"Зуслангийн найзууд"-д тоглосон цалингаараа мотоцикл авсан"

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

"Зуслангийн найзууд"-д тоглосон цалингаараа мотоцикл авсан"

"Зуслангийн найзууд"-д тоглосон цалингаараа мотоцикл авсан"

Бүрх малгай хазгайдуу тавьсан атаман Чинбатыг санаж байна уу. Үзэгчдийн сэтгэлд хүүхэд насны гэнэн төрхөөрөө тодхон үлдсэн Г.Мөнхдөлийг энэ удаагийн Мартагдашгүй танил” буландаа зочноор урилаа. Анх “Зуслангийн найзууд” кинонд долдугаар ангийн сурагч байхдаа тоглож байсан Г.Мөнхдөл одоо 58 настай, хурандаа цолтой. Би "Зуслангийн найзууд" кинонд тоглосны дараа 4100 төгрөгийн цалин авсан. Ээж минь бөөн баяр болоод л, хөөрхий. Тэр мөнгийг хадгалсаар байгаад намайг аравдугаар анги төгсдөг жил орос мотоцикл авч өгч байсан” хэмээн тэрбээр хүүхэд насаа дурсав. 


Зуслангийн найзууд” киноны атаман Чинбатыг хурандаа цолтой, цэргийн хүн болсон гэж дуулсан. Одоо хаана ажиллаж байна вэ?

-Би цэрэг болон цагдаагийн хурандаа цолтой хүн. Анх ОХУ-д Хилийн цэргийн дээд сургууль төгсч, эх орондоо ирээд, Дотоодын цэргийн 05 дугаар анги буюу “Одон тэмдэгт тусгай хороо”-нд 35 жил ажиллаж тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд байлдагчаасаа хурандаа цол авч, тэтгэвэртээ гараад зургаан жил болж байна. Одоо Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргаар ажиллаж байна.

Дотоодын цэргийн анги 2015 онд цагдаагийн байгууллагатай нэгдэхэд цагдаагийн хурандаа болж, хэлтсийн дарга хийж байлаа. Мөн хувийн хайгуулын компанийн захирлаар нэг хэсэг ажилласан. Саяхан он гарснаас хойш дүүргийн Ахмадын хорооны даргаар томилогдоод ажиллаж байна. Өмнө нь дандаа залуучуудтай ажиллаж байсан бол одоо ахмадуудтай ажилладаг хүн болсон доо. Хажуугаар нь Хууль сахиулахын их сургуульд гэрээтээр багшилна.

-Атаман Чинбат  болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-“Зуслангийн найзууд” кинонд 14 настай, долдугаар ангийн сурагч байхдаа тоглосон. 1977 он гэхээр одоогоос 44 жилийн өмнө юм уу даа. Өчнөөн жил өнгөрчээ. Хуучнаар Найрамдлын район буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуульд сурч байлаа. "Монгол кино" үйлдвэр жил бүр 7-9 кино баталдаг. Тэрний нэг нь хүүхдийн кино зайлшгүй байдаг. Зуслангийн үерхэл нөхөрлөлийн тухай кино учраас нийслэлийн бүх сургуулиар явж, долоо наймдугаар ангийн сурагчдаас дүрийн сонголт хийсэн юм билээ.

Намайг долдугаар анги төгсдөг жилийн хавар манай сургууль дээр Ардын жүжигчин Б.Дамчаа агсан ирж байсныг тодхон санаж байна. Тухайн үед Б.Дамчаа гуай киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан юм. Сургуулийн үүдэнд Б.Дамчаа гуайтай таарч, жаахан дэггүйтээд “Япон Дамчаа гуай үхээгүй байсан юм уу” гээд араас нь шивнээд хэлсэн чинь сонсчихсон. Гэтэл над руу эргэж хараад, удаан ажиглаж зогссоноо “Миний дүү наашаа хүрээд ир. Чамайг хэн гэдэг вэ. Хэддүгээр ангийн сурагч вэ. "Монгол кино" үйлдвэр дээр маргааш хүүхдийн киноны дүрийн сонголт хийнэ, яваад очоорой” гэж хэлсэн.

Маргааш нь шалгалтаа өгчихөөд юун кино үйлдвэр рүү явах. Найзуудтайгаа нийлж, голын хөвөөн дээр тоглож байтал нэг найз маань “Чамайг  японБ.Дамчаа "Монгол кино" үйлдвэр дээр ирээрэй гэсэн шүү дээ” гэж хэлэхэд аль хэдийнэ өдрийн 16.00 цаг болчихсон байсан. Юмыг яаж мэдэх вэ гээд яваад очсон чинь олон хүүхдээс дүрээ сонгож байсан. Тэгээд Х.Дамдин багш дээр этюдээ шалгуулах ээлж ирж, намайг “Ямар нэгэн юм бодож байгаад жүжиглэ” гэлээ. Тэгэхээр нь гэрт болсон явдлаа гэнэт санаад, ном уншиж байхад шалны завсраар хулгана гарч ирж, хөөсөн тухайгаа үзүүлэв. Кино группийнхэн инээлдэж, “Маргааш заавал ирээрэй” гээд явуулсан. Маргааш нь фото пробод орсон. Надад авьяас байсан уу, аз таарсан уу ингэж л “Зуслангийн найзууд” киноны атаман Чинбатын дүрд сонгогдсон доо.

-“Зуслангийн найзууд” өнгөт хальсны кино шүү дээ?

-Энэ кино нэрт найруулагч Х.Дамдин багшийн дөрөв дэх кино байсан. Тэрээр “Мартагдашгүй намар”, “Загийн алим”, “Нэг ангийн хоёр” гээд Гавьяат жүжигчин Б.Туяа, Б.Батзаяаг анх ард түмэнд таниулсан хүн. “Зуслангийн найзууд” киног 1977 онд хийхэд Монголын кино урлагийн хамгийн өргөн дэлгэцийн өнгөт бүтээл гэдгээрээ онцлог.

Тэр жил 1977 онд Оросоос өргөн дэлгэцийн өнгөт хальсаар кино хийсэн. Манай багш кадр авч байхад алдаа гаргавал “Наадахыг чинь алтаар, валютаар авсан юм. Улсын хөрөнгө сүйтгэлээ” гэж загнадаг байж билээ.

-Анхны зураг авалтаа хаана хийсэн юм бэ?

-Зуслангийн үерхлийн тухай болохоор Майхан толгойд гол зураг авалтуудаа хийсэн. Мөн Шарга морьт, Батсүмбэрийн сангийн аж ахуй гээд долоо, найман газар зураг авсан. Тухайн үед "Монгол кино" үйлдвэрийн гадна хоёр, гурван хоног хүүхдүүд бужигнасан гэдэг. Гол дүрийн хүүхдүүдээс гадна туслах дүрийн 10-20 хүүхэд бий шүү дээ.

Сүүлд сонсоход надтай этюдээр 10-аад хүүхэд тэнцсэн гэсэн. Дараа нь фото зураг авахад миний мэдэхийн дөрөв, таван  хүүхэд тэнцсэн санагдана. Кино проб дээр хоёр хүүхэд очиж байсан. Найруулагчид зөвлөлдсөний эцэст гол дүрийн Өлзийд тоглосон н.Баатарын оронд Ц.Цогтдэлгэрийг сольж байсан юм. Цэцэгээд тоглосон Т.Гэрэлбат бид хоёр анхны сонголтоор тоглосон.

-“Зуслангийн найзууд” кино хотод нээлтээ хийхэд та хөдөө байсан гэдэг. Киногоо анх хэрхэн үзэж байв?

-1976 онд манай аав бурхан болсон. Би 1977 онд “Зуслангийн найзууд” кинонд тоглосон юм. Манайхан тэгэхэд хөдөө Дорнод аймаг руу нүүхээр болж, би кинонд тоглохоор хамаатныдаа үлдэж байлаа. Киног олон сар, жилээр хийнэ. Бид аравдугаар сарын сүүлчээр сүүлийн зураг авалтаа хийж дууссан. Миний зураг авалт есдүгээр сарын сүүлчээр дуусч, аравдугаар сар гаргаад нутаг руугаа явсан. Манайх Дорнод аймгийн Булган суманд очсон. Наймдугаар ангид элсэхээр очсон чинь сумын сургуулийн захирал нь намайг “Хотын хүүхэд улираад ирлээ” гээд. Ядаж байхад сурагчийн хувийн хэрэг хотоос шилжиж ирээгүй байсан. Тэгээд “Би хотод кинонд тоглосон" гэж хэлэх гэхээр кино маань кино театруудаар гараагүй болохоор санаа зовоод хэлж чаддаггүй. Эгч маань “Наад захирал чинь муйхар хүн байгаа юм. Хэлээд яах юм бэ” гээд долдугаар ангийн хичээлээр шалгалт авч тэнцээд, наймдугаар ангидаа сурсан даа. Ирэх намар нь Чойбалсан дахь төвийн арван жилийн сургуулийн есдүгээр анги руу шилжсэн.

Нэг өдөр тавдугаар сарын сүүлчээр төмөр замд явж байсан чинь хэдэн хүүхдүүд “Намайг чи тэр хүүхэд мөн байна” гээд асуулаа. Би гайхаад “Би биш Булган сумаас ирсэн” гэсэн чинь “Чамтай яг адилхан хүүхэд кинонд тоглосон байна лээ” гэдэг юм байна.

Тэгсэн “Зуслангийн найзууд” кино маань хотод нээлтээ хийж, аймагт нэг удаа гарсан юм билээ. Би киногоо үзээгүй. Тэгээд зургадугаар сарын 1-ний өглөө Дорнодын үйлчилгээний төвийн кино театрт кино маань гарч байна гэхээр нь очиж үзэв. Кино дуусч, гэрэл ассан чинь хүүхдүүд кино театрын дарга намайг Чинбат гэдгийг мэдчихгүй юү. Тэгээд  надад дурсамж гардуулж, тайзан дээр гаргаад. Тэгж киногоо сүүлд үзэж байлаа.

-Тэр үед "Монгол кино" үйлдвэрийн кинонд тоглосон хүүхдүүд өндөр цалин авдаг байсан гэдэг. Анхны цалингаараа юу авсан  бэ?

-Би эхний ажлын хөлсөндөө 1700 төгрөг авч байлаа. Тэгж анх хөдөлмөрийн гараагаа 14 настайдаа эхэлсэн хүн дээ. Би одоо улсад тасралтгүй 45 жил ажиллаж байна (инээв). Тухайн үед манай гэр хөдөө, хамаатныдаа түр амьдарч байсан. Цалингаа авах гэтэл “Ээж, ах дүү, хамаатнаа дагуулж ир” гэхээр нь гудамжинд явж байсан нэг хүнээс ах минь болоод өгөөч гэж гуйлаа.

Танихгүй хүнийг ахыгаа гэж дагуулж очоод, цалингаа аваад 10 төгрөг өгтөл “Болно болно, миний дүү” гэж билээ. Тэгээд 1700 төгрөгтэй хүн хөдөө гэртээ харихаар Улсын их дэлгүүр орлоо. Тэнд баахан хүмүүс бужигнаад, чемодан зарж байхаар нь 25 төгрөгөөр чемодан авсан. Хүнсний тасгаас 5 кг алим аваад, дээшээ гарсан чинь 18-ын торго зарж байна. Ээждээ хоёр, ихэр эгчдээ нэг нэг, том эгчдээ нэг дээлний торго, өөртөө Хэрлэн голоос загас барихаар уурга авсан. Ингээд 400 гаруй төгрөгийг нь үрчихээд, 1300 төгрөгтэй шууданд суугаад, гэртээ очиж байлаа.

-Ёстой сайхан дурсамж байна?

-Бас болоогүй ээ. Дараа жил нь есдүгээр анги төгсдөг жил уран бүтээлийн мөнгө гэж шуудангаар 2400 төгрөг өгсөн. Би чинь нийтдээ 4100 төгрөгийн цалин авсан. Манай ээж бөөн баяр болоод л, хөөрхий. Ээж минь тэр мөнгийг хадгалсаар байгаад, намайг аравдугаар анги төгсдөг жил орос мотоцикл авч өгч байсан.

Ээж муугүй орос хэлтэй хүн байсан. Булган сумаас Тамир гээд өртөөнд оччихсон орос цэргийн ангиудтай их найзална. "Хүүдээ мотоцикл авч өгнө" гээд мөнгө нэмээд авч өгөхөд нь “Би сургуульд явна. Мотоцикл унахгүй” гээд шинэ мотоциклоо хүнд зарсан юм. Манай ээж 3800-гаар худалдаж авсан мотоциклыг хүнд 4800 төгрөгөөр зарсан. Анхны ашигтай наймаа (инээв). Тэгсэн манай ээж “Чи ямар муухай юм бэ. Мөнгийг нь буцааж өг” гээд. Тэгсэн нөгөө хүн маань мөнгөө буцааж авахгүй гэж билээ. Тэгэхэд шинэ мотоцикл 5000 төгрөгийн үнэтэй байсан юм.

-Тэр үеийн хөгтэй, сайхан дурсамжуудаасаа ярьж өгөөч?

-Атаман Чинбатын өмсдөг дугуй малгай зохиолд бичигдээгүй. Атаманы дүрийг тодотгохын тулд Х.Дамдин найруулагч маань өөрөө тэр малгайг сонгож өгсөн. Батсүмбэрийн сангийн аж ахуйд зураг авалт хийхээр бидэнд хувцас гэж дэлгүүрээс ойр зуур юм авсан юм. Кино үйлдвэрийн хувцаснаас зураач хувцаслаад очтол Х.Дамдин багш “Огт болохгүй байна” гээд. Тэгээд намайг дагуулаад хоёр том хайрцаг ухаад, янз бүрийн малгай өмсүүлж үзсэн.

Тэгсэн нэг дугуй малгай гаргаж ирж өмсүүлээд, хажуу тийшээ, урагшаа харуулаад байхаар нь тоглож байна гэж бодохгүй юу. Тэгсэн чинь “Энэ малгай яг болно” гээд зургаа авсан. Би тэр малгайгаа дараа нь “Өөртөө дурсгал болгож авъя” гэсэн чинь данстай малгай гээд надад өгөөгүй л дээ. Олон сайхан дурсамж бий.

Кино хийгээд дууссаны дараа Соёлын яамны Уран сайхны зөвлөлөөр орж, цензурдэнэ. Тэгсэн ямар дарга нь хэлсэн юм, бүү мэд. “Атаман гэдэг үг ёс суртахуунгүй. Хүүхдэд муу нөлөө үзүүлнэ. Наад үгээ өөрчил” гэсэн юм билээ. Гэтэл Х.Дамдин багш маань эхний хэсгийг “Зуслангийн ахлагч аа” гэж өөрчилж, сүүл хэсэг рүүгээ “Атаман аа, атаман аа” гэдэг үг нь гардаг. Хүмүүс үүнийг огт анзаардаггүй. Чинбат эмнэлэгт хэвтэж байхад хүүхдүүд эргэж ирэхдээ цаасан дээр “Атаман аа, хурдан эдгээрэй” гэдэг хэсгийг өөрчилж, "Зуслангийн найз аа” болгож бичсэн байдаг. Тэгж Уран сайхны зөвлөлөөс зөвшөөрөл авч, батлагдаж гарч байлаа. Сонин түүх байгаа биз.

-Айлын ганц хүү байсан гэлээ. Хэр эрх дураараа, дэггүй жаал байв?

-Ер нь намайг энэ кино их хүмүүжүүлсэн. Би айлын том хүү. Манай аав цэргийн хурандаа хүн байсан. Аав минь бурхан болоход ээж “Чи одоо өрхийн тэргүүн боллоо. Гурван эгчтэй хүн одоо жаахан учиртай бай” гэж хэлж байсан. Тэгээд л нэг жаахан хүмүүжиж, хөдөлгөөнөө багасгасан даа. Гэхдээ хүн дээрэлхэж байсангүй. Хааяа хүүхдүүдтэй нийлээд хүн чадсан хорлонтой юм их хийнэ. Янз бүрийн юм сэтгэдэг. Ном их уншдаг хүүхэд байлаа.

Кинонд тоглосны дараа хүүхдүүд намайг “Атаман, атаман” гэж дуудна. Намайг уурлахаар хүүхдүүд “Дүрдээ итгэсэн онгироо амьтан” гээд. Хүүхдүүдийн эвийг олох гээд “Энэ чинь киноны дүр шүү дээ” гээд хамт тоглоно. Хүнтэй харилцах харьцаанд хүртэл нөлөөлсөн. Тэгж өөрийгөө хянаж, сурлагадаа анхаарахгүй бол болохгүй гээд хичээж эхэлсэн. Чинбатын дүр миний амьдралд их тус дэм болсон.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Манай эхнэр ч гэсэн “Зуслангийн найзууд” киноны хэсэгт орсон байдаг юм. Хожим танилцсаны дараа хань маань “Би тэр хэсэгт гардаг хүүхэд байна” гэж хэлж билээ. Ёстой л хувь зохиолоор ханьтайгаа учирсан даа. Бид ханилаад 33 жил болж байна. Манайх нэг хүү, нэг охинтой. Том хүү маань гэрлээгүй. АНУ-д сургууль төгсч, их сургуульд багшилж байна. Одоохондоо өвөө, эмээ болоогүй байна.

-Одоо ч зуслангийн найзуудтайгаа холбоотой байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Зуслангийн найзуудтайгаа одоо ч холбоотой байдаг. Гол дүр болох Өлзийд тоглосон Ц.Цогтдэлгэр гэх залуу маань 1986 онд бурхан болсон. Цэцэгээ маань саяхан тэтгэвэртээ гарсан, байнга холбоотой байдаг. Ж.Бямбацоож, Балбар гээд найзууд минь бий. Киног хамгийн их тодотгосон хүүхэд бол нусхай Баяраа хүүгийн дүр шүү дээ. Тэр хүүхдийн нүүрний хувирал эсрэг дүрийг тодотгож, маш сайн тоглосон санагддаг.

“Зуслангийн найзууд” кино маань зурагтаар дандаа гарч байдаг юм. Манай найзууд “Чи дандаа л мөнгө төлж, киногоо гаргаж байх юм” гэж хошигнодог. Би киногоо хувилаад авчихсан хадгалж байгаа.

-Атаман Чинбатад дахин кинонд тоглох санал ирсэн үү?

-Би дахин өөр кинонд тоглоогүй. Арван жилийн сургуулиа төгсөөд, ОХУ руу их сургуульд сурахаар явсан. Би чинь “Зуслангийн найзууд” кинонд тоглоод л хөдөө явчихсан. Үргэлжлүүлээд ОХУ-д цэргийн сургуульд суралцахаар явсан учраас кинонд тоглох боломж гараагүй. Сүүлд ганц хоёр хүмүүс надад санал тавьж байсан.

“ЗУСЛАНГИЙН НАЙЗУУД” КИНО

Бүтээсэн он: 1977 он

Бүлгийн тоо:7 (Өнгөт)

Зохиож, найруулсан – Халтарын Дамдин

Зураглаач: – Сэржготовын Батсүрэн
Зураач: – Дуламсүрэнгийн Буяндэлгэр
Хөгжмийн зохиолч: – Дамбийнямын Жанчив

Дууны найруулагч: – Ц.Должинсүрэн

Нүүр хувиргагч: – П.Ичинхорлоо, Б.Бадамгарав

Эвлүүлэгч: – С.Дарьсүрэн
ГОЛ ДҮР:

  • Өлзий – Ц. Цогтдэлгэр
  • Цэцэгээ – Түндэвийн Гэрэлбат
  • Чинбат – Г.Мөнхдөл
  • Дэндэв – Дарьсүрэнгийн Байдий

Дүрүүдэд:

  • Ж.Жаргалсайхан, Л.Гансүх, Ж.Бямбацоож, Л.Ганбат, Д.Батмөнх, Б.Эрдэнэбаатар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж