Хөлбөмбөгийн Европ, дэлхийн аварга бүрээр л зөнч амьтад олны анхаарлыг татдаг. Энэ жишгээр Ахилл муур Евро-2020 тэмцээний тоглолтуудыг урьдчилан таамаглаж байна. Орос муурны хувьд одоогоор Итали-Турк, Орос-Бельги, Финланд-Орос зэрэг тоглолтуудын ялагчийг зөв зөгнөсөн бол Польш-Словакийн тоглолт дээр алджээ.
Санкт Петербург хотын алдарт Эрмитаж музейн муур Ахилл өмнө нь 2017 оны Холбоодын цом, 2018 оны дэлхийн аваргын ялагчдыг урьдчилан таамаглаж байв.
Ширээн дээр хоёр аяган дотор муурны хоол, аяганы хажууд тухайн өдөр хоорондоо тоглох хоёр улсын туг байх бөгөөд зөнч муур хоёр аяганы нэгээс хооллох аж. Ийнхүү түүний хоол идсэн аягтай улс хожих нь. Муурны эзэн Анна Кондратева TACC агентлагт өгсөн ярилцлагадаа “Ахилл юм л бол Оросын туг руу явдаг боллоо” хэмээн хошигноод амжжээ.
Цагаан өнгөтэй, цэнхэр нүдтэй Ахилл муур төрөлхийн дүлий учир дуу чимээнээс айдаггүй байна. Тэрбээр 2017 оны Холбоодын цомын тэмцээний дөрвөн тоглолтоос гурвынх нь ялагчдыг зөв таасны дотор тэмцээний нээлтийн болон финалын тоглолт багтжээ.
Харин 2018 оны дэлхийн аваргын үеэр Ахилл муур тэмцээний эхний дөрвөн тоглолтын ялагчдыг зөв тааж, тус тэмцээний "Шилдэг зөнч амьтан" хэмээх нэр алдар хүртээд амжжээ. Гэвч харамсалтай нь, сүүлийн гурван тоглолтын ялагчийг буруу зөгнөсөн аж.
Холбоотой мэдээ