"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

Энэтхэг улсаас  мутацилагдсан Covid-19 вирус зөөвөрлөгдөн орж ирсэн гэхээс илүү монголчуудын биед вирус мутацилагдаж буйг  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн нь анхаарал татав.  Хэрэвзээ мутацилагдсан Covid-19 халдвар Монголд тархсан бол эх үүсвэр нь хаанаас вэ гэх асуулт тавигдах ёстой. Иргэдийн хувьд Энэтхэгээс мутацилагдсан "Дельта" хувилбарыг Монголд ажиллахаар ирсэн тус улсын 60 иргэнтэй  холбон  хардаж буй юм.   Учир нь, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тусгай үүргийн нислэгээр Монголд ажиллахаар Энэтхэгээс 60 мэргэжилтэн ирсэн. Тэднийг Дорноговь аймагт тусгаарлах хугацаанд ихэнх нь Covid-19 халдвартай нь батлагдсан.  

 ОЛОН ХҮНД ХАЛДАХ ТУСАМ ВИРУС МУТАЦИЛАГДАЖ, АМЬДРАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛДАГ

Мутацилагдсан вирусийг оношлох боломж Монголд одоогоор байхгүй болохыг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “Манай төвийн эмч, судлаач нар Covid-19-ийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологи нэвтрүүлэхээр  Япон улсад томилолтоор ажиллаад ирсэн. Вирусийн генийн дарааллыг тогтоох оношлуурыг захиалсан. Оношлуур ирээгүй хүлээгдэж байна.  Халдварын тархалт өндөр байгаа үед Covid-19 халдвар  мутацилагдах нь  хамгийн өндөр.

Өөрөөр хэлбэл, халдварт олон хүн өртөх тусам вирус мутацилагдаж, амьдрах чадвараа сайжруулдаг гэсэн үг. Халдварын тархалт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эрчимжсэн.  Халдвар нэг хэсэг буурсан ч дахин өссөн нь  мутацилагдсан Covid-19  болохыг үгүйсгэхгүй.

Японд томилолтоор ажилласан манай эмч,  судлаачид зөвхөн Монголд бүртгэгдсэн мутацийг илрүүлсэн. Гэхдээ аюултай хэлбэр нь биш. Харин "Дельта" бол хамгийн сүүлд Энэтхэгээс мутацилагдсан, халдварлах нь их, үхэл, нас баралт өндөртэй. Гэхдээ Энэтхэг улсаас Монголд  ирсэн мэргэжилтнүүд  Covid-19 халдвараар хөнгөн өвдөж, тусгаарлалтын хугацаагаа дуусгасан. Дорноговь руу ажиллахаар явсан Энэтхэгийн 52 иргэний 41-ээс нь Covid-19 илэрсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн, бүгд эдгэж ажилдаа орсон” гэлээ. Цаашид халдварын тархалтыг бууруулахад ХӨСҮТ-өөс вакцины үр дүнд найдаж буйгаа хэлж байв.

ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮМҮҮСИЙН ТОО ИХЭСЧ, НИСЛЭГИЙН  СУУДАЛ ОЛДОХГҮЙ БАЙНА

Covid-19 халдвар Энэтхэгийг  өмнөө сөхрүүлж, олон сая хүний амийг авч, чинээлэг иргэд нь эх орноосоо “зугтаж” Монголыг зорих болсон гэх мэдээлэл тархсан юм. нөгөөтэйгүүр, Монгол  Улс агаарын хилээ зургадугаар  сарын 1-нд нээсэн нь мутацилагдсан вирус зөөвөрлөгдөх эрсдэлийг дагууллаа гэж иргэд бас шүүмжлэх болсон.  МИАТ ТӨХК-аас  мэдээлснээр гадаадын улс орнуудад халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул эх орондоо ирэх монголчуудын хөл хөдөлгөөн ихэсч, нислэгийн  суудал дүүрч зарим үед олдохгүй байгаа аж.  Энэ талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад “Монголд ирж буй хүмүүсийн 90 хувь нь манай улсын иргэн. Харин гадаадын иргэд цөөхөн байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн ч нислэг хэвийн үргэлжилж байна. Хил нээсэн ч өмнөх шигээ тогтмол биш хуваарийн дагуу нислэг үйлдэнэ. Гадаадын улс орнууд дийлэнх нь хилээ хаасан ч транзит нислэгээр хүмүүс ирж байна. Монголыг чиглэх нислэгийн урсгалын дийлэнх нь БНСУ-аас байна. Харин Энэтхэг рүү нислэг үйлддэггүй” гэж байв.

Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр гадаадын иргэдэд тавих тусгай шалгуур байхгүй ч  72 цагийн PCR шинжилгээний бичигтэй байх шаардлага тавьж байгаа аж. Халдвартай бүс нутгаас хил нэвтэрч байгаа бол 14 хоног тусгаарлах журмыг мөрдөж байгаа юм. Тэгэхээр манай улсад мутацилагдсан "Дельта" вирус орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 

Түүнчлэн дотоодод халдварын тархалт өндөр байхын хэрээр Covid-19 мутацилагдаж, халдварлалт болон нас баралт нэмэгдсэн гэж албаныхан үзэж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж