Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан 2020 оны контрактын биелэлтийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/386 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг хэлэлцэн дүгнэлээ. Тус ажлын хэсгээс орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой 15 үйлдвэрийн газруудын (ОНӨААТҮГ) удирдлагуудаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагуудын менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Тэрбээр “Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-уудын төсвийн өмнө хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй болсон тухай болон, элэгдлийн зардал, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүгийн төлбөр нь алдагдлын ихэнх хувийг эзэлж байна. Мөн ОНӨААТҮГ-ууд нь үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүрэгтэй ч нөгөө талдаа ашиг, орлогоо нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийг ариг гамтай зарцуулах, худалдан авах ажиллагаанд анхаарч, тухайн байгууллагуудын засаглалыг сайжруулж, боловсон хүчнийг чадваржуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг дээрх ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааг хянаж, сайжруулахад хяналт тавьж хагас жил тутамд ажлаа тайлагнах юм. Ингэснээр ОНӨААТҮГ-ын ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ.