Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар яаравчилж буй сурагтай. Гэвч музейн бүтээн байгуулалт олны шүүмжлэл дагуулав. Учир нь Монголын нэрийн хуудас болсон Чингис хааны музей байгуулахдаа улстөржсөн шийдвэр гаргаж, зураг төслийн уралдаан зарлахгүйгээр “Балданс” гэх компаниар зураг төслийг нь гаргасан гэдгийг судлаачид хэлж байна. Ингээд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцсанаа хүргэе.
-Чингис хаан музейн бүтээн байгуулалт олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Та өмнө нь хуучин Байгалийн түүхийн музейн барилгыг Улаанбаатар хотод үлдсэн цөөн неокласизм загвартай барилгын нэг гэж хэлж байсан?
-Байгалийн түүхийн музейн барилгын буурин дээр шинэ музей барьсан нь ганц барилга, байшингийн асуудал биш юм. Улаанбаатар хотын өв буюу Сүхбаатарын талбай тойрсон барилгууд нь тухайн цаг үеийнхээ архитектурын оргил бүтээлүүд гэж хэлж болно. Ингэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг архитектор, инженер, зураач гэсэн мэргэжилтнүүдийг дайчилсан. Ялангуяа Байгалийн түүхийн музейн зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд хийсэн. Энэ хүний алдартай хэд хэдэн бүтээл бий. Тухайлбал, Байгалийн түүхийн музей, “Улаанбаатар” зочид буудал, Улсын драмын эрдмийн театрын барилга юм. Тэдгээр гурван барилга гурвуулаа неокласизмын үеийн Б.Чимэд архитекторын хамгийн оргил бүтээл. Он цагийн хувьд Байгалийн түүхийн музейг 1954 онд барьсан бол 1960 онд Улсын драмын эрдмийн театр, 1961 онд “Улаанбаатар” зочид буудлын барилгыг барьсан түүхтэй.
Чингис хаан музей хотын архитектурын ансамблийг алдагдуулж байна
Чингис хаан музей хотын архитектурын ансамблийг алдагдуулж байнаhttps://news.mn/r/2442746/
Posted by News.mn on Thursday, June 17, 2021
Социализмын үед Сүхбаатарын талбай тойрсон барилга байгууламжуудыг нэг ансамбль болгосон. Өөрөөр хэлбэл архитектурын чуулбар хэлбэрээр барьсан гэсэн үг. Ихэнх нь неокласизмын үеийн загвартай буюу урдаа баганатай барилга.
Эхнээс нь нэрлэе. Байгалийн түүхийн музей тэрний зүүн талд хуучнаар 72 айлын орон сууц гээд хоёр арктай барилга байгаа. Тэрний зүүн талд Монгол Улсын их сургуулийн барилга, урагшаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Үндэсний төв номын сан, Улсын драмын эрдмийн театрын баруун талд Чойбалсангийн өвлийн ордон буюу “Маршал харш”, Хөрөнгийн бирж, одоогийн “Алтай” зочид буудлын барилга, Монголын Үйлдвэрчний эвлэлийн барилга, Төрийн ордон байна. Энэ барилгууд Монголын уран барилга, архитектурын чуулбар бөгөөд оргил бүтээлд тооцогддог.
-Гэтэл өнөөдөр энэ архитектурын чуулбарыг эхнээс нь муудсан, хуучирсан гэж нурааж, шинэ барилга барих болсон шүү дээ?
-Эндээс хот төлөвлөлт харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төв хэсгийг неокласизмын загвартай, архитектурын шийдлээр байгуулсан. Ингэхдээ тухайн үеийн Засгийн газрын ордон хамгийн өндөр нь буюу 4.5 давхар бол бусад барилгыг Төрийн ордноос намхан барьсан байдаг. Улаанбаатар хэвтээ тэнхлэгийн чиглэлтэй хот. Жишээлбэл, Байгалийн түүхийн музейн зүүн тийшээ буюу Төрийн ордны ардуур явж байгаа неокласизм загвартай барилгууд хэвтээ тэнхлэгт яг нэгэн жигд харагддаг. Ингэснээр орон зайн хувьд өгүүлэмжтэй болж байгаа юм.
Чингис хааны музейг шинээр барьж байгуулахыг ямар ч монгол хүн үгүйсгээгүй. Би ч гэсэн энэ музей байгуулаасай гэж бодож байсан. Гэхдээ Монголын орчин үеийн түүхийг илэрхийлсэн, хотын төвдөө байрлалтай, неокласизм загвартай ансамблийн нэг барилгыг нурааж, шинэ музей барьж байгаа нь өрөөсгөл асуудал юм. Нэгдүгээрт, Чингис хаан музейн зураг төслийг анх хийхдээ олон нийтэд нээлттэй зураг төслийн уралдаан зарлаагүй. Монголчуудын хувьд Чингис хаан бол маш том бэлгэдэл, үнэт зүй нь шүү дээ.
Ийм түүхэн хүний нэртэй музейг Монгол Улсдаа байгуулах гэж байж зураг төслийн уралдаан зарлалгүйгээр “Балданс” гэх компани монополь байдлаар зураг төслийг гаргасан нь маш том алдаа. Тиймээс ч олны шүүмжлэл дагуулах нь тодорхой. Энэ загвар бол Байгалийн түүхийн музейн загварыг шинэчлэхээр зориулан хийсэн зураг төсөл дээр бөмбөгөр орой хийгээд л Чингис хааны музей болгосон.
-Музейн зураг төсөл нь барьсан барилгаас өөр байна. Судлаачдын зүгээс Чингис хаан музейн барилгыг неокласизм загвартай барих саналыг тавьж байв уу?
-Анх олон нийтэд үзүүлж байсан Чингис хаан музейн зураг төсөл сая баригдсаны дараа харахад өөр байсан. Зүгээр л дөрвөлжин хайрцаг шиг барилга барьчихсан. Монголд барилгын сайн зураг төсөл хийдэг компаниуд байгаа. Гайхамшигтай зураг төсөл хийлээ гэж бодоход барилгачид энийг хийж чадахгүй юм байна гэдгийг харлаа. Барилгын салбарт ийм боловсон хүчин, хүний нөөц дутмаг, техник технологи, ур чадвар бидэнд хангалтгүй байгааг харж байна. Дараагийн том асуудал бол Чингис хааны музей баригдсанаараа хотын төвийн архитектурын ансамблийг алдагдуулж байна. Бид цаашид Бага тойруу дахь неозкласизм загвартай барилгуудаа буулгаад, орчин үеийн барилга босгоод байх юм уу. Дээрээс нь нэмээд УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгах талаар ярьж эхэлсэн шүү дээ.
Социализмын үеийн хотын ой санамжийг илэрхийлсэн хамгийн том орон зай бол Улаанбаатар, тэр дундаа Бага тойруу. Өөр ийм архитектурын ансамблиараа үлдсэн газар байхгүй. Бид өнөө цагт эдгээр барилгаа авч үлдэх ёстой юм. Мэдээж бид орчин үеийн хотыг байгуулах ёстой. Гэхдээ өөр газар байгуулъя. Жишээлбэл, Европын орнуудад хуучин хотоо хэвээр нь авч үлдээд, өндөр шилэн барилгуудаа хотынхоо гадна барьж байгуулдаг. Гэтэл бид хотоо тэлэхгүйгээр хуучин буурин дээр шинэ хотоо байгуулж байгаа нь маш том алдаа.
Ардчилсан нийгэмд томоохон бүтээн байгуулалт хийхдээ зураг төслийн уралдаан зарлах ёстой. Мөн ард иргэд, залуус, архитектор, хот төлөвлөлтийнхээ оюун санааны илэрхийлэл, тусгалыг уралдаанд хүлээн авч, зураг төслийг нь шалгаруулах ёстой байсан. Нэг хүн, нэг компанийн үзэл бодлоор монголчуудын нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлсэн бүтээн байгуулалтыг хийж байгаа нь буруу.
-Байгалийн түүхийн музейд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг албаныхан мэдээлж байсан. Салбарын сайд нь ч очиж үзүүлсэн. Барилгыг нураахгүйгээр сэргээн засварлах боломж байсан уу?
-Музейн барилга нурж унах нь гэдэг ямар ч ор үндэслэлгүй зүйл. Нэгдүгээрт, энэ барилга нурлаа гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт огт гараагүй. Хоёрдугаарт, Бид Байгалийн түүхийн музейн барилгыг нураах үйл явцыг маш сайн баримтжуулж үлдээсэн. Тэгэхэд зарим хадаас, банз нь цоо шинээрээ гарч ирсэн. Ямар ч муудаж, ялзарсан дам нуруу, мод гарч ирээгүй.
Музейн барилгыг сэргээн засварлах нь битгий хэл энэ хэвээрээ дахиад 100 жил болсон ч яах ч үгүй барилгыг буулгасан. Барилгад музей ч үйл ажиллагаа явуулж болохоор байсан. Ер нь модон бүтэцтэй барилга 150 жилдээ нурахгүй. Ялангуяа хуурай сэрүүн уур амьсгалтай Монгол орны цаг агаарын нөхцөлд мод ялзарч, муудах нь харьцангуй бага.
Хэрвээ бид Байгалийн түүхийн музейн барилгыг нурах аюултай гэж байгаа бол тэрнээс өмнө 1940 онд барьсан Нэгдүгээр сургуулийн барилга, 1905 онд баригдсан тоосгон барилга өнөөдөр нураагүй л байж байна. Энэ бол улс төрийн шийдвэр байсан нь тодорхой.
Холбоотой мэдээ