УИХ-ын чуулган хуралдаж байна
Posted by News.mn on Wednesday, June 16, 2021
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 150 мянга орчим медаль бүтээнэ
Ардын хувьсгалын зуун жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай хэлэлцлээ. Илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав. "1921 оны Ардын хувьсгал ялсны зуун жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулж ойн медалийг санал боловсруулсан. 150 орчим мянган медаль бүтээх төлөвлөгөөтэй байгаа. Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Медалийн зардал 2021 оны төсөвт суусан” гэлээ.
Гишүүдийн олонхийн саналаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн батлав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.
Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд өргөн мэдүүлэх, дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 68 гишүүн оролцож 38 дэмжиж 55.1 хувийн саналаар дэмжигдлээ. Гишүүдийн олонх нь дэмжсэн тул төслүүдийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж байна.
Дараа нь “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Удмын сангаа хамгаалах, цус ойртолтоос сэргийлэх нөгөө талдаа бид нар энэ асуудалд зөв анхаарснаар Монгол хүнээ хөгжүүлэх өндөр чадвартай иргэнтэй болох бололцоо бүрдэнэ гэж харж байна. Дэлхий нийтээр энэ асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Гэвч сүүлийн гучин жилд алдагдсан. Монгол хүн угийн бичиг хөтөлдөг асуудал алга болсон.
Бид нарын хувьд тунхаг төдий байлгахгүй үүднээс үндсэн асуудал хариуцсан бүтцийг ҮАБЗ-ийн дэргэдэх Хүн ам аюулгүй байдлыг хамгаалах төв гэж байгуулъя. Хуучин бол хүн судлалын хүрээлэн гэж байдаг байсан. Үүнийг буцаан сэргээе. Мэргэжлийн байгууллага судлаачид байна. Төр засгийн зүгээс энэ шийдвэрийг гаргаад биежүүлэх шаардлага байна. Үндэсний аюулгүй байдал болоод Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авах цаг нь болсон.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг талархан дэмжиж байна. Хөдөө орон нутагт цус ойртолт ихэссэн. Зөвхөн угийн бичиг хөтлөөд энэ асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Элэг бүтэн Монгол хөтөлбөр шиг том хөтөлбөр хэрэгжиж байж энэ асуудал шийдэгдэнэ. Цэвэр Монгол цус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал гаргаж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Угийн бичиг хөтлөх асуудлыг айл бүрт шинжлэх ухааны үндэстэй дэд хөтөлбөр болгож хэрэгжилтийг хангуулна.
Ингээд Байнгын хорооны саналаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалтын томъёоллоор санал явуулахад 67 гишүүн оролцож 64.2 хувиар санал дэмжигдэв. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын Байнгын хороонд шилжүүллээ.
"Улсын хөгжлийг эрүүл иргэнгүйгээр төсөөлөшгүй"
Гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нэг яамны асуудал зогсонги байдалд орчихоод байна. Өмнө нь Ерөнхий сайд Байгаль орчны сайд Цэрэнбатын багийнхан байх үед Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулж гэр хорооллын нүхэн жорлонг солих төсөл хэрэгжиж байсан. Өнөөдөр дээрх ажил зогсчихсон. Яаман дээр хэрэгждэг бүх тендерийг төрийн худалдан авалтын газар луу шилжүүлчихсэн. Цар тахлын үед хөрсний бохирдлыг бууруулах чухал байна.
Тогтвортой хөгжлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого жуулчин хүлээж авахад амаргүй болсон үед дотоодын аялал жуулчлалыг аюулгүйгээр хөгжүүлэх ёстой. Энэ зун хаана дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ. Үүнд хариулт авья.
БОАЖ-ны сайд Н.Уртнасан: Гэр хорооллын хөрсний бохирдлын асуудал өнгөрсөн жилүүдэд Байгаль орчны яамны хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг байсан. 2018 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын айл өрхийн тэр орчмын 88 хувь нь хөрсний бохирдолтой гэсэн судалгааг хийсэн.
2020 онд эко жорлонгийн төсөвт нийтдээ хоёр мянган эко жорлон барих ажил он дамжин хийгдэж байгаа. Энэ жил 4000 орчим эко жорлонг Туул голын бүсэд амьдардаг 4200 өрхөд хийхээр 7.5 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерийн ажил явагдаж байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай цогцолбор барих, заалтууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлах нь ямар ач холбогдолтой юм бэ. Тусгаарлаад байгаа нь ямар шалтгаантай вэ. Хоёрдугаарт, дээд боловсролын салбарын хэсэгт нь дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн талаар ямар ажлуудыг төлөвлөж байгаа юм бэ. Боловсролын салбарт цар тахлаас үүдсэн хоцрогдлыг арилгах чиглэлээр ямар ажил хийж байгаа юм.
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал манай улсын хэмжээнд сэтгэл зовоож байна. Сүүлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна. Үндсэндээ 12 мянган хүүхдийн хүрсэн асуудал. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай ярьж тохирч байгаа зарчмын хувьд ямар хоёр хэлбэрээр шийдэх вэ гэхээр арай хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах зарчмаар барьж хүүхдүүдээ хамгаалах ёстой юм байна.
Одоогийн байдлаар нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газартаа тэгш хүртээмжтэй байлгах зорилгоор 80 сургууль, 80 цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах зориулалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. Цаашид нэмж 140 сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах шаардлага байгаа. Судалгаа хийгээд үзэхээр зарим гэрээр байдаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явуулын багшийг ажиллуулах асуудал байж болох юм үзсэн. Нөгөө талаас сонсгол, хараа, аутизтай 1200 орчим хүүхдийг одоогийн тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгийн хүрээнд шийдэхгүй бол жирийн ЕБС-д сургана гэдэг хүндрэлтэй. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн.
2022 оны хичээлийн хамгийн том зорьж буй зорилт бол хичээлийн хоцрогдолтой 174 мянган хүүхдийг тусгайлсан зорилтот арга хэмжээ түүнээс гадна нийтээр нь үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Эрдэм шинжилгээний хүрээлэнг цэгцэлнэ. Монгол Улс 360 гаруй лабораторитой гэж дундын хамт, шинэ шатанд гаргая гэсэн. Инноваци томоохон бүтээн байгуулалтын ажил 100 тэрбумын өртөгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Эмч сувилагчдын ажил юу болчихов оо. Хуулийн төслийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Газар чөлөөлөлт бодлогын асуудал яригдахгүй байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын хувьд цахим системтэй болох гэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт инноваци цахим бодлогын хороогоор цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих мэдээллийн өгөгдлийг дамжуулах системийн төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх явцын талаар ярилцаж, энэ нь цаашаа дэмжигдэхээр болсон. Бүх түвшинд мэдээлэл солилцдог болно. Салбарын хэмжээнд цахимжих бололцоо бүрдэнэ. Өрх сум анхан шат болон бүх түвшинд цахим мэдээллийн хөгжүүлэлт хийгдэнэ. Тэгэхээр эмч сувилагч нар цахимжих бололцоо бүрдэнэ.
УИХ-ын гишүүн П.Анужин: Энэ оны есдүгээр сараас эхлэн сургуулийн хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол өгнө гэж амласан. Хуулийг нь УИХ баталсан. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг УИХ-д байгуулагдаж ажлын хэсгийг би ахалсан. Энэ оны есдүгээр сараас бага ангийнхаа хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол өгч байж болох хамгийн бага зардлаар шим тэжээлтэй хоол өгөх асуудлыг судалсан. Судалгаанд үндэслэж шийдэх шаардлагатай төсвийг Байнгын хорооны тогтоолд тусгасан. Гэтэл энэ төсөлд нэг ч өгүүлбэр байхгүй байна. Хүүхдүүддээ хамгийн бага зардлаар хоол өгнө гэж ярьж байгаа нь эмгэнэл.
Хүн амын ихэнх хэсэг ядуу байгаа энэ тохиолдолд сургуулийн хүүхдүүдэд өгч буй үдийн хоол нь тухайн хүүхдийн өдрийн хоол болж байгаа тохиолдол элбэг. Улсын хөгжлийг эрүүл иргэнгүйгээр төсөөлөшгүй. Эрүүл иргэнийг бүрдүүлдэг чухал зүйл нь найдвартай эрүүл хоол хүнс. Цар тахлын хоёр жил вакцинаас илүү дархлаа чухлыг ойлгосон. Та бид үр хүүхдийнхээ дархлааг дэмжих төсвөөс зугтаагаад байх юм уу. Ард түмнээс санал авах болохоороо хүүхэд эмэгтэйчүүдээр түрий барьж сандал суудалд хүрснийхаа дараа хоол хүнс, эмэгтэйчүүдийн хүүхдийн асуудлыг төсвөөс шахдагаа болимоор байна. Улсын хөгжлийн төлөвлөгөөнд сургуулийн хүүхдэд өгөх хоол хүнсий талаар тусгагдаагүй байгаа юм.
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 2021, 2022 оны хувьд боловсролын салбарт гурван том асуудал буй. Хоцрогдлыг арилгах, нүхэн жорлонтой сургуульд ариун цэврийн байгууламж барих 800 орчим сургууль цэцэрлэгийн асуудал гарч ирж байгаа.
Энэ ондоо багтаагаад 50 хувьд нь буюу 400 гаруй сургууль цэцэрлэгийг барина. Гуравдугаарт, үдийн цайг үдийн хоол болгох асуудал байгаа юм. Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг гишүүний санаачилсан хууль сайн хууль болсон. Хуулийг бодитоор хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа юм. Төрийн өмчит 670 гаруй сургууль дээр үдийн цайг хоол болгоход гал тогооны нөхцөл байдлаа сайжруулах шаардлагатай. Шийдчихэж болохоор юм байна лээ. Хамгийн том ачаалал 5-9 дүгээр ангид ирнэ. 2022 оны намраас 203 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үүнийг төсөв хэлэлцэх үед ярьж шийдэх боломжтой байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөгжлийн бодлого биш байна. Аль хэсгийг нь улсын төсвөөр санхүүжүүлэх юм. Аль хэсгийг нь концесс, хувийн хэвшлээр хийх юм. Энэ тоогоо оруулж ирж байгаа нь зөв. 2020 онд гаднын хөрөнгө оруулалт яах билээ. Ажлын байраа хэдээр нэмэгдүүлэх вэ. Төсөвт мөнгө байхгүй шүү дээ. Бүгдийг нь хүүхдийн мөнгө халамж руугаа оруулчихсан. Хөрөнгө оруулалт байхгүй. Ирэх жил байх уу. Цар тахлын хүндрэлээс болоод барилгын ажил зогсчихлоо. Барилга дээр ажиллах хүн байхгүй болчихлоо. Ажил хийх чадвартай эрүүл хүн олдоц нь ховор болж байна.
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Х.Батжаргал: Хөрөнгө оруулалтын хэмжээ 2020 оны түвшингөөр 34 хувиар 2021 оны төсөөллийг харьцуулбал, 11.6 хувиар өссөн үзүүлэлт эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний дараа гарахаар тооцоолол харагдсан. Үндсэндээ 11.8 их наяд төгрөг болж өсөхөөр төсөөлсөн. Өмнөх үе буюу 2010-2015 онуудад 1.5дахин буурч 6.1 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй. Ажиллах хүчний хэмжээ 2022 онд өсөх тооцоо байгаа. 2020 онтой харьцуулбал 1 сая 242 мянга буюу 75 мянгаар нэмэгдэхээр байна.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
"Дарханы зам 2022 онд ашиглалтад орно"
Төслийн талаар Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж оруулсан. Үүний дагуу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Сүүлийн гучин жилд бид анх удаа жилийн төлөвлөгөө батлах гэж байна. Их хариуцлагатай асуудал. Хэд хэдэн асуудал бий. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд бид нар тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл зорилт арга хэмжээ ороод иржээ. Тухайлбал, 273 сургууль, 200 цэцэрлэгийг ирэх дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулна гэж Засгийн газрын үйл ажиллагаа хөтөлбөрт суулгасан. Гэтэл уг хөтөлбөрт 2022 онд хэдийг барих нь тодорхой тусаагүй. Нэг сая жуулчинг дөрвөн жилийн хугацаанд авдаг болно гэж байгаа. Тэгвэл хэдэн жуулчин авах нь тодорхой тусаагүй байдаг. Ийм байдлаар явбал хэрхэн яаж хэрэгжих вэ. 2.2 их наядын гадаадын зээл тусламж авна гэжээ. Өрийн тааз гэх асуудалтай үүнд хэрхэн яаж нийцэх вэ. Хөгжлийн тухай бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан бодлогын зорилго, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн төсөл арга хэмжээг ерөнхий орж иржээ. Жилийн үр дүн гарах санхүүжилт тодорхой байх ёстой.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Нэг жилийн төлөвлөгөөний тухайд хуулийн дагуу анх удаа гарч ирсэн баримт бичиг. Цаашдаа сайжруулна. Жишээ нь сая жуулчин оруулах ёстой гэсэн асуудал гарч байна. Энэ жил бүх улс орон хөл хорионд орчихсон байж байхад сая жуулчны асуудал ярихад хэцүү. Цаашдаа жилийн төлөвлөгөөг ямар хэлбэрээр гаргана гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Эх үүсвэрийн тодорхойлоод Үндэсний хөгжлийн газартай нэгтгэсэн хуулийн төслийг оруулж ирж байгаа юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 4.1.11-д “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байна гээд заачихсан.
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-2020 онд нийт УИХ-д батлагдах гэж буй төлөвлөгөөнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байрыг төлөвлөсөн. Үүний санхүүжилтэд 83.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. Гэхдээ энэ жилээс төсвийн шинэчлэлийн хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хийх ёстой юм байна гэж харж байгаа. 330 сум, Улаанбаатар хотод сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болжээ. Жишээ дурдахад, 12 жилийн тогтолцоотой 300-аас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль бий. Цаашдаа Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарч /School map/ буюу сургуулийн газар зүйн мэдээллийн системд үндэслэж тухайн сургуулийн байршил, хүн ам хэрэгцээ шаардлагад үндэслэсэн сургуулийн хэв шинжийг тодорхойлох шаардлага үүсэн юм билээ. Нийслэлийн хороо бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль барих онц шаардлагагүй. Нийслэл дэх сургуулийн ачааллыг яаж шийдэх үү гэхээр цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын хэлбэрээр шийдэх, дунд болон ахлах ангийг төрөлжсөн болгож зохион байгуулах нь илүү их үр дүнтэй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Сүүлийн гучин жилд ядуурал 26-30 хувьтай хэвээр байна. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядуурлаас салах уу. 2022 оны төгсөлд ядуурал хэдэн хувиар буурах вэ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-Хөгжлийн төлөвлөгөөний 2022 онд Загсийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд энэ асуудал тусгагдсан. Ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ гэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлсний адилаар Монгол Улс энэ зорилгод нэгдэн 2030 он гэхэд ядуурлыг аль болох тэг рүү болгохыг чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд ядуурлыг бууруулахад эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү түлхүү анхаарч хөрөнгө оруулалтыг оруулах ёстой гэсэн зарчмын дагуу явна. Манай яамны халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн уриан дор ирэх жил ажиллана. Хөдөлмөр лүү шилжинэ гэхээр шууд халамжийг зогсоох бус хэн халамж авч байна вэ тэдгээрийг хэрхэн яаж сургах уу, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх гэсэн нэгдсэн байдлаар төлөвлөсөн. 2022 оны төлөвлөгөөнд мэргэжлийн боловсрол сургалтын салбарт нэлээд анхаарсан зорилтуудыг оруулсан.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Тогтоолын төслийг дэмжсэн. Нийтдээ 263 арга хэмжээнд 10 их наяд төлөвлөжээ. Дээрх мөнгийн нэг их наядыг улсын төсөв орон нутгийн төсвөөс гаргаж, бусдын гадаадын зээл хувийн хэвшлээс гэж ерөнхий төлөвлөжээ. Ажлын хэсэг дахин нягтлаарай. Нэгдүгээрт, Асгатыг дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж мөрийн хөтөлбөрт орсон. Гэтэл энэ төлөвлөгөөнд Асгатын зорилтын түвшин 20 хувьтай төсөв нь 1.5 тэрбум төгрөг гэж төлөвлөжээ. Үүгээр юу хийх гэж байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадах уу. Нутгийн зам төслийг асууя. Бид Мянганы зам төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Нутгийн зам төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Өнөөдрийн байдлаар 330 сумын 30 хувь нь хатуу хучилттай замаар холбогдсон гэж байгаа. Нутгийн зам төслийн хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас яаж олох гэж байгаа юм.
УУХҮ-ны сайд Г.Ёндон:
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2024 онд Асгатын ордын техник эдийн засгийн үзүүлэлтийн шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж хөрөнгө оруулагчийг тодруулна гэсэн хөтөлбөртэй. Өнөөдрийн байдлаар АНУ-ын компанитай уулзалт хийсэн. Уг хөрөнгө оруулагчдын төлөөлөл Улаанбаатар хотод ирсэн. Дээрх хүмүүстэй уулзалт хийгээд эхний байдлаар санамж бичгийг байгуулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компанитай зөвшилцлийн түвшинд хүрсэн. Асгатын ордыг ашиглахын тулд дэд бүтцийн зураг төсвийг хийх ажлыг 500 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2021 онд Барилга, хот байгуулалтын яамны төсөвт суулгасан.
Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар:
-Нутгийн зам төслийг хэрэгжүүлэх ажил жишиг зураг төсөл хэрэгжүүлэх ажил дээр явж байна. Нутгийн зам хөтөлбөрийн онцлог нь одоо байгаа олон улсын замаас арай хөнгөвчилсөн байдлаар хийе гэдэг дээр мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөн. Бүх сумдыг нэгэн зэрэг холбоно гэдэг хүнд. Жайкагаас бүх сумдад тооцоо хийхэд 86 сум хөл хөдөлгөөний эрчимжилт ихтэй гэсэн тооцоо гарсан. Одоо зэрэглэл тогтоох ажил дээр явж байна. Нутгийн зам төслийг хэрэгжүүлэх гол үүсвэр нь улсын төсөв гэсэн төлөвлөгөөтэй.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Барилгын материалын үнэ өмнөх оноос 30-40 хувь нэмэгдсэн гэж байна. Үнэ нэмэгдсэн байхад өмнө жилийн төсвөөр барилга байгууламж босох боломжтой юу.
БХБ-ын сайд С.Мөнхбаатар:
-Цар тахлаас үүдэн барилгын материалын үнэ өссөн. Ялангуяа арматур. Өнгөрсөн жил цементийн үнэ өсөхөд манай яамнаас арга хэмжээ авсан хэдий ч дэлхийн зах зээл дээр үнэ өссөн. Олон шалтгааны улмаас үнэ өсч байгаа нь үнэн. Монгол Улс барилгын материалыг үйлдвэрлэдэггүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Юун хөгжлийн төлөвлөгөө вэ. 2022 онд хөгжинө гэж бодоод байгаа юм уу. 2021 онд ямар байлаа. Та нарын өмнөөс ичгэвтэр байна. Энэ засгийн газар түүхэндээ хамгийн эрх мэдэлтэй байна. Бид өнөөдөр маскгүй сууж байх ёстой. Засгийн газар арчаагүй байна. Н.Алтанхуяг, С.Баяр, Сү. Батболдын засгийн газар ажил ажлаа сайн хийдэг байсан. Атарын аян, эдийн засгийн реформ зэргийг хийж эдийн засгийг 18 хувиар өсгөсөн. МАН-ын Засгийн газар юу хийсэн юм. Нэг хүнд ноогдох ДНБ 4200 ам.доллар байна. 2022 онд яг хэдэн ам.доллараар нэмэгдэх юм. Улаанбаатарын жорлон, яндан түгжрэл хэдээр яаж буурах юм. Дарханы зам хэзээ ашиглалтад орох юм. Яагаад хариуцлага ярьдаггүй юм. Хэдэн төмөр зам чинь хэрэгтэй юм уу. Оюутолгой явах уу, явахгүй юу.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Дарханы зам дээр олон хүн нас барсан. Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд авто замын ослыг Дархан дээр “нааж” улс төржүүлж буй зовлон бий. Тээврийн цагдаагийн албанаас сүүлийн гурван жил Дарханы замд гарсан нас баралтуудыг маш тодорхой тоогоор Д.Ганбат гишүүнд хүргүүлье. Түр зам тавьснаар осол хэрэг буурсан үзүүлэлттэй. Төмөр зам хэрэгтэй юу гэж асуулаа. Энэ оны сүүлээр Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил дуусна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад өгнө гэдэг гэрээтэйгээр ажил үргэлжилж байна. Өвлийн улиралд замын ажил үргэлжилнэ. Дарханы зам гэрээнд тусгагдсанаар 2022 онд ашиглалтад орно. Гэхдээ Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй байна. Өмнө байсан хоёр гүйцэтгэгчтэй компани ажлаа муу хийснээс гэрээгээ цуцалсан. Дээрх хоёр гүйцэтгэгч ажлын маргаан үүсгэж тендерийг гацаасан ийм зүйл бий. Бусад ажил хэвийн явж байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Манай улс ДЭМБ-д бүртгэлтэй дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Зөвшөөрөгдсөн нь гурав. Нийт хүн амыг хамарсан вакцин бол БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Синовак вакцин юм. Уг вакцин ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн. Халдвар ихсэж буй шалтгаан нь хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Өнөөдрийн нас барсан арван нэгэн хүнээс ес нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байлаа. Үлдсэн нэг нь хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоноогүй байсан бол нэг нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн байсан. Энэ мэт нас баралтын шалтгааны дийлэнх нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байгаа юм. Энэ хүмүүсийн уушгины хатгаа нэмэгдэж, хавсарсан учраас маш амархан эрчимт эмчилгээний тасагт шилжин хүндэрч байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Сонгууль элдэв арга хэмжээнээс болоод хөл хөдөлгөөн нэмэгдлээ. Өчигдөр Засгийн газарт ярьж байгаад наадамтай холбоотой шийдвэр гарсан. Хязгаарлалт нэмж авах шийдвэр гарсан. Байдал их төвөгтэй байна. Уржигдар Москва хот хорионы дэглэмээ чангатгалаа. Засгийн газрын тухайд нөхцөл байдлыг долоо хоног бүр УОК танилцуулж байна. Хамаг хүч хөрөнгө үүнд явж байна. Шаардсан бүх хөрөнгийг гаргаж өгч байна. Нөхцөл байдал хүндрээд эхлэхээр нүүрсний гаралт хүндрэлтэй болж эхэллээ. Цар тахлыг улс төржүүлж хэрэггүй.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Энэ төлөвлөгөөнд дагуул хотуудтай холбоотой асуудал байхгүй юу. Ирэх жилийн хөгжил гэхээс илүү энэ жил иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал туйлын чухал. Эрүүл мэндээ хамгаалж чадахгүй бол бараа бүтээгдэхүүний хомстол үүсч, ачаа бараа гацна. Ирэх жилийн төлөвлөгөө цаасан дээр бичигдэж л үлдэх гээд байна. Дагуул хотын асуудал энэ төлөвлөгөөнд байхгүй байна. Тендерийн хуулиа яаж өөрчлөх юм бэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Тендерийн хуулин дээр ажиллаж байгаа. Зуны турш хэлэлцүүлэг хийж намрын чуулганы өмнөхөн хэлэлцүүлэг хийж дуусгаад УИХ-д өргөн барина. Тэр үед их хурал тендерийн тухай хуулийг дэмжиж өгөөрэй. Нэлээд судалгааны үндсэн дээр дорвитой өөрчлөлт хийнэ. Олон жил тендерийн тухай хуульд гар хүрээгүй. Концессын хуулийг мөн өөрчилнө. Концессын одоо байгаа хуулийг хүчингүй болгоод шинээр төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэсэн хууль оруулах санаа бий. Өрийн таазыг гурван хууль тогтоолын хүрээнд шийдвэрлэдэг. Төрийн удирдлагын тухай хууль, Бүрэн стратеги, Төсвийн тогтвортой байдлын хуулиар. Энэ хуулийн хүрээнд бид энэ жилдээ ДНБ-д харьцуулсан Засгийн газрын өр 70 хувьтай байх, 2022 онд 60 хувьтай байх ёстой. Яг өнөөдөр 62.3 хувьтай байгаа. Энэ жилдээ 70 хувиа бариад гарна. Ирэх жил 60 хувьдаа бариулах ёстой.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэж, “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн нар оролцож байна. Тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль 2020 оны тавдугаар сард батлагдсан. Дараа нь 2020 оны наймдугаар сард таван жилийн үндсэн чиглэл батлагдсан. Таван чиглэлийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилт арга хэмжээг хөрөнгийн эх үүсвэрээр тус тусад нь ангилж жилийн төлөвлөөгөөний их хуралд бичиж батлуулна гэсэн заалт бий.
Заалтын дагуу Монгол Улсын 2022 оны жилийн төлөвлөгөөний төслийг өргөн барьж танилцуулсан. Нийт зургаан бүлэг, 23 зорилттой, 263 арга хэмжээ төсөлд туссан. Нийт арван их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870 орчим тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 11.7 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 1.2 их наяд, бусад их үүсвэрийн хүрээнд 5.7 их наяд төгрөгийн өртөгтэй төлөвлөгөөг танилцуулж байна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 4.6 хувь, инфляци 5.8 хувь, төсвийн алдагдал ДНБ бүтээгдэхүүнийн 3.6 хувьтай байхаар төлөвлөж байгаа.
Зургаан бүлэг арга хэмжээнд цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, хүний хөгжил, эдийн засгийн бодлого, цахим бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс нутгийн хөгжил гэсэн зорилтын хүрээнд 263 арга хэмжээ хуваарилагдсан.
УИХ-ын чуулганы хуралдаанд хүний эрхийн илтгэлүүдийг сонсоно
УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагаас цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”.
Холбоотой мэдээ