Хязгаарлалт тогтоосон аймгууд руу зорчихдоо юу анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Хязгаарлалт тогтоосон аймгууд руу зорчихдоо юу анхаарах вэ?

Хязгаарлалт тогтоосон аймгууд руу зорчихдоо юу анхаарах вэ?

Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр мянгаас буухаа болив. Иймд орон нутгийн удирдлагууд орж, гарах хөдөлгөөнөө хаагаад байна. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 111 суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм.  Тиймээс иргэд орон нутаг руу зорчихдоо аймгийн Онцгой комисстой холбогдож, зөвшөөрөл авахыг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй. Мөн аймгийн удирдлагууд вакцины хоёрдугаар тунд хамрагдсан, түргэвчилсэн шинжилгээний бичигтэй иргэдийг нэвтрүүлэх шаардлага тавьж байна. Энэ талаар зарим аймгийн удирдлагуудаас тодруулав.

ГУРВАН СУМАНД ХЯГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ховд аймгийн Засаг дарга Б.ДҮГЭРЖАВ: 

-Аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг цуцалсан. Өнөөдрийн байдлаар Булган, Дарви, Цэцэг суманд хөл хорионы дэглэм үргэлжилж байна.

Ер нь иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах нь өөрийнх нь ухамсар, үүрэг гэдгийг иргэд ойлгож хариуцлагатай байх ёстой. Төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалж байна гээд хөл хорио тогтоох нь иргэний эрхэд халдаж байгаа юм. Ховд аймгийн тухайд “ногоон бүс” болж байсан ч Улсын онцгой комиссоос хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээснээр аймагт дахин эрсдэл үүссэн.

Улаанбаатар хотоос Covid-19 халдвар зөөвөрлөгдсөн асуудал гарч байна. Иймд хязгаарлалтын дэглэм тогтоохдоо 72 цагаас хэтрэхгүй. Энэ хугацаанд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлэх судлах арга хэмжээг авч байгаа юм. Хязгаарлалт тогтоосон Дарви суманд өнөөдрөөс дэглэм суларна. Мөн Булган  сумын хязгаарлалтыг сулруулах эсэхийг иргэдийн PCR шинжилгээний хариунаас шалтгаална.

ВАКЦИНД  ХАМРАГДСАН Ч 14 ХОНООГҮЙ БОЛ PCR ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН БАЙХ ЁСТОЙ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.ИШДОРЖ: 

-Аймгийн Онцгой комисс хуралдаж хязгаарлалтын дэглэм тогтоох тухай хэлэлцэж байна. Хуралдаанаар Хархорин суманд орж, гарах хөдөлгөөнийг хаах, хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар  хотоос аймагт ирж байгаа иргэд вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байх шаардлагатай. Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй бол заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой.

             ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН

-Дорноговь аймгийн Засаг дарга О.БАТЖАРГАЛ:

-Улсын онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд хязгаарлалт тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хаасан. Зөвхөн УОК-ын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, хүндэтгэх шалтгаантай иргэдийн хөдөлгөөнийг зөвшөөрч байна. Бусад хот хооронд болон сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хориглосон. Аймаг руу нэвтрэх иргэд вакцины хоёрдугаар тунд хамрагдсан, УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл авсан, түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх ёстой. Мөн аймаг руу нэвтрэхэд нь шинжилгээг авна. Аймагт ирж байгаа иргэд гэрийн тусгаарлалтад долоо хононо. Шаардлагатай бол 14 хононо. Вакцинд хамрагдах боломжгүй иргэдээс аймаг руу нэвтрэхэд түргэвчилсэн шинжилгээ авна. Ер нь иргэд хариуцлагатай, ухамсартай байх хэрэгтэй.

Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээр зарим ухамсаргүй иргэд ар гэрийнхэндээ халдвар тарааж байна. Жишээ нь,  сүүлийн 14 хоногийн байдлаар шинжилгээнийх нь хариу гараагүй байхад аймагт ирж аав ээж, хүүхдэдээ халдвар тараасан тохиолдол гарсан. Тухайн иргэн халдварт өртсөнөө мэдэхгүй гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, эргээд хот руу буцахад  шинжилгээний хариу нь эерэг гарсан асуудал үүсч байгаа юм.

             АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НЭГ СУМАНД ТЭГ ЗОГССОН

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.БАУЫРЖАН: 

-Баян-Өлгий аймагт хязгаарлалт тогтоогоогүй Covid-19 халдвартай зэрэгцэн амьдарч байна. Аймаг руу нэвтрэх иргэдээс ямар нэгэн шалгуур тавихгүй. Тиймээс иргэд ухамсартай, хариуцлагатай  байх хэрэгтэй. Түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, долоо хоног гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байна. Баян-Өлгий аймаг нь өөрийн гэсэн онцлогтой. Өвөлдөө байшин, зундаа гэрт амьдардаг. Айл бүр эсгий гэртэй учраас гэрээ барих уриалгыг дэвшүүлж байгаа. Учир нь, хотоос ирж буй хүүхэд, ах дүү, найз нөхөдтэйгээ нэг байшинд холилдохгүй, гэрт тусгаарлаж байрлуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 13 сумаас нэг суманд тэг зогссон. Хязгаарлалт тогтоосон хоёр сумын дэглэмийг сулруулж байгаа.  Ер нь эдийн засаг хямарсан үед хааж боох хязгаарлалт тогтоохоос аль болох татгалзаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж