"Томчуудын хайхрамжгүй байдлын золиос нь хүүхэд"

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

"Томчуудын хайхрамжгүй байдлын золиос нь хүүхэд"

Цар тахлын үед сургууль, цэцэрлэгүүд амарч хүүхдүүд гэртээ цагийг өнгөрүүлж буй учраас ахуйн хүрээний осолд өртөх  болжээ. Гэртээ жил шахам хоригдсон хүүхдүүд сурагчдын амралт эхэлснээр гадаа гарч тоглох нь ихэссэн. Харамсалтай нь тоглоомын талбайн стандартын шаардлага хангадаггүй, эцэг эхчүүдийн хайнга байдлаас үүдэн хүүхдүүд осолдож, эрүүл мэнд амь насаараа хохирч буй сэтгэл эмзэглүүлэм мэдээ өдөр бүр дуулддаг. Иймээс хүүхдийн осол гэмтлийн талаар сурвалжлахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо.


Оройн 18:00 цаг орчмын үед тус эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт хоёр эмч, нэг резидент эмч ажиллаж байлаа. Эмч нар 17:00 цагаас ээлжээ хүлээн авчээ. Гаднаас таван настай болов уу гэмээр жаахан охин уйлсаар орж ирэв.

Охин толгойдоо оёдол тавиулж өвдөлтөө тэсэлгүй уйлна. Охин тоглож байгаад савлуураас унаж толгойгоо гэмтээчихсэн гэх. Түүний ээж “Ажилтай учраас хүүхдээ эгчид нь захиад гэрт нь үлдээсэн. Хүүхдүүд болсон хойно гадаа гарч тоглохдоо савлуураас унаж духаа гэмтээчихлээ" гэв. Эмч нарын ярьж буйгаар зуны улиралд хүүхдүүд өндрөөс унах, шатнаас унах, түлэгдэх, нохойд хазуулах зэрэг гэмтлүүд түгээмэл тохиолддог гэлээ. Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч С.Золжаргал тус эмнэлэгт ирж байгаа үйчлүүлэгчдийн 40 хувь нь 16-гаас доош насныхан гэлээ.

ӨНДРӨӨС УНАХ, НОХОЙД ХАЗУУУЛАХ, ТҮЛЭГДЭХ ГЭМТЭЛ ИХ БАЙДАГ

-Сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөх нь нэмэгджээ. Танай  эмнэлэгт өдөрт дунджаар хэчнээн хүүхэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авч байна вэ. Нийтлэг тохиолдож буй осол гэмтлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өдөрт үйлчлүүлж  буй нийт иргэдийн 30-аас 40 хувь нь 16 доош насны хүүхдүүд эзэлж байна.  Гол шалтгаан нь спортын болон тоглоомын талбайн хэрэгслээс болж унаж бэртэх нь их байна. Мөн явганаас унах, халтирч унаснаас болж бэртэх болсон. Хоёрдугаарт, зуны улиралд бага насны хүүхдийн түлэгдэлт маш их бүртгэгддэг. Гуравдугаарт, авто осол буюу хүүхдийг зориулалтын хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэснээс болж гэмтсэн хүүхдүүд их  ирдэг. Үүнээс гадна бага насны хүүхэд хараа хяналтгүйн улмаас нохойд хазуулах осол, гэмтэл бий. Гэхдээ хөл хорионы хугацаанд хүүхдийн осол гэмтэл өмнөх жилүүдийг бодвол харьцангуй буурсан.

-Эцэг эхчүүдийн хараа хяналт сулаас үүдэн хүүхдүүд осолддог байх. Иймээс юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Зөвлөгөө өгвөл?

-Хүүхэддээ хараа хяналт маш сайн тавих ёстой. Ямар нэгэн спортын хэрэгсэл, тоглоомын талбайд тоглуулахдаа тусгай хамгаалалтын хэрэгсэл өмсүүлэх, зориулалтын суудалд суулгах хэрэгтэй.

Хараа хяналтаа сулруулах нь  хүүхдийн ослын гол шалтгаан мөн. Савлуураас унахдаа толгойгоо гэмтээгээд нас барсан харамсалтай жишээ бий шүү дээ. Иймээс бага гэлтгүй эцэг эхчүүд болгоомжтой, сонор сэрэмжтэй байх нь чухал.

ТОГЛООМЫН ТАЛБАЙ НЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН СТАНДАРТГҮЙ 

Эмнэлгийн коридорт хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд олширч эхэлээ. Ихэнх нь хөл гар, толгойдоо гэмтэл авсан байх аж. Зарим нь уйлж, зарим нь ээж ааваараа аргадуулан  хүлээн авахын өрөө рүү орж байлаа. Энэ үеэр эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо.

С.БАДАМСҮРЭН: Ач маань ач зуслан дээр хүүхдүүдтэй  тоглож байгаад хөлөө эвгүй гишгэснээс болоод гэмтэл авсан. Одоо үзүүлээд, рентгэн зургаа авахуулах гээд байж байна. Ер нь эцэг эхчүүд, эмээ өвөө нарын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд гэмтэх, эрсдэх тохиолдол гарч байна. Янз янзын аюул ослоос хүүхдээ сэргийлж анхааруулж сэрэмжтэй байх хэрэгтэй. Хальт гишгээл тавхай нь ийм болчихлоо. Тиймээс аав ээж нар болгон дор бүрнээ хүүхэддээ анхааруулах хэрэгтэй байгаа юм.

А.АЛТАНТУЯА: Манай охин тоглоомын талбайд тоглож байгаад гэмтчихжээ. Гэмтлийн зэрэг нь хөнгөн гэсэн. Хүүхдүүдийг маш анхааралтай харж байхгүй бол юман дээр үсэрнэ, унаж хальтирна. Covid-19 цар тахлын үед ер нь хүүхдээ тоглоомын талбайд тоглуулмааргүй байна. Гэвч дулааны улирал эхэлчихсэн  болохоор хүүхдүүд гэртээ тогтохгүй гарч тоглохыг үзнэ.

М.ОДОНЦЭРЭН: Хүү минь байрны гаднах плитан шатан дээр борооны дараа хамгаалах резин байхгүйгээс болоод хальтирч унахдаа шатны ирмэг мөргөчихсөн. Түүнээс болоод хөмсгөө сэтэлчихлээ. Одоогоор гурван оёдол тавиуллаа. Байрны СӨХ, хороо дүүргүүд орчин тойрондоо анхаараач ээ. Яагаад гэвэл бороо цас орсноос зам талбай хальтиргаатай хүн явахад эвгүй байдаг шүү дээ. Түүнээс шалтгаалж хүүхэд гэлтгүй томчууд хүмүүс хальтирах нь их байгаа юм. Ер нь хүүхдийн тоглоомын талбай аюултай эрсдэлтэй байна. Байрны гадаах тоглоомын талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан ямар ч стандарт байдаггүй. Тэр талаар нь холбогдох байгууллагууд арга хэмжээ аваасай. Баянгол дүүрэг гэхэд хүүхдэд ээлтэй жил гээд зарлачихсан байсан. Холбогдох газар нь анхааралдаа аваасай гэж хүсч байна.

Эмч нарын хэлж буйгаар шөнийн цагаар хүүхэд бэртэж гэмтэх нь элбэг байдаг аж. Тодруулбал, хөл хорионы үеэр хүүхдүүд унтаж амрах цаг нь хойшилсонтой холбоотой ахуйн ослууд бүртгэгддэг байна. Бид цаг гаруйн хугацаанд ажиглалт хийхэд 1-12 насны зургаан хүүхэд тус эмнэлгээр үйлчлүүлэв.

Санаж байгаачлан өнгөрсөн жил цэцэрлэгт хүрээлэнгийн тогтоол усанд дөрвөн бяцхан зүрх усанд живж амиа алдсан, гулсуурт дарагдсанаас болж бяцхан охин уушгиа тайруулсан зэрэг зүрх зүсэм олныг цочроосон гашуун түүх олон бий.

Хүүхдүүд л болсон хойно тоглох тоглоомын талбай хайж, гүйж, нуугдаж тоглон хөөрцөглөх нь тэдэнд аз жаргалтай, баясгалантай. Тэд хаана, ямар эрсдэл байгааг мэдэхгүй учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хамгаалах нь хамгаас чухал. Гэвч ажлын зав гарахгүй байна, харах хүн байхгүй зэрэг шалтгаанаар хүүхдээ хараа хяналтгүй орхисноос эрсдэлд оруулж буй тохиолдол ч цөөнгүй. Иймээс эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр тоглуулахгүй байх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалъя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж