Унадаг дугуйтай иргэд зам тээврийн осолд өртөх болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Энэ төрлийн осолд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд болохыг цагдаагийн алба хаагчид хэлж байгаа юм. Энэ талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “ Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн утсанд энэ оны эхний таван сарын байдлаар унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн 78 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн. Сүүлийн үед унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад осол ч их гарч байна. Тэр тусмаа хүүхдүүд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөж байна. Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрэм, ойлголт байхгүй. Харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа нь авто ослоор гэмтэх, амь насаа алдах шалтгаан болж байна. Хэдхэн хоногийн өмнө унадаг дугуйтай явж байсан долоон настай хүүхэд автомашинд мөргүүлж амь насаа алдсан. Өчигдөр гурван хүн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтсэн” гэлээ.
Зам тээврийн ослоор энэ сарын 14-нд нийслэлд тав, орон нутагт хоёр хүн гэмтсэн бол нэг иргэн амь насаа алджээ. Тэгвэл хүүхэд өртсөн осол гэмтэл гурав бүртгэгджээ. Тодруулбал,
- 2021.06.14 Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн осол 19.00 цагийн орчимд бүртгэгджээ.
- 2021.06.14 Сонгинохайрхан дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд мөргөж гэмтээжээ.
- 2021.06.14 Сүхбаатар дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд мөргөж гэмтээжээ.
Хүүхдээс гадна унадаг дугуйтай иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины замаар зорчиж байгаа нь осолд өртөж гэмтэх эрсдэлийг ч бас дагуулж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Холбоотой мэдээ