АНУ-аас ирсэн цагаачийн хүү Израилийг удирдана

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

АНУ-аас ирсэн цагаачийн хүү Израилийг удирдана

АНУ-аас ирсэн цагаачийн хүү Израилийг удирдана

Израилийг 12 жилийн турш удирдсан Беньямин Нетаньяху энэ долоо хоногт суудлаасаа бууж, өөрөө сөрөг хүчний удирдагч болж, эртний холбоотон Нафтали Беннеттэд байраа тавьж өгсөн билээ. Түүнийг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Израилийн шинэ удирдагч болсон Беннетт бол Израилийн баруун жигүүрийн Ямина намын тэргүүн бөгөөд хэт үндсэрхэг үзэлтэй гэдгээрээ олонд танигдсан саятан юм. Беннетт 2013-2019 онд Диаспорын буюу хилийн чанад дахь еврейчүүдийн хэргийн сайд, 2015-2019 онд Боловсролын сайд, 2019-2020 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. Мөн тэрбээр 2012-2018 онд Еврейн гэр намын дарга, 2012-2018 онд Шинэ баруун намын дарга байжээ.

АНУ-аас Израилийн Хайфа хотод очсон цагаачдын хүү тэрбээр бага залуу насандаа Израилийн Батлан хамгаалахын салбарт тусгай ангиудад алба хааж, олон ч байлдааны ажиллагаа удирдан явсан бөгөөд эцэст нь програм хангамжийн бизнест хүч үзэх болжээ. Тэгсээр 1999 онд Беннетт залилан, тэр дундаа цахим банкны луйвар, цахим худалдааны луйвар, фишинг буюу хувийн мэдээлэл хулгайлан ашиглаж үйлддэг луйвруудын эсрэг үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын "Cyota" хэмээх компанийг үүсгэн байгуулжээ. Гэхдээ хожим 2005 онд Беннетт дээрх компаниа 145 сая ам.доллараар зарсан гэдэг.

Мөн тэрбээр Израилийн үүлэн тооцооллын "Soluto" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2013 онд 100-130 сая ам.доллараар компаниа заржээ.

Беннетт анх 2006 онд улс төрд хөл тавьж, Ерөнхий сайд асан Беньямин Нетаньяхугийн тамгын газрын даргаар 2008 он хүртэл ажилласан. Тэрбээр 2011 онд Айлет Шакет гэгчтэй хамтран “Миний Израиль” парламентийн гадуурх хөдөлгөөнийг байгуулсан байна. Дараа жил нь Беннетт Еврейн гэр намын даргаар сонгогдож, 2013 оны Кнессетийн сонгуульд 120 суудлаас 12 суудал авч байлаа.

Түүнээс хойш Беннетт 2013-2015 онд Нетаньяхугийн удирдлага дор эдийн засаг, шашны сайдын албан тушаал хашиж байжээ. Харин 2018 оны арванхоёрдугаар сард тэрбээр намаасаа гарч, Шинэ баруун буюу Ямина намаа байгуулсан юм.

Харин энэ сарын 2-нд тэрбээр сөрөг хүчний удирдагч Яир Лаптдтай ээлж дараатай хамтарсан засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн аж. Тохиролцооны дагуу Беннетт 2023 он хүртэл хоёр жилийн турш Ерөнхий сайдын албан тушаал хашиж, түүний дараа Лапид 2025 он хүртэл түүнийг залгамжлах учиртай гэнэ. Удалгүй Израилийн парламент энэ сарын 13-нд санал хурааж, хамтарсан засгийн газар байгуулах санааг дэмжсэнээр Беннетт Ерөнхий сайдын суудалд суухаар болж тангараг өргөсөн юм.

БАГА НАС

Нафтали Беннетт 1972 оны гуравдугаар сарын 25-нд Израилийн Хайфа хотод Жим, Мирна Меннетт нарын  гурав дахь буюу бага хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх бол зургаан өдрийн дайн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас сарын дараа 1967 онд Сан Францискогоос Израиль руу нүүсэн еврей гаралтай цагаачид юм. Түүний эцгийн талын Ашкенази еврей үндэстнүүд нь Польш, Герман, Нидерландаас гаралтай бол эхийнх нь өвөө, эмээ дэлхийн II дайн эхлэхээс 20 жилийн өмнө Польшоос Сан Франциско руу нүүн амьдарч байсан хүмүүс гэнэ. Беннетт эцгийнхээ эмээгийн удмыг дагавал Раппапортын раббиний гэр бүл буюу өөрөөр хэлбэл дундад зууны Библийн номлогч Рашигийн удам болж таарах юм. Харин эхийн талаас харвал II дэлхийн дайны үед Польшид үлдсэн хамаатнуудынх нь ихэнх нь хорих лагеруудад амьсгал хураасан гэнэ.

Беннеттийн эцэг эх хоёулаа орчин үеийн еврейн Ортодокс шашинтан байв. Израиль руу нүүсний дараа тэд сайн дураараа еврей хэл сурч, дараа нь Хайфагийн Ахуза дүүрэгт суурьшжээ.

Жим Беннетт АНУ-д үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байсан туршлагаараа Израильд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг болсон аж. Харин Мирна Беннетт Израилийн Америк, Канадчуудын холбооны ерөнхий захирлын орлогч гэх албан тушаалд очжээ. Удалгүй 1973 оны зун Беннеттийг нэг настайд гэр бүл нь Сан Францискод буцаж ирсэн боловч аравдугаар сард Араб, Израилийн дайн эхэлснээр Жим Беннетт Израильд буцаж ирээд Голаны өндөрлөгийн фронтод их бууны ангид алба хааж, Израилийн төлөө байлдаж байжээ. Дайн дууссан ч цэргүүдийг хэдэн сарын турш бэлэн байдалд байлгасан тул гэр бүлийн бусад гишүүд Жим Беннетт дээр нүүн ирснээр нэгмөсөн Израиль айл болсон түүхтэй.

Беннеттийг дөрвөн настай байхад гэр бүл нь Жимийн ажлын хүрээнд Монтреальд хоёр жил амьдарсан гэдэг. Харин Хайфад буцаж ирсний дараа Беннетт Кармелийн бага сургуульд элссэн аж. Гэвч түүнийг хоёрдугаар ангид байхад гэр бүлийнхэн нь мөн ижил шалтгаанаар Нью-Жерси рүү нүүж, Беннеттийг 10 настай байхад Хайфа хотдоо эргэн ирсэн байна.

Беннеттийн ах Ашер Их Британид төвтэй бизнесмэн бол Даниел нь олон улсын тээврийн "Zim" компанийн нягтлан бодогч.

ЦЭРГИЙН АЛБА

Беннетт 1990 онд Израилийн цэргийн албанд татагдан, Сайерет Маткал, Маглан тусгай ангиудад ротын командлагчаар ажиллаж байжээ. Беннетт нийт зургаан жил цэргийн албанд зүтгэсний эцэст халагдсан ч шаардлагатай үед эргэн татагдах хошууч, ард амьдралд эргэн орсон байна.

Тэрбээр алба хааж байхдаа 1982-2000 онд Өмнөд Ливан дахь мөргөлдөөн болон анхны Газын зурвас дахь Палестины бослогын эсрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан гэдэг.

Тэгэхдээ Беннетт олон байлдааны даалгаврыг амжилттай удирдаж байжээ. Цэргээс халагдсаныхаа дараа Беннетт Иерусалимын Еврей их сургуульд хуульчийн мэргэжил эзэмшсэн байна. Гэтэл удалгүй Газын зурваст хоёр дахь удаа палестинчуудын бослого эхлэхэд Беннетт эргээд цэргийн үүргээ биелүүлж, үргэлжлүүлэн 2006 онд Ливаны дайны үеэр тусгай ангийн бүрэлдэхүүнд "Хезболла" пуужин хөөргөх төхөөрөмжийн эсрэг үйл ажиллагаа явуулж, дайсны ар талд эрэн хайх, устгах даалгавар гүйцэтгээд иржээ.

БИЗНЕС

Беннетт 2000 онд програм хангамжийн бизнес эрхлэгчийн карьераа эхлүүлэхээр Манхэттэнд нүүж очжээ. Тэр үед тэрбээр "Cyota" компанийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Тус компани 2005 онд "RSA Security"-д 145 сая ам.доллараар зарагдаж, Беннеттийг долларын саятан болгосон юм. Компанийг зарахдаа байгуулсан гэрээний заалтад "Cyota" компанийн Израиль дахь зохион байгуулалтыг хэвээр үлдээх тухай дурдсан тул 400 орчим израильчууд тус компанийн Беершеба ба Герцлия дахь оффисуудад ажилладаг гэнэ. Беннетт мөн өөрийн түнш Лиор Голантай хамт хувийн компьютер, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсаас дэмжих боломжийг олгодог үүлэн технологийн "Soluto" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тэрбээр 2013 онд тус компаниа АНУ-ын "Asurion" компанид 100-130 сая ам.доллараар зарахаар тохиролцжээ.

 

УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ

Беннетт 2011 оны дөрөвдүгээр сард Айлет Шакедтай хамтран "Миний Израиль" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, 94 мянган израиль гишүүнтэй болж байжээ. 2012 оны дөрөвдүгээр сард тэрээр "Исраелим" буюу "Израильчууд" нэртэй хөдөлгөөнийг байгуулав. Хөдөлгөөний гол зорилго нь баруун төвийн дэмжигчдийн дунд зионизмыг нэмэгдүүлэх, шашны болон иргэний нийгэмлэгийн харилцаа холбоог нэмэгдүүлэх, "Израилийн тогтвортой байдлын санаачилга"-ыг сурталчлах байжээ.

Кнессетэд сонгогдсоныхоо дараа Беннетт АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, суудалдаа суужээ. Тэрбээр 2013 оны гуравдугаар сард Эдийн засгийн болон Шашны үйлчилгээний сайдаар, дөрөвдүгээр сард Иерусалим, Диаспорийн асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон юм.

2015 оны сонгуульд дахин сонгогдсоны дараа Беннетт Боловсролын сайдаар томилогдсон ч шинэ засгийн газарт Диаспорагийн асуудал эрхэлсэн албан тушаалаа хадгалсаар байлаа. Гэхдээ удалгүй Диаспорагийн асуудлыг Зеев Элкинийд хариуцуулжээ.

2018 оны арванхоёрдугаар сард Беннетт намаасаа гарч, Шинэ баруун нам байгуулан өрх тусгаарласан байна. Гэвч 2019 оны дөрөвдүгээр сард болсон Кнессетийн сонгуульд түүний шинэ нам суудал авч чадсангүй. Гэхдээ тухайн оны есдүгээр сард дахин сонгууль зарлагдсаны дараа түүний нам бусад нам, холбоотнуудтайгаа хамтран эвсэл байгуулж, Ямина гэх нэртэй болоод Айлет Шакедаар удирдуулжээ.

Тэдний шинэ эвсэл сонгуульд долоон суудал авч, Беннетт Кнессетийн суудалдаа эргэн суув. Харин 2020 оны Израилийн Кнессетийн сонгуулийн өмнө нэгдүгээр сард намын шинэ удирдагчаар Беннеттийг томилсон аж. Удалгүй Кнессетэд түүний нам зургаан суудал авсан юм.

ХУВИЙН АМЬДРАЛ

Беннеттийн эхнэр Гилат нарийн боовны тогооч юм. Тэрбээр шашингүй боловч еврейчүүдийн тэмдэглэлт өдрүүдийн уламжлалт хоол хүнсний заншлыг чанд сахин мөрддөг гэнэ. Хосууд дөрвөн хүүхэдтэй бөгөөд Тель-Авиваас хойд зүгт 20 км-ийн зайд орших Раананад амьдардаг. Беннетт ууган хүүгээ Израилийн армийн офицер Ёнатан Нетаньяхугийн нэрээр Ёнатан, бага хүүгээ тусгай ангид байсан найз Эммануэл Мореногийн нэрээр Дэвид Эммэнуэл хэмээн нэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж