Ерөнхий нарийн бичгийн дарга: Д.Жаргалсайхан
Гүйцэтгэх захирал: Ч.Эрдэнэтуяа
Монголын Оюутны Спортын Холбоо /МОСХ/ нь их, дээд сургууль, коллежуудын оюутны биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, тэдгээрийн дунд зохиох бие бялдрын боловсролын ажлыг сайжруулах, олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны үйл ажиллагаанд Монголын оюутны идэвхитэй оролцоог хангах зорилгоор 1989 оны зургадугаар сарын 25-ны өдөр төр, олон нийтийн төв дөрвөн байгууллагын хамтарсан шийдвэрээр байгуулагдсан. Манай улсад бүрэлдэн тогтсон улс төрийн шинэ тогтолцооны нөхцөлд Монголын оюутны спортын холбооны бүтэц, зохион байгуулалт, дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчлөн боловсронгуй болгох шаардлагын үүднээс 1992 онд Оюутны спортын чуулган хуралдаж МОСХ-г шинэчлэн баталснаар аль нэгэн байгууллагын харьяалалд бус биеэ даасан олон нийтийн төв байгууллага болон бүрэлдэн тогтсон юм. Ийнхүү монгол орны оюутны спортын хөдөлгөөний түүхэнд анхны бие даасан бүтэц, зохион байгуулалттай төрийн бус байгууллага бий болсон.
МОСХ нь Монгол улсын оюутны спортыг бүх төвшинд хөгжүүлэх ОУОСХ-ны үйл хэрэгт оюутнуудыг өргөнөөр оролцуулах, оюутны эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх нийтийн болон шинэ спортын төрлийг хөгжүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулж нэгдмэл удирдлагаар ханган, тэдний эрх ашгийг хамгаалах, оюутны спортын нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
МОСХ-ноос 2 жил тутамд улс орны хэмжээнд “Оюутны спортын Универсиад их наадам” Үндэсний оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 гаруй төрлөөр зохион тив, дэлхийн оюутны аваргын тэмцээн, дэлхийн “Универсиад” наадамд Монголын оюутны баг тамирчдыг бэлтгэн оролцуулах зэрэг олон хэлбэрийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Оюутны спортын холбоо нь Монгол орны бүх төрийн болон төрийн амчийн бус их дээд сургууль, коллежуудын оюутан тамирчдыг бүхэлд нь хамруулан үйл ажиллагаагаа зохион байгуулж, дэмжлэгийг нь зүй ёсоор авч 170 гаруй их, дээд сургууль, коллежиудад суралцаж буй оюутнуудын 1/3 нь МОСХ-ны үйл ажиллагаанд идэвхитэй, тогтмол хамрагдан оролцдог.
МОСХ-ны бүрэлдэхүүнд бүс нутгийн оюутны спортын холбоод их, дээд сургууль, коллежийн спортын тэнхим, спорт клуб, хамтлаг зэрэг байгууллагууд орохын зэрэгцээ Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймагт салбар байгууллагууд ажиллаж тухайн нэгж нутаг дэвсгэрийн хэмжээнд оюутны спортыг хөгжүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг эрхэлж байна. Монгол улсад оюутны спортын хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь 4 жилд нэг удаа хуралдах “Монголын оюутны спортын холбооны чуулган” бөгөөд хуралдаанаас МОСХ-ны удирдах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгон ажилладаг. Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд манай улсын их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэн багш нар, хамтран ажиллагч болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөгчид багтан ордог. МОСХ-ны ерөнхийлөгчөөр Голомт банкны ТУЗ-ийн дарга, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д. Баясгалан ерөнхий нарийн бичгийн даргаар Д. Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна.
Монголын оюутны тамирчдын төлөөлөгчид 1973 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны Универсиад” наадамд анх оролцож эхэлсэн бөгөөд өвлийн “Универсиад” наадамд Япон улсын Саппоро хотноо 1991 оноос оролцож эхэлжээ. ОУОСХ-ноос 2 жилд нэг удаа зохиогддог дэлхийн “Универсиад” их наадам нь өвөл, зуны спортын төрлүүдээр зохиогдохын зэрэгцээ 2 жил тутамд Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүд спортын 30 орчим төрлөөр зохиогддож байна. Эдгээр тэмцээнүүдэд Монголын оюутан тамирчдын нэрийг өндөрт өргөн мандуулж чөлөөт бөхийн тамирчин Ц. Нацагдорж /1973 он Москва, ЗХУ/, З. Ойдов, З. Дүвчин нар /1977 он Софи, Болгар/, жүдогийн тамирчин Х. Болдбаатар /1999 он Пальма, Испани / чөлөөт бөхийн тамирчин Б. Наранбаатар /2005 он Измир, Турк/, жүдо бөхийн тамирчин М. Бундмаа /2007 он Бангкок, Тайланд/ нарын 6 тамирчин “Универсиад” наадмын аварга болж байв.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медалийг буудлагын тамирчин О.Гүндэгмаа Чех улсын Пельзен хотноо 2003 онд болсон тэмцээнээс спорт гар буу, хийн гар бууны буудлагын төрөлд хошой алтан медаль хүртсэн амжилтаар эхлүүлсэн юм. Түүний дараа 2006 онд Улаанбаатар хотноо болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны ДОАШТэмцээнээс Ц.Энхжаргал, Ю.Гандолгор, Н.Отгонжаргал, Г.Наранчимэг, О.Бурмаа, Б.Наранбаатар, Д. Лхагвадорж, Б. Батзориг, Ц. Магалжав нарын 9 тамирчин алтан медаль хүртсэн юм. Мөн боксын оюутны дэлхийн аваргаас Э. Бадар-ууган /Казакстан Алмата 2006 он/, жудо бөхөөр Х.Цагаанбаатар /Сувон, БНСУ, 2006 он / нарын тамирчид 13 алтан медалийн эзэн болж дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж оюутан тамирчдын зүй ёсны бахархлыг төрүүлсэн юм. Монголын оюутан тамирчид Универсиадаас нэг мөнгө, 5 хүрэл нийтдээ 12 медаль, Оюутны дэлхийн аваргаас мөнгө 6, хүрэл 18 медаль нийтдээ 37 медаль хүртэж байсан юм.
МОСХ нь зорилтоо хэрэгжүүлэх үүднээс төр, олон нийтийн төв байгууллагууд БСШУЯам, Эрүүл мэндийн яам, БТСУХороо, Нийслэлийн ЗДТГ, МҮОХороо, МЗХ, МОХ зэрэг байгуулагуудтай хүн амын бүлэг, ажил төрлийн хүрээллээрээ нягт холбогдож байдгын зэрэгцээ “Бодь Интернейшнл”, “Японы Иточу”, Голомт банк, “Залуу Монгол корпораци” зэрэг 10 гаруй компани, аж ахуйн байгууллагуудтай хамтран ажиллаж оюутны спортын үйл хэрэгт туслалцаа, дэмжлэг авч байна. Монгол улс 1977 онд ОУОСХ-нд гишүүнээр элссэн бөгөөд МОСХ нь 1995 оны 8 дугаар сарын 21-22 ны өдрүүдэд Япон улсын Фукуока хотноо болсон ОУОСХ-ны 24 дүгээр ерөнхий ассамблейн хуралдаанаар Монгол улсыг тус олон улсын байгууллагад төлөөлөх эрхийг дангаараа эдлэх холбоо болон батлагдсан юм. Тус холбоо Азийн оюутны спортын холбооны (АОСХ) гишүүнээр 1993 онд элссэн. МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан ОУОСХ-ны ерөнхий санхүүчээр (2007-2012), МОСХ-ны ЕНБДарга Д. Жаргалсайхан нь АОСХ-ны ГХ-ны гишүүнээр (2005-2010) онуудад тус тус сонгогдон ажиллаж байна. Монголд оюутны спортын хөдөлгөөнийг жинхэнэ ёсоор төлөөлж буй Монголын Оюутны Спортын Холбоо нь МҮОХорооны бүрэн эрхт гишүүн бөгөөд Монгол Улсын Хууль зүйн яамны 646 тоот гэрчилгээ, регистрийн 1016679 тоот бүртгэлтэй нийслэлд ажиллаж буй залуучуудын олон нийтийн 50 орчим байгууллагын нэг юм.
Зорилго:
• Оюутан залуусын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний дунд зохиох бие, бялдрын боловсролыг ажлыг сайжруулан, биеийн тамир, спортын хөдөлгөөнийг оюутны дунд өрнүүлэх.
• FISU -гийн үйл ажиллагаанд Монголын оюутны идэвхитэй оролцоог хангах.
• “Универсиад”-ын үзэл санааг дэлгэрүүлэх.
• Төрөөс оюутны биеийн тамир,спортын талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилтэнд туслалцаа, хувь нэмэр оруулах.
Үйл ажиллагааны зарчим:
• МОСХ нь Монгол улсын оюутны спортыг бүх төвшинд хөгжүүлэх ОУОСХ-ны үйл хэрэгт оюутнуудыг өргөнөөр оролцуулах.
• Оюутны эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн болон үндэсний их спортыг эрчимтэй хөгжүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулж нэгдмэл удирдлагаар хангах.
• Тэдний эрх ашгийг хамгаалах, оюутны спортын нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.