Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.16) 14 цаг 15 минутад эхэлж, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолоор Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг ахлан, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам нар ажилласан болохыг Байнгын хорооны дарга Г.Дамдинням хуралдааны эхэнд танилцуулав.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.
Ажлын хэсэг 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 9 удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, түүнчлэн иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг нэг бүрчлэн судалж, саналын томъёоллыг дараах байдлаар бэлтгэсэн. Үүнд:
- Хуулийн төслийн зорилтод тусгагдсан бодлогын асуудлыг зүйл болгон шинээр нэмж тусгалаа.
- Соёлын үйл ажиллагаа эрхлэх, уг үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо, үйл хэрэгт тулгуурласан байхаар тусгасан. Түүнчлэн Монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өглөө.
- Соёл судлалын болон соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлж, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний асуудлыг зохицуулах талаар шинээр зүйл нэмлээ.
- Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тухайлан зааж, Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийг оролцуулсан зөвлөлтэй байж болох, зөвлөл хэрхэн ажиллах талаар тусгалаа.
- Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлэг шинээр нэмж, Соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэхээр тусгалаа.
- Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, монголын соёлыг танин мэдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох заалтыг төсөлд тусгалаа.
- Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгалаа.
- Соёлын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг нэмж тусгалаа гэв.
Танилцуулгатай холбогдуулан үг хэлэх, санал гаргах гишүүн байгаагүй ба Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Ажлын хэсгээс 70 гаруй саналын томъёолол гаргасныг зүйл тус бүрээр хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүгд дэмжигдсэн, зарчмын зөрүүтэй санал гаргах Улсын Их Хурлын гишүүн байгаагүй болно.
Ийнхүү Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ