Дэлхийн даяар ихэнх улс орнууд мөн бүс нутгууд өрсөлдөх чадвараа ямар нэгэн байдлаар хэмжиж мөн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бодлогууд хэрэгжүүлж байна. Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлсон тайланг дэлхийн хэмжээнд хоёр байгууллага жил бүр гаргадаг.
Дэлхийн эдийн засгийн чуулган 2004 оноос хойш 140 улсын өрсөлдөх чадварыг 12 үндсэн бүлэг бүхий 98 үзүүлэлтээр хэмжиж “Global Competitiveness Index”-ийг боловсруулдаг. Харин Швейцарт төвтэй “IMD Дэлхийн өрсөлдөх чадварын төв” нь 1988 оноос хойш “IMD World Competitiveness Report”-г гаргаж байна. Энэ жил 64 улсын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн бүлэг бүхий 261 үзүүлэлтээр хэмжжээ.
“IMD Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс гаргасан “IMD World Competitiveness Report 2021” тайланг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв өнөөдөр /2021.06.17/ олон нийтэд танилцууллаа.
Тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвараараа Швейцарь, Нидерланд, Дани зэрэг улсууд тэргүүлж байгаа бол Венесуэл, Аргентин, Ботсвана, Монгол, Бразил, ӨАБНУ зэрэг улсууд сүүлийн байруудад орсон байна. Монгол Улсын хувьд 64 улсаас 60-д жагсчээ. Өнгөрсөн 2020 онд 61-т бичигдэж байв.
Улс орнуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ:
- Эдийн засгийн тамир тэнхээ
- Засаглалын үр ашиг
- Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
- Дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн үзүүлэлтийг нь харьцуулдаг. Монгол Улсын хувьд дээрх дөрвөн үзүүлэлт бүгд буурсан байна.
Монгол Улсын хувьд ЕБС-ийн төгсөгчдийн тоогоороо, бичиг үсэгт тайлагдсан хувиараа тэргүүлж байгаа атлаа дээд боловсролын чанараараа дэлхийд сүүл мушгиж байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэргэжилтнүүд онцоллоо.
Баруун Европ болон Зүүн Азийн улсууд өрсөлдөх чадвар, эдийн засгийн үзүүлэлтээр ахисан байгаа бол Латин Америк, Өмнөд Африкийн улсуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд буурчээ. Жагсаалтыг тэргүүлж буй улсуудын хувьд цар тахлын үед эрүүл мэнд, боловсрол, инноваци, технологийн салбартаа илүү анхаарсан байгаа нь ажиглагдаж байна.
Энэхүү судалгааны гуравны нэгийг статистик мэдээлэл дээр, үлдсэн хэсгийг удирдах ажилтнуудын санал асуулгууд дээр үндэслэн дүгнэсэн байна. Цар тахал гарсантай холбоотойгоор дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадвар ерөнхийдөө сулрах байдал ажиглагдаж байгааг тайланд дурджээ.
Монгол Улсын сайжирсан үзүүлэлтүүд:
- Урсгал тэнцлийн алдагдал өнгөрсөн жил ДНБ-ний 15,6 байсан нь 4,3 болж буурсан
- Инфляци 7,26 хувиас 3,72 болж буурсан
- Интернет хэрэглэгчдийн тоо 1000 хүн тутамд 318 байснаас 479 болж нэмэгдсэн
- Ажилгүйдлийн түвшин буурсан
- Удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 36 хувиас 43 хувь болж өссөн
- Залуучуудын ажилгүйдлийн түвшин багассан
Монгол Улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлс:
- Төсвийн алдагдал илт нэмэгдсэн /өнгөрсөн жил төсвийн алдагдал ДНБ-ний 0,56 хувийн илүүдэлтэй байсан бол 2021 онд 9,74 хувь болж нэмэгдсэн/
- Гадаад худалдаа, үйлчилгээний экспорт ДНБ-ний 10 хувиас 4,7 хувь болж буурсан
- Бодит ДНБ-ний өсөлт 5,1-ээс -5,4 хувь болж буурсан
- Нэг хүнд ногдох бодит ДНБ 3,17 хувиас -5,2 хувь болж буурсан
Холбоотой мэдээ