Данийн нийслэл Копенхаген хотын Паркен цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр/2021.06.17/ шөнө 00:00 цагаас Бельги-Данийн шигшээ багуудын гал гарсан тоглолт явагдах гэж байна.
Бельгийн шигшээ багийн хувьд эхний тоглолтоо ОХУ-ын шигшээ багийн эсрэг хийж 3-0 харьцаатай илт давуу хожсон. Харин Данийн шигшээ баг эхний тоглолтод Финландын шигшээ багт 1-0 харьцаатай хожигдсон ч тэдний хувьд энэ тоглолтын үр дүн чухал биш байсан. Учир нь багийн лидер тоглогч Кристиан Эриксен тоглолтын дундуур ухаан алдаж, хүндхэн нөхцөл байдал үүссэн билээ. Тухайн тоглолтод хэдий харамсалтай үйл явдал болсон ч хөлбөмбөгийн эв нэгдэл, хүндэтгэл гэж юу байдгийг тод томруунаар харуулсан тоглолт болсон. Харин одоо Кристиан Эриксен ухаан орж, биеийн байдал нь тогтворжоод байгаа юм.
Өнөөдрийн тоглолтын хувьд Данийн шигшээ баг зайлшгүй оноо зулгаах шаардлагатай. Энэ хэсгийн нөгөө багууд болох ОХУ, Финландын багууд тус бүр 3 оноо аваад байгаа бол Даничууд 0 оноотойгоор Бельгийн эсрэг тулах гэж байна. Харин Бельгийн шигшээ хожил байгуулахад л шөвгийн 16-д шалгарах болзлоо хангах юм.
Боломжит гарааны бүрэлдэхүүн:
Дани
Данийн шигшээ багийн хаалгыг Английн Лэстэр Сити клубын хаалгач Каспер Шмэйхель манаж байгаа тул Ромелу Лукаку тэргүүтэй Бельгийн шигшээ багийн хувьд гоол оруулна гэдэг тийм ч хялбар байхгүй биз ээ. Учир нь Каспер Шмэйхель энэ тэмцээний шилдэг хаалгачдын тоонд зүй ёсоор багтана. Тэрбээр Данийн шигшээ багийн бүрэлдэхүүн дэх хамгийн ахмад тоглогч бөгөөд туршлага арвинтай тоглогч. Мөн түүний ачааг хөнгөлөхөөр хамгаалалтын ноён нуруу багийн ахлагч Симон Каер байгааг мартаж болохгүй.
Кристиан Эриксенийг орлож Английн Брентфорд клубын 25 настай тоглогч Матиес Иенсен гарах төлөвтэй байна. Бусад байрлалд бараг өөрчлөлт гарахгүй үндсэн бүрэлдэхүүнээ илгээх байх хэмээн бидний зүгээс таамаглаж байна. Дасгалжуулагч Каспер Хулмандын хувьд 4-2-3-1 хувилбараар тоглодог. Данийн шигшээ довтолгоо залуу тоглогчдоор бүрдсэн, хурдтай учир Бельгийн хамгаалагчдын формийг шалгасан тоглолт болох нь гарцаагүй.
Бельги
Энэ удаагийн тэмцээнд Бельгийн шигшээ шилдэг таван багийн нэгээр нэрлэгдэж байгаа. Тэд бэртэл гэмтэлгүй бол ямар ч багийг хожих боломжтой хүчирхэг баг. Тэмцээнийг тэд гол хөдөлгөгч хүч Кевин Дэ Бройнгүй эхлүүлж байгаа нь муу мэдээ. Гэхдээ тэрбээр дараа дараагийн тоглолтуудад оролцох магадлал өндөр байгаа. Мөн ахиллисийн гэмтлийн улмаас 9 сар талбайд гараагүй Аксель Вицел эргэн ирж буй нь сайн хэрэг.
Роберто Мартинез өмнөх тоглолтод гаргасан бүрэлдэхүүнээ Данийн эсрэг ахин гаргаж магадгүй. Хаалган дээр Реал Мадрид клубын хаалгач Тибуо Куртуа өрсөлдөөнгүй гарна. Бельгийн шигшээ багийн онцлох тоглогч бол Италийн Интер Милан клубын довтлогч Ромелу Лукаку. Шигшээ багтаа тогтмол гоолыг оруулж байгаа Лукукагийн хувьд клубтээ ч гэсэн маш өндөр формтой улирлыг үдсэн. Түүнийг зогсооно гэдэг Данийн хамгаалагчдын хувьд том асуудал.
Тоглолтын статистик:
- Хоёр багийн учраа таарсан сүүлийн найман тоглолтод Бельги дөрөв хожсон бол Данийн шигшээ гурав хожиж, нэг тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна. Уг тоглолтуудад нийт 31 гоол оржээ.
Дани:
- Данийн шигшээ баг том тэмцээнд сүүлийн дөрвөн пеналтынхаа гурвыг нь алдаад байгаа аж.
Бельги:
- Бельгийн шигшээ баг Европын аваргын сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт нь хожил байгуулаад байна.