Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Ерөнхий захирал Л.Баттөр вакцины үр нөлөөний талаар өнөөдөр /2021.06.16/ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэд вацины үр нөлөөнд эргэлзэх хэрэггүй. Нас барсан иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй эсхүл вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байсан. Маш цөөн тохиолдолд бүрэн тунг хийлгэсэн байсан. Улсын хэмжээнд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон 1.3 сая орчим иргэн бий. Монгол Улс харьцангуй залуу хүн амтай учраас нийт 3.2 сая хүн амд тооцоод үзэхэд өнөөдрийн байдлаар 40 хувь нь бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон байна. Үүнийг дотор нь задлаад үзвэл, нийт хүн амын 35 хувийг эзэлж байгаа хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцины эсрэг заалттай цөөхөн иргэд вакцинд хамрагдаагүй гэсэн үг. Гэхдээ Монгол Улсад "Файзер" вакцины хангалттай хэмжээнд ирсэн учраас 16-17 настай хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг вакцинжуулах бүрэн боломжтой болсон.
Энгийнээр хэлбэл, нэг сая хүн вакцинд хамрагдаад 14 хоносон байлаа гэж бодоход түүний 800 мянгад нь л дархлаа тогтсон байх боломжтой. Харин үлдсэн 200 мянга нь эрсдэлтэй бүлэг хэвээр байсаар байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
Иргэд вакцинд хамрагдаад 100 хувь халдвар авахгүй мэт буруу бодож байна. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалж дархлаа бүрэн тогтохгүй байж болно. ХӨСҮТ-д хийсэн судалгаагаар вакцины дархлаа тогтоогүй тодорхой тооны хүмүүс бий. Вакцины үр нөлөөг бууруулж байгаа хүчин зүйл нь иргэдийн хөдөлгөөн юм. Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн нь халдвар тараах нэг хүчин зүйл боллоо. Өөр нэг шалтгаан нь сонгууль. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар аль болох хүн хоорондын зай барьж, уулзалтыг задгай талбайд хийх ёстойг зөвлөсөөр ирсэн. Гэвч тооцоолоогүй хүний бөөгнөрөл үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн шагнал урамшууллын асуудал ч вакцины үр нөлөөнд сөргөөр нөлөөлсөн. Шагналаа тэмдэглэж баярлаад халдвар тараах тохиолдол гарсан. Шагнал авсан хойноо халдвар авч эмнэлэгт хэвтсэн тохиолдолтой би цөөнгүй таарсан.
Мөн вакцины үр дүнг бууруулах нэг зүйлд Covid-19 халдварын мутацилагдсан хувилбар нөлөөлж байгаа эсэхийг ХӨСҮТ болон бусад мэргэжлийн байгууллагууд судалж байгаа. Мутацилагдсан хувилбарын хувьд, гадаадаас орж ирсэн ч гэсэн монгол хүний биеэр дамжин халдварлаж байгаа вирус буюу дотоодод тархаж байгаа халдвар нь нэг хүнээс нөгөө хүнд дамжихдаа тогтмол мутацид орж байгаа гэсэн үг. Бидний хийсэн судалгаагаар Хятадын Ухань хотод гарсан анхны Covid-19 вирус нь одоо арай өөр хувилбар руу шилжсэн байна. Вирус илүү олон хүнд дамжин халдварлах тусмаа мутацид орно. Бид үүнийг анхааралтай ажиглаж, судалж байгаа" гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ