"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан"

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан"

"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан"

"Номын баяр-2021" арга хэмжээний үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар өнөөдөр/2021.06.17/ мэдээлэл хийлээ.


Зохиолч С.Төмөр:

-Тус арга хэмжээг зохион байгуулсан “Номын ертөнц” ТББ-тай би холбогдоод саравч түрээслэхийг хүссэн. Гэвч бүх лангуу, саравч нь хүнтэй болчихсон байсан. Нэг саравч 400 мянган төгрөг. Номын баярын эхний хоёр өдөр би очиход хүмүүс саравчгүй ч гэсэн номын жижиглэн худалдаа хийж байсан. Ингээд би өөрийнхөө бичсэн номуудыг танилцуулж, зарах гэж номын баярын гурав дахь өдөр очсон. Номоо зарсан хүмүүс явж байхаар нь хоосон саравчин дотор эзэнгүй сандал дээр суугаад бананы хайрцган дээр номоо дэлгээд сууж байсан. Гэтэл хоёр бүсгүй ирээд учир зүггүй намайг түрээсээ төлөөгүй учир яв гэсэн.  Гараад талбай дээр бусдын адил номоо зарах гээд суусан. Гэтэл нөгөө хоёр бүсгүй чинь хоёр цагдаа дагуулаад ирсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн н.Ууганбаяр, н.Батдэлгэр гэх хоёр цагдаа ирсэн. Би ямар ч нийтийн хэв журам зөрчөөгүй зүгээр номоо зараад сууж байсан. Би өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй. Ирээд намайг шууд журамлана гэсэн. Олон хүн сууж байхад ганцхан намайг  та нар илүүд үзэж байна гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл намайг явуулаагүй. Цагдаагийн пост руу авч явна гэсэн.

Ингээд маргаан үүсч, цагдаа нар намайг чирээд, газар унагаан толгой, хавирга руу цохисон. Миний хавирга дээр өвдөглөөд суусан. Миний эхнэрийн толгой руу хүртэл цохисон.

Зөндөө олон иргэд зөвшөөрөлгүй номоо зарж байсан шүү. Тэнд байсан иргэд, залуучууд намайг өмөөрөөд тойрог болоод зогссон. Хүн бүр бичлэг хийж, зураг авч байсан. Би тэднийг эсрэг хүчирхийлэл үйлдэж, зодоогүй. Тэд намайг доороо хийчихсэн хүчирхийлэл үйлдсэн, зодсон. Үүнээс болж иргэд, цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүссэн. Тэр хоёр цагдаа шившигтэйгээр зугтаасан. Би ч үзэсгэлэн дууслаа гээд гэр рүүгээ харьсан. Зодуулсныхаа дараа би Цагдаагийн дотоод хяналтын хэлтэс рүү залгаж, дуудлага өгсөн. Гэр рүүгээ явж байхад Сүхбаатар дүүргийн цагдаагаас ахмад н.Батболд гэж хүн залгаад талбай дээр дуудсан. Намайг очиход намайг зодсон хоёр цагдаа, ахмад н.Батболд байсан. Ахмад надад хэлэхдээ таныг зодуулсан гэх нотолгоо алга гэсэн. Харин ч цагдаа нарын хувцсыг урсан байна, хорино гэсэн. Нуун дарагдуулах сонирхол байсан байж магадгүй. Намайг зодсон хоёр цагдаагийн зургийг эхнэрийн маань утсан дээрээс устгуулсан. Намайг хорино гэхээр нь би тэдний хэлсэн бүхнийг биелүүлсэн.

Хоёр бүсгүйг оруулж ирээд тэд нараар намайг буруутай гэж хэлүүлсэн. Ахмад тэдэнд үг зааж өгсөн. Хохиролгүй, гомдолгүй гэдэг бичгээ хийсний дараа намайг хорино гэсэн. Ингэхээр нь би бичгээ ураад хогийн саванд хийсэн. Намайг хорих байранд их удаан байлгаж, дарамталсан. Би өргөдөл өгнө гэхэд та битгий бич, тэгвэл явуулна гэсэн. Би дахиад л хохиролгүй, гомдолгүй гэдэг бичгээ бичиж өгсөн. Эцэст нь намайг явуулсан. Ахмад н.Батболд энэ хэргийг нуун дарагдуулахын тулд энэ бүхнийг хийсэн. Харин маргааш өглөө нь цахим орчинд миний зураг, бичлэг тарсан. Ингээд буруугүй гэдгээ нотолсон би прокурорт өргөдөл гаргасан. Өргөдлөө өгсөнөөс хойш өдөр бүр ахмад н.Батболд гэдэг хүн над руу залгаж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь над руу ярьсан. Надтай уулзахыг хүссэн ч би гомдлоо буцаахгүй гэдгээ хэлсэн. Энэ хэрэг дээр хяналт шалтгалтын ажил эхэлсэн. Би вакциндаа бүрэн хамрагдсан.

Харин өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэрэгтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргасан юм. Тус мэдэгдэлд "Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны зургадугаар сарын 13-ны өдөр 18:00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн. Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж