Тоглолтын өмнө: Алдах эрхгүй тоглолт – Швейцарь vs Итали

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Алдах эрхгүй тоглолт – Швейцарь vs Итали

Тоглолтын өмнө: Алдах эрхгүй тоглолт – Швейцарь vs Итали

Итали-Швейцарийн багууд өнөөдөр/2021.06.16/ шөнийн 03.00 цагаас Ром хотноо тоглоно.


Итали

Нээлтийн тоглолтод тун сайн тоглосон Италичууд хоёрдугаар тойргийн тоглолтоо Швейцарийн багийн эсрэг хийх болно. Үеийн үед хамгаалалтаараа гайхшруулж ирсэн тэд энэ тэмцээнд эсрэгээрээ илүү довтолж тоглож байгаа нь харагдсан. Үүнийхээ ч үр дүнд хэсгийн эхний тоглолтдоо хамгаалалт сайтай Туркийг төвөггүй 3-0 харьцаатай буулган авсан. Уг тоглолтод багийн гурван довтлогч гурвуулаа ганган байж бараг л гурвуулаа гоол оруулсан гэхэд хилсдэхгүй. Марко Вераттиг орлон тоглож буй Локатэлли супер тоглолт үзүүлж хамгаалалт довтолгоонд ямар жигд идэвхтэй гэдгээ дэлхий дахинд харуулсан. Энэ нь Марко Вераттиг бэртлээсээ эргэн иртэл түүний гарааны эрхийг баталгаажуулсан. 

Туркийн эсрэг тэдний жигүүрийн хоёр хамгаалагч хоёул гайхалтай байсан. Зүүн жигүүрийн хамгаалагч Леонардо Спиназзола тоглолтын шилдэг болсон нь үүнийг гэрчлэхэд хангалттай баримт. Гэхдээ баруун жигүүрийн хамгаалагч Флорэнзи тоглолтын үеэр бага зэрэг бэртэл авсан юм. Хэрэв дасгалжуулагч Роберто Манчини эрсдэл гаргахыг хүсэхгүй бол түүнийг энэ удаагийн тоглолтонд амраах магадлалтай. Харин түүнийг орлож Ди Лорэнзо эсвэл бүр Фэдэрико Кьеза ч гараанд гарч болно. Кьезагийн хувьд довтолгооны чиглэлийн тоглогч хэдий ч Фиорэнтина клубд байхдаа хэд хэдэн тоглолтод таван хамгаалагчтай хувилбарын баруун жигүүрийн хамгаалалтад тоглож байсан. 

Нэгдүгээр тойрогт Бонуччи, Кьеллини нарын хослол гараанд гарсан ба энэ нь үр дүнгээ өгсөн. Хавирган сарнуудын довтлогчоор 35 настай Йылмаз гарсан учир энэ хоёр хашир туршлагатай хөгшин хамгаалагчийг хурдаар илүүрхэж чадаагүй. Эсрэгээр Швейцарийн шигшээ багийн довтолгооны шугамд илүү хурдтай тоглогчид буюу Эмболо, Шакири нар байгаа учир Ювентусын хослолыг хурдаар илүүрхэж аюултай байдал үүсгэх боломжтой. Аззуричууд энэ эрсдэлийг тооцон төвийн хамгаалалтдаа өөрчлөлт хийж багийн ахлагч Жеоржиа Кьеллиниг сэлгээний суудал руу шилжүүлж Алессандро Бастониг гараанд гаргаж магадгүй.

Швейцарь

Владимир Пэтковичийн залуус эхний тоглолтоо Уэльсийн эсрэг хийж 1-1 харьцаатай тэнцсэн нь тэдний хувьд хангалтгүй үзүүлэлт. Швейцарийн шигшээ энэ тоглолтоос заавал оноо салгах хэрэгтэй байгаа. Магадгүй тэд зөвхөн тэнцэхийн төлөө л тоглох байх. Уэльсийн багийн эсрэг маш гоё боломж алдсан Сэфэровичийг энэ тоглолтод сэлгээ рүү шилжүүлж түүний оронд Жердан Шакириг довтлогчоор тоглуулж магадгүй. Хэрэв Шакири довтлогчоор тогловол дээр дурьдсанчлан Италийн хамгаалагчдыг хурдаар илүүрхэх боломжтой.

Хэрэв ийм өөрчлөлт орвол Боруссиа Мюнхэнгладбахын хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Дэнис Закариа гараанд гарах нь ойлгомжтой. Ийм өөрчлөлт орвол Закариа, Фройлэр нар Италийн төвийн хагас хамгаалалтыг тэр дундаа Жоржиньогийн тоглолтыг нурааж сөрөг довтолгооноос гоол оруулахыг хичээх болно.

ТОГЛОЛТЫН ТУХАЙ БАРИМТУУД

  • Италийн шигшээ баг хамгийн сүүлд өнгөрсөн 10-р сард гоол алдсанаас хойш хаалгаа хуурай манаад байна.
  • 1992 оноос хойш нийт найман ЕАШТ-ийн ердөө хоёрт нь л Аззуричууд эхний хоёр тоглолтдоо хоёуланд нь ялалт байгуулсан.
  • Чиро Иммобилэ Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд хийсэн сүүлийн 118 тоглолтдоо 92 гоол шигтгэсэн.
  • Швейцарийн шигшээ баг ЕАШТ-д сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан тэнцээд байгаа юм. ЕАШТ-ийн түүхэнд 5 дараалан тэнцсэн баг байхгүй.
  • Харис Сэфэрович ЕАШТ-д таван тоглолтод оролцохдоо 13 удаа хаалганд цохьсон ч одоог болтол гоол оруулаагүй байна.
  • 2014 оноос хойш Швейцарийн шигшээ багийн том тэмцээнд оруулсан бүх гоолын 50 хувьд нь Шердан Шакири шууд оролцсон.

Newmeta – Б.Санчир

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж