөрөөр хэлбэл зарчмын зөрүүтэй санал унаад, буцаж хэдэн найзууд босгох энэ хуулийг нэлээн гурилдах шиг боллоо. Энэ хууль анхнаасаа шинэчилсэн найруулгаар орж ирсэн. Нийт 78 зарчмын зөрүүтэй саналтай бий. Яам нь маш хариуцлагагүй хууль өргөн барьж оруулж ирсэн. Мөн дээрээс нь Байнгын хороо гурилдсан. Энэ асуудалд манай гишүүд анхааралтай хандаарай.
-УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Манай зарим гишүүд сансарт нисээд, зарим зүйлээ мартаж санадаг болчихсон бололтой. Миний ойлгож байгаагаар тоног төхөөрөмж гацаад, УИХ-ын Тамгын газарт асуудал тавьчихсан байгаа. Санал хураах болгонд унадаг. Өөрөө бас ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй болохоор энэ асуудлыг мэдэрдэггүй юм шиг байна. Завгүй нисээд байдаг байх. Бодит байдал дээр ажил явуулахын тулд ирэх оны улсын төсөв ярихаас өмнө Соёлын тухай хуулийг заавал хэлэлцэж батлах ёстой. Үнэхээр монгол соёлдоо хайртай, анхаарал хандуулаад судалсан бол шүүмжийг хүлээж авна. Магадгүй гэдэг маягаар улс төр хийх гэж ядаж байгаа бол уучлаарай. УИХ-ын гишүүд саналаа өгчихөөд байхад онлайн тоног төхөөрөмж ажиллахгүй байна. Тэр Байнгын хороо болсон өдөр үнэхээр ажиллаагүй. Зарчмын зөрүүтэй санал хураахаар ажилладаггүй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Би асуултдаа ямар ч хариулт авч чадсангүй. Яагаад хариулахгүй байна вэ?
-УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Сая интернэт тасалдаад ийм асуудал гарлаа. Соёлын ажилтнуудын олон жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, нийгмийн асуудлыг энэ хуульд тусгайлан тусгаж өгсөн. Хоёрдугаарт, соёлын өвийг баяжуулах чиглэлд санхүүжилт босгох хатуу заалт оруулсан. Соёлын байгууллага, ААН, хувь иргэдийг татвараар дэмжих бодлого оруулж, байгууллагынхаа орлогыг өөрөө зарцуулах эдийн засгийн заалтууд оруулсан.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүлэв.
“Соёлын хяналтын байцаагчтай болно”
-Соёлын сайдын зөвлөх Д.Бум-Очир:
-Улсын төсвийн ихэнхийг халамжид зарцуулдаг. Энэ шүүмжийг маш их ярьсан. Бид соёлоо зөвхөн хандив, мөнгө хараад суудаг байлгаж болохгүй. Тийм учраас Соёлын эдийн засаг, үйлдвэрлэл гэсэн тусгай бүлэг орж ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Өнгөрсөн 1996 онд анх батлагдаж байсан хууль. Шинээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх шаардлага бий. Монголын хөгжлийн олон гарцын нэг нь соёлын салбар. Үндэсний түүх соёлоо хамгаалж, хөгжүүлэх нь үндэсний дархлаа юм. Соёл урлагийн байгууллагуудын тулгамдсан чухал асуудлын нэг бол санхүүжилт. Эдгээр байгууллагуудын орлого улсын төсөвт ордог ч өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байна. Тэгэхээр санхүүжилтийн ямар хэлбэр байж болох вэ. Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг соёлын салбарт нэвтрүүлэх тал дээр ямар асуудал тусгасан бэ. Гуравт, соёл урлагийн мэргэжилтнүүдийн ур чадварыг бодитой үнэлэх чиглэлд ямар шинэ заалт тусгав. Үндэсний бахархлыг тогтоох ажил ямар түвшинд байна вэ. Урлагийн шилдэг бүтээлүүдийг улсын санд авах ажлын явц ямар байна вэ?
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Соёлын хуулийг эх хууль гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Тийм учраас соёлын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах заалтуудыг тусгасан. Мөн соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн заалтууд орсон. Олон улсын жишгийг маш сайн судалсан. Соёлын байгууллагуудын цалин, тэтгэврийн асуудал зөрчигдөж байсныг тэгш болгох тал дээр анхаарч ажилласан. Тэр тусмаа алслагдмал газар ажиллаж буй мэргэжилтнүүдэд таван жилийн тэтгэлэг олгодог зохицуулалтыг тусгасан. Мөн соёл урлагийн байгууллага өөрийн орлогоос илүүчилж, уран бүтээлээ хийх боломжийг дээшлүүлсэн. Соёлын тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхдээ гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх заалт оруулсан. Соёлын хяналтын байцаагчтай болъё гэж орхигдсон байсан асуудлыг тусгаснаараа давуу талтай.
Соёлын дэд сайд М.Батбаяр:
-Дэлхий нийтийн даяарчлалын явцад соёл бие биедээ давамгайлах эрчимтэй байна. Монголын залуус энэ давалгаанд илүүтэй өртөж байна. Тиймээс соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлэх боломжийг бодлогоор оруулж ирж, дархлааг дэмжих зохицуулалтууд орсон.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Энэ хуулийг дэмжиж байгаа. Шинэ яамны холбогдох хүмүүс ч сайн ажиллажээ. Та бүхэн ер нь монголчуудын бүтээсэн өв соёл ямар онцлогтой гэж үзэж байна. Хуулийн төслийг харвал орон тоо, мөнгө санхүүжилт, тоног төхөөрөмж гэх мэт хэлбэр талаасаа байна. Бидний бүтээсэн агуу өв соёл хүний дотоод сэтгэл оюунтай холбоотой. Энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Бид сүүлийн 30 жил гадаад хэлбэр харж явсаар байгаад өв соёлоо устгаж, алдаж эхэллээ.
Соёлын сайд Ч.Номин:
-Б.Бат-Эрдэнэ гишүүн чухал асуудал хөндлөө. Монголчууд хүн төрөлхтөний соёлд маш том хувь нэмэр оруулсан нүүдэлчин ард түмэн. Энэ соёлоо өөрсдөө тээн авч явж, нутаг орондоо өвлүүлж яваа юм. Төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон 8.2 дугаар зүйлд “Нүүдлийн соёл иргэншлийн талаар тусгасан. Цаашлаад 8.7 дугаар зүйлд соёлын өвийг хамгаалах, устахаас урьдчилан сэргийлэх тал дээр тодорхой заалтууд тусгасан.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Энэ хууль төрийн зүгээс соёлын салбарт ямар бодлого баримтлах вэ, аль соёлоо хамгаалж, олон улсад түгээн дэлгэрүүлэх ажлыг яаж зохион байгуулах вэ, түүнд ямар төсөв санхүүжилт өгөх вэ, татварыг бусад хуулийн дэмжлэгээр яаж авч явах вэ гэдэг хүрээтэй. Бодлогын хувьд Монголын бүхий л соёлын өв, шинэ тутам орж ирж буй соёлын довтолгооноос хамгаалах, өөсрдийнхөө соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтнүүд гээд бүх агуулгыг оруулсан хууль байгаа. Бид цахим бүртгэл хийснээр хилээр хууль бусаар гарсан соёлын өвөө бүртгэх чухал ач холбогдолтой. Энэ талаар нэлээн сайн тусгасан.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр заалтууд оруулсан"
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Н.Учрал гишүүний асуултад хариулъя. Бид Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьсан. Соёлын тухай хууль гэж нэрлэгдээд өргөн баригдсан хууль юм билээ. Яг соёлынхоо хүрээг тогтоох гэхээр төвөгтэй. Судлаачийн тодорхойлсноор соёл гэдэг нь 1000 гаруй томъёололтой байх юм. Тэгэхээр бид зарчмын хувьд соёлын тухай төрийн бодлогыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг авч хэлэлцье. Дараа нь Байнгын хорооноос Соёлын сайдтай ярилцаад, соёлыг эдийн засагжуулах, бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулиа тусад нь оруулж ир, үргэлжлүүлээд киноны тухай хууль гэж байгаа. Энэ хууль нь салбарын бодлогыг барьж явах малгай хууль болж, бусад хуулиудаа энэ хуульд уялдуулаад авч явъя гэсэн зарчмаар энэ төслийг оруулж ирсэн. Таны ярьж буй асуудлуудыг бусад салбар хуулиудад тусгаад явах юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Соёлын яам шинээр байгуулагдаж, Соёлын тухай хуулийг хэлэлцэж байгаад талархалтай хандаж байна. Сүүлийн жилүүдэд соёлын асуудал бүдгэрч, бусад салбарын асуудалд дарагдаж байсан. Соёлын өвийг авч үлдэх асуудлын цаана эдийн засгийн асуудал сөхөгддөг. Хөдөө очоод хүн чулууг хамгаалах, бүртгэхийн тулд эдийн засгийг нь шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс дорвитой өөрчлөлт оруулах гэж байгаа бол нийгмийн даатгалын сан шиг хэдэн хувийг соёлын өвийг хамгаалахад зарцуулна гэсэн эдийн засгийн баталгаа шаардлагатай. Энэ талаар хуульд тусгасан уу. Нэг талаасаа соёлын өвийг хамгаалах гэж байгаа ч нэгэнт томоороо орж ирсэн юм чинь бусад яамтай хамтран эдийн засгийн эх үүсвэр бий болгох асуудлаа суулгаж өгч чадсан уу. Монгол соёл ярихаар эрийн гурван наадам багтдаг. Энэ талаар тусдаа Баяр наадмын тухай хуульд тусгах ёстой юу, монгол соёл гэдгээрээ явах уу?
Соёлын сайд Ч.Номин:
-Ж.Батсуурь гишүүний асуултад хариулъя. Соёл хэрэглээнд орж байж хөгждөг. Энэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орж, цаашид хөгжих боломж нь үүснэ гэж үзэж байна. Тиймээс эдийн засгийн заалтууд орсон. Ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр заалтууд оруулсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх заалтууд ч орсон. Соёлын салбар өнгөрсөн хугацаанд орхигдсон байсан учраас сүүлийн дөрвөн сарын хугацаанд салбарынхаа суурь судалгааг хийж, 12 чиглэлээр хүрээгээ тодорхойлж, гаргаж ирсэн. Тэр дундаа соёлын салбарт тэргүүлэх эдийн засгийн чиглэл нь юу байх вэ гэдгийг тодорхойлж, түлхүү хөгжүүлнэ. Үндэсний баяр наамдын тухай хуультай. Баяр наадам зөвхөн соёлын асуудлаас гадна бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх өдөр, спортын арга хэмжээнээс бүрддэг учраас тусгай хуультай байдаг.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Ж.Батсуурь гишүүн чухал асуудал ярьж байна. Соёлоо хамгаалахад зардал гаргах, тэрийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах, баталгааг хангах тухай хуульд тусгасан эсэхийг асуулаа. Соёлын тухай хуульд энэ асуудлыг маш сайн тусгасан. Соёлын өвийн тухай хуулийн олон заалт өөрчлөгдөж байгаагийн нэг нь хуулийн 14 дүгээр зүйлд тусгагдсан.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Соёлын тухай хууль батлагдаагүй байна. Дагалдах хуульд тусгасан гэвэл шилний цаанаас чихэр долоолгосонтой адил болно. Энэ асуудлаа Сангийн яамтай сайн тохирсон уу?
"Биет бус өвийг бүртгэх цахим систем нэвтрүүлнэ"
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-С.Бямбацогт гишүүн Соёлын тухай хуульд оруулах шаардлагатай зохицуулалтыг асууж байна. Энэ бол хийх ёстой том зохицуулалт. Соёлын өвийн бүртгэлийн асуудлыг тусгаж өгснөөрөө онцлог хууль болж байгаа юм. Ер нь 1996 онд энэ хууль батлагдаж, өнгөрсөн хугацаанд 14 удаагийн нэмэлт, өөрчлөлт орж байсан. 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Үүнээс хойш цаг үеийн зохицуулалтууд хийх шаардлагатай байсан. Соёлын үнэт зүйлсийг бүртгэдэг стандартыг тодорхойлж, мэдээллийн сантай болохыг хуульд тусгасан.
Соёлын сайд Ч.Номин:
-Бидний хувьд Соёлын биет болон биет бус өвийг бүрэн бүртгэснээр цаашид хэрхэн хадгалан хамгаалах вэ гэдэгт анхаарна. Тэгэхээр биет бус өвийг бүртгэх цахим системийг нэвтрүүлж, дөрвөн төрлөөр бүртгэж байна. Энэ нь иргэдэд мэдлэг болох нь чухал учраас энэ тал дээр анхаарч ажиллана. Мөн гадаадад байгаа соёлын өвүүдийг бүртгэн авч, эх орноо хэрхэн сурталчлах вэ гэдэг асуудлыг хуульд тусгасан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Биет бус өвийг бүртгэх, цахимжуулах ажлыг тодорхой тусгажээ. Биет өв дээр тодорхой асуудал ярихгүй байна шүү. Энийг Эрдэнэсийн сангийн тухай хуультай уялдуулж, хэрхэн яаж бүртгэхэд анхаараарай. Хоорондоо уялдаагүй хууль батлагдчихаад бөөн асуудал үүсч болохгүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-2019 онд өргөн барихад Соёлын тухай хуулийг харж байсан. Бас судалсан. Тухайн үед тогтолцооны өөрчлөлт хийж, бүтэц зохион байгуулалт хийх гэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан. Сая энэ хуулийг хэлэлцэх эсэхээ дэмжиж, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ажлын хэсэг байгуулж, сайн ажиллажээ. Гэхдээ яг хэлэлцэх эсэхийг дэмжиж байхад тодорхой хэд хэдэн асуулт асуусан. Энэ хууль ерөөсөө бусад хуультай уялдахгүй байгаа шүү. Энэ хууль гарснаар бидний биет бус хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж үнэлээд, эдийн засагжуулах нь тодорхой бус байна. Зохиогчийн эрх, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу үнэлгээчид ажиллаж байна. Үнэлгээний талаар энэ хуульд огт тусгаагүй. Мөн энэ хуульд мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байна. Гэтэл Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд бас мэдээллийн сан байгуулна. Ингэхээр хоёр мэдээллийн сантай болох юм уу. Ер нь бусад хуультай нийцэхгүй байж болох юм уу. Соёлын яам энэ хуулийг хэрэгжүүлж чадах уу?
"Авлига авсан албан тушаалтнууд өдөрт 50 вагон оруулж ирж байна"
УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлуудыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ өдөр хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, асуудал нэмэх горимын санал гаргав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Санал нэмж оруулъя. Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихжээ. Тэд "МАН-д амаар нь гартал хандив өгчихсөн. Алтан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлига өгчихсөн" гэж ярьдаг. Хэрээс хэтэрч байна. Хятадын хил дээр 6000 мянган чингэлэг гацсан байна. Гэтэл авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна. Тэнд 6000 вагон нам гацсан байхад тэд 50, 50-иар нь оруулж ирж байна шүү дээ. Тэр хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэрвээ би энэ хуулийг хэлэлцэхгүй бол жагсана.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан БСШУС-ын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ өнгөрсөн намрын чуулганаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хуулийг санаачилсан. Энэ хуулийг хэлэлцэж байх явцад түүх соёлын хосгүй үнэт өвийг бүртгэх, хадгалах, хамгаалах асуудлыг ярьсан. Монголбанкны зүгээс салбар яам болон түүх соёлын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах тал дээр дутагдалтай байдаг. Үүнийг шийдэх ёстой гэдгийг ярьсан. Мэдээж түүх соёлын хосгүй үнэт өвд биет өв Эрдэнэсийн санд хадгалагддаг. Энийг хадгалах, тодорхойлох, бүртгэх хамгаалах тал дээр учир дутагдалтай. Энэ асуудлыг хуультайгаа уялдуулж ярьсан уу. Нэг хууль баталдаг. Нөгөө хуулиа үгүйсгэдэг байж болохгүй. Эцэс нь хуулийн цоорхой үүсдэг.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.06.18) 10.00 цагт эхэлнэ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: