Тоглолтын өмнө: Шар шувуудын эсрэг Сборная

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Тоглолтын өмнө: Шар шувуудын эсрэг Сборная

Тоглолтын өмнө: Шар шувуудын эсрэг Сборная

"Евро-2020" тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр/2021.06.16/ эхэлж байна. Харьцангуй зөөлөн гэгдээд буй "B" хэсгийн ОХУ-Финландын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 21.00 цагаас Санкт Петербург хотод явагдах гэж байна. Хэсгийн маш чухал тоглолтоо нутаг дээрээ хийж байгаа нь ОХУ-ын шигшээ багийн хувьд том давуу тал болж байгаа нь гарцаагүй. Яагаад чухал тоглолт вэ гэвэл Оросууд эхний тоглолтоо Бельгийн шигшээ багийн эсрэг хийж, гурван гоолын зөрүүтэй хожигдсон бол харин нөгөө талд Финландын шигшээ баг Данийг 1-0 харьцаатай буулган авсан билээ. Тиймээс Сборная энэ тоглолтод хожвол хасагдах шатанд шалгарах өндөр магадлалтай болж ирнэ. 

Финландын шигшээ багийн хувьд түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнд орж байгаа билээ. Тэдний хувьд энэ тэмцээний утааг үнэрлэж байгаа нь өөрөө том амжилт. Хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг Данийн шигшээ багийн эсрэг хийж нэг бөмбөгний зөрүүтэй хожсон. Тухайн тоглолтын цорын ганц гоолыг Жоель Поханпало оруулсан. Энэ гоол нь Финландчуудын том тэмцээнд оруулсан анхны гоол болж түүхэнд тамгалагдан үлдэж байгаа билээ. Тэд энэ амжилтыг алдарт Яри Литманен, Сэми Хююпиа нарын үед ч үзүүлж байгаагүй.

Ерөнхийдөө Финландын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан тоглогчдоос олонд танигдсан нь Английн Норвич Сити клубын довтлогч Тимү Пүки. Тэрээр өнгөрсөн улирал Английн Чемпионшип лигт 41 тоглолтод оролцож, 26 гоол оруулсан гэх амжилттай Еврод иржээ. 

БОЛОМЖИТ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Финланд

Тэдний хаалгыг өдгөө 31 настай, туршлагатай Германы Байер Леверкузен клубын хаалгач Лукас Храдечки манаж байгаа нь Оросын шигшээн гоол оруулах магадлалыг бууруулж байна гэж хэлж болно. Маркку Канера дасгалжуулагч хагас хамгаалалт болон хамгаалалтын тоглогчдодоо өөрчлөлт хийхгүй үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Үзүүрийн довтлогчоор шигшээ багийнхаа бүх цаг үеийн хоёр дахь мэргэн бууч Тиммү Пүки болон Жоель Поханпало нар бий. 

 Орос

Оросын гарааны зүүн жигүүрийн хамгаалагч Юрий Жирков Бельгийн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтын эхний хагаст гэмтэж талбайг орхисон. Тэрбээр Финландын эсрэг тоглохгүй нь батлагдсан. Мөн зүүн жигүүрийн хамгаалагч Далер Кузяаев толгойны гэмтлийн улмаас тоглохгүй байх магадлал өндөр байгаа аж. Тийм болохоор дасгалжуулагч Станислав Черчесов гурван хамгаалагчидтай хувилбарыг сонгож тоглож магадгүй гэж харж байна. Гурван хамгаалагчидтай тоглосноор Аталанта клубын тоглогч Алексей Миранчук илүү довтолгоонд оролцож тоглох боломжтой болно. Миранчук энэ улиралд Сери "А" лигт 25 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсан үзүүлэлттэй. 

ТОГЛОЛТЫН СТАТИСТИК

  • Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа тааран тоглож байсан бөгөөд бүгдэд нь ОХУ-ын шигшээ баг хожиж байжээ.
  • 1996 оны ЕАШТ-ийн урьдчилсан шатанд хоёр багийн дасгалжуулагчид тоглогчийн хувиар нүүр тулж байсан ба Станислав Черчесовын ОХУ-ын шигшээ баг илүүрхэж байсан.

Финланд

  • Сүүлийн найман тоглолтдоо ердөө ганцхан хожигдол амсаад байна. (таван хожил, хоёр тэнцээ)
  •  Жоель Поханпало шигшээ багийнхаа төлөө сүүлийн гурван тоглолтод гурван гоол оруулаад байгаа.

Орос

  • Оросын шигшээ баг Европын аваргын сүүлийн зургаан тоглолтдоо нэг ч хожил байгуулаагүй.
  • Юрий Жирков Бельгийн шигшээ багийн эсрэг тоглолтод оролцсоноор ОХУ-ын төлөө ЕАШТ-д тоглосон хамгийн ахмад тоглогч болсон.

ЭХ СУРВАЛЖ: Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж