"Champions" бэлтгэлийн баазад 2021 оны зургадугаар сарын 23-ны өдөр болох "Токио 2020" зуны олимпийн наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын хэн нь эх орноо төлөөлөн оролцохыг халз барилдуулан шалгаруулах сорилго барилдаан болно.
Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлах юм байна. "Токио 2020" зуны олимпийн жүдо бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жин, нийт 14 жинд хүчээ сорих бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос өчигдөр гаргасан шинэчилсэн чансаагаар Монголын баг тамирчдаас 12 жинд Токиод хүчээ сорин өрсөлдөх эрх авчээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпийн дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг (Азийн квотоор) нар олимпийн эрхийн болзол хангажээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын чансаанд дараалан багтсан бөгөөд МЖБХ-ноос халз барилдаанаар хэнд нь эрх өгөхийг шийдэхээр болжээ.
Харин 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей (Иран гаралтай), 90 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар чансаагаараа жин тус бүртээ шилдэг 18-д багтаж, олимпийн дэвжээнд хүчээ сорих эрхтэй болжээ.
Ийнхүү Монголын шигшээ багаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жүдоч олимп наадамд хүч, ур чадвараа сорин оролцохоор болов. Мөн манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөх юм.
Б.ЖАРГАЛ