Мьянмарт орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд армийн цэргүүдтэй мөргөлдсөний дараа төв хэсгийн Кин Ма тосгон үнсэн товорго болж, дор хаяж хоёр хүн нас баржээ.
Тосгоны оршин суугчдын мэдээлснээр цэргүүд нийт 200-240 байшин шатааж орхисон гэнэ. Анх цэргүүд тус тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулан орогнож байсан хунтын дэглэмийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлийг дарахаар ирснээс болж ширүүн мөргөлдөөн болсон аж.
Мөргөлдөөний талаар Нэгдсэн Вант улсын элчин сайд Дан Чагг өөрийн цахим хуудсандаа “Хунтын дэглэмийнхэн Магвэй дэх бүтэн тосгоныг газрын хөрстэй тэгшилж, хөгшчүүлийг нь хүйс тэмтэрч хүн төрөлхтний эсрэг аймшигт харгис гэмт хэргээ үйлдсээр байна” гэж бичжээ.
Харин нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тосгон бүхэлдээ шатсан явдлыг зэвсэгт бүлэглэлүүд буюу алан хядагчдын буруу хэмээн мэдээлж байна. Тухайлбал, MRTV сувгаар дээрх үйл явдлыг хунтын дэглэмийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүдийн санаатай зохион байгуулсан армийн нэр хүндийг унагаах башир арга хэмээн тайлбарласан байна.
Тэгвэл тосгоны иргэдийн хэлж байгаагаар армийн дарангуйллыг эсэргүүцэхээр нэгдсэн ардын батлан хамгаалах хүчин нэртэй зэвсэгт бүлэглэл тосгоны ойролцоо байрлаж, өөрсдийн гар аргаар хийсэн зэвсгүүдээ ашиглан армийн дайралтуудыг эсэргүүцэж байсан аж. Гэвч бүлэглэлийнхэн хүчгүйдэн ухрахад цэргүүд тосгонд орж ирмэгцээ гал тавьж эхэлжээ. Түүнчлэн цэргүүд тосгоны иргэд рүү байлдааны сумаар гал нээж эхэлсэнд хүмүүс уул руу зугтаацгаасан аж. Гэвч дор хаяж хоёр өндөр настан бусдынхаа хөлийг гүйцэлгүй цэргүүдийн галд өртөж амь үрэгдсэн гэнэ. Мөн түүнээс гадна хэд хэдэн хүмүүс ор сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ