Монголыг бурхан өршөөг: Pray for MONGOLIA!

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Монголыг бурхан өршөөг: Pray for MONGOLIA!

Монголыг бурхан өршөөг: Pray for MONGOLIA!

ЭМЯ-наас хийсэн 11 цагийн мэдээг эхлээд хүргэе. 24 цагийн хугацаанд нийт 13673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 хүн халдвар авсан нь батлагджээ. Улаанбаатар хот 1750, хөдөө орон нутгийн 644 хүн халдвар авчээ. Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 22-80 насны есөн хүн нас барсан байна. Нийт өвчлөл 83128 болов.

Гурван сая хүнтэй Монгол Улс бүртгэгдсэн халдварынхаа тоогоор 1.4 тэрбум хүнтэй Хятадыг ардаа орхиход тун ойртжээ. Энэ бол эмгэнэл. Энэ бол SOS.  Монгол жинхэнэ улаанаараа эргэж байна. Цаашид хоногт бүртгэгдэх халдварын тоо 4000 хүрч магадгүйг УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих анхааруулжээ.

Хэрэвзээ халдварын тоо нэмэгдвэл хүнд хүмүүсийн тоо өснө.Нас баралт ч нэмэгдэнэ.Энэ бол эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, бодлогогүй улстөржсөний үр дагавар. Төрийн тэргүүн нь өдөр өнжихгүй төмөр тарааж, иргэдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсож буй ийм улс хэнэггүй, тэнэг улс байна уу. Тэр тусмаа олонд үлгэрлэл болох ёстой хүн атал өөрөө амны хаалтгүй “тэнээд” явах.

М.Энхсайханыг үзэглээгүй Тавантолгойн гэрээг боловсруулсан хэрэгт Монголын прокурорууд терроризм үйлдэхийг завдсан гэх зүйл ангиар буруутгасан. Гэтэл жинхэнэ террорист үйлдэл бол Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ их шагналыг хэлэх байх.  Энэ хүнд ирэх  намрын улс төрөө бодохоос өөр нийгмийн эрүүл мэнд, иргэдийнхээ амь насыг бодож байгаа юм түй ч алга.

Ийнхүү түрүүлэхийн, түүхэнд үлдэхийн, төрийн ордонд суухын дон туссан улстөрчдөөс болж Монгол  цар тахлын өмнө цагаа тугаа өргөлөө. Дэлхий биднээс сэжиглэж “хөл хорионд” оруулав. Монголоос ирсэн иргэдийг дэлхийн 78 орон хил нэвтрүүлэхээс татгалзсан бол 100 гаруй нь хязгаарлалт тавьж эхэлжээ. Ингээд  хөмөрсөн тогоонд дотроо хэдүүлээ улстөржиж, байлдаж, шагнал тарааж, баярлаж суух үлдэв.  Амлалт, ажил нь зөрдөг нь Монголын улстөрчдийн гэм биш зан хойно Ерөнхий сайдын хэлээд байсан юун ковидгүй зун манатай.  Сонгуулийн хөл хөдөлгөөн, гавъяа шагналыг угаалга, найр, цэнгээнээс болж  цар тахал хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахалтай тэмцэх эмчилгээний тактикаа өөрчлөхөөр болсон гэх. Уг нь эмчилгээний тактиктаа биш энэ улсыг удирдаж яваа эрх мэдэлтнүүдийн бодлого шийдвэр, хариуцлагагүй хэнэггүй байдал, дотоодын энэ их улстөржилт, хэрүүл зодоондоо асуудал нь байгаа юм.  Бодлогын тактик, зохион байгуулалтаа өөрчлөхгүй бол улс орон сүйрлээ. Эрүүл мэнд нь ч, эдийн засаг нь ч.

Онлайн худалдааг хаахгүй гэхдээ хүргэлтийн машин явуулахгүй гэж онигоотой шийдвэр гаргаад суудаг дарга нараас юу ч хүлээгээд нэмэргүй болсон. Бөөгнөрөл битгий үүсгэ гэсэн мөртлөө иргэдийнхээ авто машинаар явах эрхийг нь хязгаарлан автобусанд чихдэг дарга нараа солихгүйгээр эмчилгээний тактикаа өөрчлөөд  хэрэггүй.

Дотооддоо халдвар тархаагүй байхад гардан тулаанд орцгоосон дарга нар маань хэт эрт хий хоосон “байлдаад” ядарсан уу, хэдэн мянгаараа халдвар тусч байхад хөл хорихгүй гээд гүрийгээд суух.  МАН-ын 100 жилийг тэмдэглэж байвал монгол хүн үхэх үгүй нь чухал биш бололтой.

Эрүүл мэндээ хамгаалах хамгийн том арга хэрэгсэл бол хөл хорио. Дотооддоо хөл хориогүй гээд дэлхий биднийг хөл хорионд  оруулчихлаа. Монгол руу орж, гардаг бүхэн, экспорт, импорт нь  тэг зогсчихлоо. Халдвараа хумьж чадахгүй бол эдийн засгийн асар том хямралд орно.

ЭМЯ-ны мэдээг цааш уншвал Covid-19-ийн шалтгаант нас баралт 389 болжээ. Өдөртөө л 600 хүүхэд халдвар авч байна. Монгол Улс нэг сая гаруй хүүхэдтэй гэвэл энэ бол аймаар үзүүлэлт.

Ярьсанаа мэлздэг, мэдэмхийрдэг, попорсон, пиардсан хэдэн дарга нарын хөлд Монгол Улс сүйрч, монгол хүний амь үнэгүйдлээ. УОК-ын даргын эхнэр нь улаан бүс рүү чөлөөтэй орж гарч болдог, энгийн иргэд нь эмчилгээ хийлгүүлэх эмнэлэг ч олдохгүйд хүрсэн Монголыг бурхан өршөөг! Pray for  MONGOLIA.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж