Х.Баттулгын ДӨРВӨН ЖИЛ

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын ДӨРВӨН ЖИЛ

Х.Баттулгын ДӨРВӨН ЖИЛ

Буцаж яваа хүний араас сүү өргөдөг жамтай. Гээд Х.Баттулга төрийн ордны гурван давхраас явж байгаа ч Монголын их улс төрийг орхихгүй нь үнэн. Тиймдээ ч эргэн ирэх бүх замаа засч,  өнөөх  олон нийтэд таалагдах улс төр хийхийн тулд өвдгөө цоортол өөрийн биеэр шагнал гардуулж байна.

 У.Хүрэлсүхэд зургадугаар сарын 25-нд тамгаа өгснөөр Төрийн ордны гурван давхраас Х.Баттулга “Баянгол” руугаа явна.  Түүнд баяртай гэж хэлэх болоогүй. Тэр бүдэг дүр байгаагүй нь үнэн. Гэхдээ түүний дөрвөн жил дотоодын улс төрийн хувьд хямралтай, гадаад харилцаа тэг зогссон он жилүүд байлаа. Товчхондоо, Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь хувь хүндээ амжилт, Монголын хувьд эмгэнэл байв.

Нэг.

Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.  Тэрбээр дөрвөн жилийн өмнөх хөтөлбөртөө ийн амласан байдаг. Гэвч, эргээд харахад тэр эв нэгдлийн бэлгэ тэмдэг биш эвдрүүлэгч, хэрэлдүүлэгчийн тод дүр байлаа.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо даргаа “эвэр ургуулж” өгсөн С.Эрдэнийн  намыг мөргөөд  эсрэгээрээ эрх баригч намын зүүний хүчнийхэнтэй, илүү тодорхойгоор хэлбэл У.Хүрэлсүхийг түшсэн. У.Хүрэлсүхийг энэ өндөрлөгт хүрэх замыг нь засч өгсөн. Үүндээ тэр өнөөдөр толгойгоо “шааж” суугаа нь  тодорхой.  Учир нь,  У.Хүрэлсүхийг өөрөөс нь урвана чинээ тооцоогүй. Тиймээс ч уураа Сү.Батболдод гаргах болсон билээ.

Х.Баттулгын хувьд АН-ын хүчийг тарамдуулж, МАН-д хүч нэмж өгсөн. Ардчилсан нам хоёр байтугай хуваагдсан нь Х.Баттулгын хийсэн ажлын үр дагавар. Аврагчийн дүрээр Ардчилсан намд алхаж орно гэж тооцож яваа хүн.  Өнгөрсөн УИХ-ын сонгуульд хавь ойрын хамаг хүнээ АН-ын эсрэг сумласан нь өөрийн толгой дээр чулуу болж бууна гэж төсөөлөөгүй биз.

Түүний жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат нар шоронд сууж, Оюутолгойн гэрээ байгуулсан, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн болгоны “дээлийг нь нөмрүүлсэн” нь түүхэнд хар толбо болж үлдэх биз.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс Х.Баттулгын дөрвөн жилд үзэл сурталын хоригдлуудтай болсон нь үнэн юм даг.

Хоёр.

Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна. Мөрийн хөтөлбөр дэх хоёр дахь амлалт.  Үнэндээ өнгөрсөн хугацаанд Төрийн ордны гурван давхраас хэнд хэдэн жилийн ял оноохыг шийддэг, шүүгчдэд даалгавар өгдөг байсныг удахгүй шинэ Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх У.Хүрэлсүх болоод Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдэгдсэн.  Х.Баттулгатай ойр шадарлаж явсны хувьд У.Хүрэлсүхийн хэлсэн үг худлаа биш болох нь мэдээж.

Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа төмөр замын хэрэгт холбогдон шалгагдаж байсан солонгосчуудад торгох ял оноогоод нутаг буцаасан. Уг хэргийг өдгөө өмгөөлөгч Б.Баасанцогтын гэр бүлийн найзууд гэх З.Болдбаатар шүүгч шүүсэн байдаг.  Түүний энэ үйлдэлд импичмент хийхээ МАН зарласан, даанч айчихсан болохоос.

Гурав.

Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.

Тэр ингэц амбицлаж байсан юм. Гэвчиг, эдийн засаг сэргэх нь байтугай экспорт, импорт тэг зогсолт хийхэд хүрсэн. Мэдээж, энэ бүхэнд Х.Баттулгыг буруугүй гэж хэлэх боломжгүй. Учир нь, төмөр замын төслийг 10 жил гацааснаар Монголын нүүрсний зах зээлийг оросууд эзлэх болсон.

Х.Баттулгын бүрэн эрхийн дөрвөн жил гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Эсрэгээрээ хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэцгээсэн. Анх удаа монголчууд бие дааж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан том төслийг зогсоохын тулд С.Ганбаатарыг хүртэл “өлсгөсөн”. Оюутолгойн гэрээг байгуулсан бүхнийг харлуулах, хорих пи-арыг хангалттай хийсэн. Х.Баттулга Оюутолгойтой “ноцолдох” болсны зорилго нь Удоканы орд  удахгүй ашиглалтад орохтой холбоотой гэж харагдаж, хардагдаж байгаа

Дөрөв.

Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.

Монгол Улсын төрийн тэргүүний хувиар эхний бөгөөд сүүлчийн удаа Кремльд хөл тавих гэсэн түүний хүсэлтийг В.Путин хүлээж аваагүй.  Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон анхны гадаад айлчлалаа ОХУ-ын Владивосток хотоос эхлэж, нүүрсээ 4000 киломерт замаар зөөж, гуравдагч хөрш рүү гаргахаар тохиролцоод ирж байлаа. Харин Хятадад болсон ШХАБ-ын уулзалтад оролцоод ирсэнийхээ дараа Монголыг Шанхайн ломбардад золтой л тавьчихаагүй.  АНУ-д Монголын Ерөнхийлөгчийн хувиар айлчилж, Д.Трамптай уулзахдаа Сибирийн түймэрт санаа тавьж, Путины өмнөөс үг дайж яваад ирсэн байдаг.

-Монгол ялсан уу?

-Ялна.

Энэ бол Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хамгийн сүүлчийн удаа өгсөн ярилцлагын хамгийн сүүлийн хариулт. Тэрбээр дөрвөн жилийн өмнө “Монгол ялна” уриатайгаар сонгуульд оролцож, 600 мянган хүний саналаар Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Түүний өгсөн хариултаас харвал “Монгол ялаагүй” бололтой. Ялсан гэж итгэлтэйгээр хэлээгүй, ялна гэж ирээдүй цаг дээр хариулсныг бодвол шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж