Монгол Улс зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хилээ албан ёсоор нээсэн ч дэлхийн 78 улс монголчуудад хөл хорио тавьсан. Тэдгээр улсын нэг нь Япон. Тиймээс Монголын олимпийн баг, тамирчид Токиог зорьж, олимпод оролцож чадах уу гэх асуулт тавигдаж байна. Учир нь Монголыг Covid-19-ийн өндөр эрсдэлтэй бүс хэмээн үзэж, манай улсаас жуулчин авахгүй гэдгээ Япон улс аль хэдийнэ зарласан.
Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяраас тодруулахад “Олимпод оролцох баг, тамирчдад зохион байгуулагч орноос ID карт олгох учир асуудалгүй Япон руу нэвтэрнэ. Зөвхөн олимпийн ID карттай хүмүүс тус улс руу нэвтэрнэ. Харин эхний ээлжийн тамирчид хэзээ Японыг зорихыг шийдээгүй байна. Удахгүй Монголын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдана. УОК-ын зөвшөөрөл болон МИАТ-ын долдугаар сарын нислэгийн хуваарь гараагүй байна” гэв.
Токио-2020 зуны XXXII удаагийн олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. Одоогоор Монголын олимпийн баг тамирчид спортын 12 төрөлд, 30 эрх аваад байна.
Саяхан олимпийн зохион байгуулагчдын зүгээс наадмын үеэр мөрдөгдөх гарын авлага, зөвлөмжийн гурав дахь хувилбарыг гаргажээ. Тус гарын авлагад бичсэнээр тамирчид өдөр бүр Covid-19-ийн халдварыг илрүүлэх шүлсний шинжилгээ өгөх аж. Харин шүлсний шинжилгээ эерэг гарвал баталгаажуулж PCR шинжилгээ хийх гэнэ. Мөн Covid-19-ийн үед мөрдөх дүрэм журмыг зөрчсөн тамирчдыг Япон улсаас шууд албадан гаргах болсныг анхааруулжээ.