Хоёр өдрийн өмнө (2021.06.16) УИХ-ын нэр бүхий гишүүн эхнэрээ зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр гэр бүлийнхнээс нь гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэл нээн, шалгаж буй аж. УИХ-ын нэр бүхий гишүүний эхнэр өнгөрсөн Лхагва гаригийн өглөө 04:00 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байгаа юм.
Түүний эхнэрийн гомдолд үндэслэн УИХ-ын гишүүнд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн юм. Түүний мэдээлснээр, УИХ-ын гишүүний эхнэрт гэмтлийн зэрэг тогтоон, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч Зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй гэнэ.
Алтан торонд гургалдай жиргэдэггүй гэдэг. Монголчууд гэр бүлийн хүчирхийллийн тухай хандлагаа өөрчлөх цаг болсон байна. Өөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тоо баримтаар биш бодитоор тэмцэх шаардлагатай болж. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэл гэр хороололд ажилгүйдэл, архидалтаас үүддэггүй аж. Хүчирхийлэгчид зөвхөн ажилгүй, архинд “донтсон”, боловсролгүй хүмүүс байдаггүй. Олны танил урлаг соёлынхон, загвар өмсөгч, цагдаа, хууль санаачлагч нь хүртэл хүчирхийлэл үйлдсээр. Баян, эрх мэдэлтэй хүн хүчирхийлэл үйлдвэл хүчирхийлэгчийн зөв, хүчирхийлүүлэгчийн буруу болох нь ч бий. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын байрын бэлгийн дарамт учруулдаг гэх асуудал одоо ч шийдэгдэхгүй явсаар байгаа. Түүний хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүд цагдаад хандсан байтал анхаарах төр алга. Ц.Анандбазар нь ажлаа хийсэн шигээ, охид бүсгүйчүүдийг буруутгаж, өөрийгөө зөвтгөсөн шигээ явж байна. Эхнэрээ зодсон дуулианд нэр холбогдсон УИХ-ын гишүүний асуудал ч ингэсхийгээд мартагдах биз.
Загвар өмсөгч С.Эрдэнэцогт, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн олны танил хүн цөөнгүй. Монголд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг чангаруулсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурсангүй. Улсын хэмжээнд энэ оны таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 596 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өссөн дүн юм.
Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 159 иргэнд торгууль ногдуулсан бол 2816 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ. гү
Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь хайртай дотнын хүмүүс дунд болдог, хохирогчид нэр хүндээ бодоод цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй, далд үйлдэгддэгээрээ онцлогтой. Архидалт, ядуурал, ажилгүйдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан биш. Энэ бол нөлөөлж буй хүчин зүйл. Суурь шалтгаан нь, айдсаас үүдэж буй хүчтэй, хүчгүйн тэнцвэртэй биш харилцаа юм. Үүнд өнгө мөнгө, албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгө, боловсрол, мэргэжил огт хамаардаггүй. Энэ утгаараа хаана ч үйлдэгдэж болно.
Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр хороололд үйлдэгдэгдэхгүй. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг өсч байгаа нь иргэдийн эрхзүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой. Далд үйлдэгдэж буй гэмт хэргийг хөршүүд цагдаагийн байгууллагад мэдээлдэг болж, хөндлөнгийн хяналт сайжирсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн ихэнх нь хөршийн дуудлага. Цөөн тохиолдолд хохирогчид өөрсдөө цагдаад ханддаг. Ерөнхийдөө хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн юм. Гэвч хууль санаачлагчид нь өөрсдөө хүчирхийлэгч байх нь хэр ёс зүйтэй вэ?
Нийгмийн сүлжээнд “Хүчирхийллийг тэвчихгүй” гэх давлагаа өрнөдөг ч тэгсхийгээд мартддаг. Жишээ нь, Ц.Анандбазарын эсрэг "Metoo" хөдөлгөөн байна. Харамсалтай нь, хаалганы цаана хэчнээн аврал эрсэн эмэгтэй, хүүхдийн эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг тодорхойлох аргагүй. Учир нь, хэлээ хазаад тэвчих үү, цагдаад мэдэгдэж илүү их тамлуулах уу гэх эргэлзээ, айдас дунд олон эмэгтэй "чөтгөрийн тойрог" шиг амьдралаар чимээгүй амьдарсаар байна.
Холбоотой мэдээ