ЕВРО 2020 тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр/2021.06.17/ эхэллээ. Нэгдүгээр тойрогт ялалт авсан багууд хэрэв дахин хожил байгуулвал хэсгээс гарах болзлоо хангах тоглолтуудаа хийгээд эхэлсэн гэсэн үг.
ФИНЛАНД 0-1 ОХУ
Өчигдрийн эхний тоглолт Финланд – ОХУ-ын шигшээ багуудын хооронд явагдсан. Түүхэндээ анх удаа том тэмцээний “утаа” үнэрлэж буй Финландчууд ЕАШТ-д маш сайн эхлэлийг тавьж, Данийн шигшээ багийг буулган аваад байсныг бид бүхэн мэднэ. Санкт Петербург хотноо явагдсан өчигдрийн тоглолтод ч тэд сайн тоглолтоо үргэлжлүүлсэн. Тоглолт эхлээд ердөө гуравхан минут өнгөрч байхад Финландын шигшээ багийн довтлогч Жоел Похяанпало хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг мөргөн гоол оруулсан ч отон тоглолт гэж үзэн тооцоогүй. Энэ талаар Финландын хөгжөөн дэмжигчид нэлээн бухимдалтай байсан. Эсрэгээрээ Финландын шигшээ багийнхан шүүлтэд эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж тоглолтын дараа багийн ахлагч Паулус Араахури “ Жоел отон тоглолтын байрлалд хэр зэрэг орсныг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ үнэхээр ойрхон байсан. Маш нарийн систем ажиллаж байгаа учир шүүлтэд эргэлзэхгүй байна. Өнөөдөр бидний өдөр биш байлаа.” хэмээсэн.
Тэдний нэгдүгээр үеийн азгүйтэл энэ хүрээд өндөрлөсөнгүй. Эхний үе дуусаж байхад буюу шүүгчийн мэдлийн цагт ОХУ-ын довтлогч Алексей Миранчук Финландын хаалгыг мялааснаар тоглолтын эхний хагас өндөрлөсөн. Хоёрдугаар хагас эхлэхэд Финландчууд илүү довтолж тоглосон ч тусыг эс олсон. Ингэснээр хоёр баг хоёул гурав гурван оноотой болсон ба “B” хэсгийн байдал одоог болтол шийдэгдээгүй хэвээр үлдлээ. Хэрэв өнөөдөр Данийн шигшээ Бельгийг буулган авбал дөрвөн баг гурван оноотой гэсэн сонирхолтой үзэгдлийг бид харахаар болж байна.
Турк 0-2 Уэльс
Урьдчилсан шатны тэмцээнд ердөө хоёр гоол алдсан Туркууд ЕВРО-д өнөөх сайн тоглолтоо үзүүлж чадахгүй байна. Эхний тойрогт Италид 3-0-ээр ялагдсан тэд энэ удаад Уэльсийн багт мөн л ялагдал хүлээлээ. Ювентусын хамгаалагч Мерих Дэмиралыг сэлгээнд суулгаж Сассуологийн Каан Аиханыг гараанд гаргасан тэдний хамгаалалтаар Аарон Рамси үнэхээр “наадсан”. Туркийн багийн хувьд тоглолт эхэлснээс хойш хамгаалалтдаа отон тоглолтын шахалтыг их хийж байсан. Дөрвөн хамгаалагчтай хувилбарт төдийлөн зохицоогүй энэ тактикт тоглолтын үеэр Туркууд хэд хэдэн алдаа гаргасны нэг нь гоол болсон. Гарет Бэйлийн төгс дамжуулалт, Аарон Рамзигийн мэдрэмжтэй гүйлт энэ гоол орох түлхүүр болсон. Үүний дараагаар тоглолтын 61 дэх минутанд Уэльсийн багийн ахлагч Гарет Бэйл торгуулийн цохилт алдсан нь Туркуудэд боломж олгосон явдал болсон. Гэвч хавирган сарнуудын довтолгоо болж өгөхгүй хэвээр л байсан ба Коннор Робертс шүүгчийн мэдлийн цагт гоол оруулснаар тоглолтын эцсийн цэгийг тавьсан.
Ингэснээр Туркийн баг хэсгээсээ гарах магадлал тун хэцүү болж ирсэн бол Уэльсийн шигшээ дөрвөн оноотой хэсгээс гарах магадлалаа ихэсгэж чадлаа. Гарет Бэйл тэргүүтэй Уэльсийн залуус Италийн эсрэг оноо салгахад л хэсгээсээ гарах нь ойлгомжтой болох юм.
Швейцарь 0-3 Итали
Италийн шигшээ урд шөнийн тоглолтод ялалт байгуулснаар ЕАШТ-ийн хасагдах шатанд оролцох болзлоо хангасан эхний баг боллоо. Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар дасгалжуулагч Роберто Манчини эрсдэл гаргахыг хүсэлгүй бага зэргийн бэртэлтэй байгаа Флорэнзиг сэлгээний сандал руу шилжүүлж түүнийг орлуулахаар Ди Лорэнзог гараанд гаргасан. Бусдаар гараанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Өчигдрийн тоглолтод тэдэнд нэг харамсалтай зүйл тохиолдсон нь багийн ахлагч Жеоржиа Кьеллини тоглолтын 24 дэхь минутанд гуяны арын шөрмөсөө гэмтээн сэлгээний суудал руу шилжсэн явдал байлаа. Энэ бэртлийн талаар алдарт хөлбөмбөгчин Патрик Вьери “Энэ бол үнэхээр том асуудал. Түүний бэртэл тийм ч хүнд биш байгаасай гэж найдаж байна. Бэртэл нь Италийн шигшээ багт том гай тарина.” хэмээсэн. Уэльсийн эсрэг сайн тоглолт үзүүлж гарааны эрхээ баталгаажуулаад байсан Лакотэлли өчигдрийн гол баатар байж хоёр гоол оруулсан. Тоглолтын шилдэг болсон тэрбээр даруу загнаж “Би энэ багт байгаа хамгийн залуу тоглогчдын нэг. Эдгээр залуустай нэг багт тоглож байгаа нь надад үнэхээр гайхалтай байна. Би энэ шагналаа (тоглолтын шилдэг) багийхаа бүгдтэй нь хуваалцах ёстой” гэсэн ба Марко Вераттигийн талаар “Түүнийг хурдхан л эдгээсэй гэж хүсч байна. Тэр бол үнэхээр авьяаслаг залуу. Тэр эргэн ирж би сэлгээ рүү шилжвэл надад ямар ч асуудал байхгүй” гэжээ.
Швейцарийн хувьд гарааны бүрэлдэхүүндээ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Энэ нь тэдний гол алдаа байлаа. Өнөөх л Сафарович довтолгоонд байсан нь тэдний хурдтай сөрөг довтолгоог бага зэрэг удаашруулсан гэж хэлж болно. Швейцарийн багийн хувьд сүүлийн тоглолтдоо Туркийг заавал ялах хүндхэн даалгавартай үлдлээ.