Нисдэг Голландын эсрэг Австри

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Нисдэг Голландын эсрэг Австри

Нисдэг Голландын эсрэг Австри

"C" хэсгийн ээлжит тоглолт болох Нидерланд-Австри шигшээ багуудын тоглолт өнөө шөнө 03:00 цагаас  Йохон Круфф цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Хоёр баг хэсгийн эхний тоглолтдоо хоёулаа тус бүр гурван гоол оруулж ялалт байгуулсан. Тийм учраас гоол арвинтай тоглолт болж магадгүй. Хоёулаа нээлттэй тоглодог довтолгоо сайтай багууд. 

Тоглолтын хувьд аль аль багуудад бэртэл гэмтэл харьцангуй гайгүй байгаа нь сайн хэрэг. Нидерландын шигшээ багаас энэ тоглолтыг Маттиес Де Лигт цавьны гэмтлийн улмаас өнжиж магадгүй, тоглох эсэх нь эргэлзээтэй. Хоёр багийн дасгалжуулагчид өмнөх тоглолтод гаргасан бүрэлдэхүүнээ илгээнэ хэмээн таамаглаж байна. 

Боломжит гарааны бүрэлдэхүүн:

НИДЕРЛАНД

Шигшээ багийн хаалгыг өдгөө 38 настай Мартин Стекеленбург манаж байгаа. Саяхан шигшээ багийнхаа төлөө 60 дахь тоглолтондоо оролцсон байна. Залуу цагтаа гялалзаж явсан түүний хувьд формоо алдаагүй, сайн байгаа юм. 

Гарааны хамгаалагчдад дунд нэгэн онцлох залуу байгаа нь Аякс клубын хамгаалагч одоо 21 настай Журриен Тимбер гэх залуу. Энэ улиралд клубынхээ төлөө 21 тоглолтод оролцсон. Цаашдаа Нидерландын шигшээгийн арыг олон жил хамгаалах ирээдүйтэй залуу хэмээн яригдаж байгаа. Өнөөдрийн тоглолтод өөр нэг онцлох тоглогч нь Жеоржино Виналдум. Тэрбээр саяхан Францын Парис Сэйнт-Жермэйн клубтэй гэрээ байгуулж нэгдэхээр болсон мэдээлэл цацагдсан. Энэ Еврод гялалзах залуусын нэг бол гарцаагүй Виналдум юм.

АВСТРИ

Тэдний хамгаалалтын шугамд Бундеслигийн аварга Байерн Мюнхен клубийн тоглогч Давид Алаба байгааг мартаж болохгүй. Яг одоогоор Австрийн бүрэлдэхүүнд багтаж буй 26 тоглогчоос хамгийн амжилттай яваа нь Давид Алаба. Мөн одоогоор бүрэлдэхүүнд байгаа 26 тоглогчийн 20 нь Германы лигүүдэд тоглодог тоглогчид байгаа бөгөөд нэг багт хамт тоглодог хэд хэдэн тоглогч  бий. Магадгүй энэ нь ойлголцож тоглоход илүү хялбар, давуу тал болно.

Тэдний довтолгооны шугамд Германы Штутгарт клубын довтлогч Саша Каладич гэх ирээдүйтэй залуу байгаа. Марко Арнаутовичийг залгаж гарч ирж буй гэхэд хилсдэхгүй.  Энэ улиралд Бундеслигийн 33 тоглолтод оролцож 16 гоол оруулсан амжилттай энэ тэмцээнийг зорьж иржээ.

ТОГЛОЛТЫН СТАТИСТИК:

– Нидерландын шигшээ баг Австрийн эсрэг тулсан сүүлийн 6 тоглолтод бүгдэд нь хожил байгуулаад байгаа аж.

– Том тэмцээнд тэд хамгийн сүүлд 1978 оны Дэлхий Аваргын шөвгийн 16-т учраа таарч байжээ. Тухайн тоглолтод Нидерландын шигшээ 5-1 харьцаатай хожил байгуулж байсан түүхтэй. 1978 оны Дэлхийн Аваргын финалд Нидерландын шигшээ шалгарсан гэдгийг та бүгд мэднэ.

НИДЕРЛАНД:

– Улбар шарууд эхэлж гоол оруулсан 21 тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулаад байгаа аж. 

– Мемфис Депай Нидерландын шигшээ багийн өмсгөлтэй нийт 65 тоглолтод оролцож 48 гоолд шууд оролцоод байна. (26 гоол, 22 гоолын дамжуулалт)

– Жеоржино Виналдум шигшээ багийнхаа төлөө сүүлийн 26 тоглолтод 15 гоол оруулаад байна. Тэрбээр эхний 50 тоглолтод ердөө 8 гоол оруулж байжээ.

АВСТРИ:

– Тэд Хойд Македоны шигшээ багийг хожиж том тэмцээнд 9 тоглолт дараалан хожигдоод байсан цувралаа зогсоожээ.

– Тэд хамгийн сүүлд том тэмцээний нээлтийн эхний хоёр тоглолтод хожил байгуулсан нь 1982 оны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн байв.

– Австрийн шигшээ түүхэндээ Европын аваргад таван гоол оруулж байсны дөрвийг нь сэлгээнээс орж ирсэн тоглогч оруулжээ.

                                                   Newmeta – М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж