Евро-2020: Нэгдүгээр тойргийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Евро-2020: Нэгдүгээр тойргийн онцлох үйл явдлууд

Евро-2020: Нэгдүгээр тойргийн онцлох үйл явдлууд

"Евро-2020" тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ нэгдүгээр тойргийн онцлох тоглолт, тоглогч, үйл явдлыг хүргэж байна.


  • Онцлох тоглолт: Герман 0 – 1 Франц

"Евро-2020" тэмцээний нэгдүгээр тойргийн онцлох тоглолтоор 2014 оны дэлхийн аварга Герман, 2018 оны дэлхийн аварга Францын шигшээ багуудын тоглолт нэрлэгдсэн. 2017 онд Холбоодын цомд түрүүлснээсээ хойш тааруу амжилтыг үзүүлж буй, Германы шигшээ баг одоог хүртэл учраа олоогүй харагдана. Угтаа 2018 оны дэлхийн аваргад бүтэлгүйтсэнийхээ дараагаар дасгалжуулагч Йоахим Лев зоригтой өөрчлөлтүүдийг хийж, бүрэлдэхүүнэээ бүрэн шинэчлэхийг хичээсэн ч залуус нь орон гаран тоглолтыг үзүүлж байгаа нь харамсалтай. Харин эсрэгээрээ Францын шигшээ багийн тоглолт тогтворжиж, өөлөх зүйлгүй мэт харагдаж байна.

Өчигдрийн тоглолтын тухайд Тони Кроос талбайн төвд ганцаараа Канте, Погба гэсэн Францын “акулуудтай” тэмцлээ. Мөн Т.Мюллер, К.Хаверц, С.Гнабри гурав Францын хамгаалалтыг сэтлэх учраа олохгүй, торгуулийн талбайд бөмбөг эзэмших нь цөөн байв. Эсрэг багийнх хувьд Пол Погба дураараа "дургилаа". Түүний Францын шигшээдээ үзүүлж буй энэхүү сайн тоглолтыг мэргэжилтнүүд Кантетай холбож байна. Өөрөөр хэлбэл, Канте Погбагийн арыг дааж, чөлөөт тоглох орон зайг нь олгож байна гэв. Харин Манчестер Юнайтедэд Канте шиг тоглогч байхгүй учир Погбагийн тоглолт хязгаарлагдмал байдаг гэнэ. Погбагийн уран гоёмсог дамжуулалтыг Лукас Эрнандес Германы хаалга руу чиглүүлж, түүнийг нь Матс Хуммельс цэвэрлэх гэж байгаад өөрийнхөө хаалганд оруулав.

2016 оны Европын аваргаар нийтдээ гурван авто гоол орж байсан бол 2021 оны Европын аваргын нэгдүгээр тойрогт гурван авто гоол ороод байна.

Нутаг дээрээ хожигдож эхэлсэн германчууд тоглолтын тооныг харьцааг тэнцүүлэх гэж хэрэндээ л хичээсэн ч амжилт олсонгүй. “Гурван өнгөтнүүд” Герман машинуудын талбайгаас гурван оноо авч, Унгарыг зорилоо.

  • Онцлох тоглогч: Кристиано Роналдо

Нэгдүгээр тойргийн онцлох тоглогч нь Кристиано Роналдо байлаа. Өдгөө 36 настай тэрбээр тав дахь Европын аваргадаа зодоглож, өчигдөр тус тэмцээний хүрээнд өөрийн 11 дэх гоолоо оруулан, Европын аваргын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо.

Өчигдөр Унгар-Португалын шигшээ багуудын тоглолт Будапешт хотын Ференц Пушкашийн нэрэмжит цэнгэлдэхэд дүүрэн үзэгчидтэй явагдаж, Португалчууд Рафаэль Геррейрогийн нэг, Кристиано Роналдогийн хоёр гоолын ачаар өрсөлдөгчөө ялан, аваргаа хамгаалах аянаа гурван оноотой эхлүүллээ.

Таван Европын аваргад тоглосон анхны тамирчин болсон Кристиано Роналдо Унгарын эсрэг хийсэн тоглолтын дараа “Хамгийн чухал зүйл нь ялах байлаа. Сайн хамгаалдаг багийн эсрэг хүнд тоглолт хийлээ. Гэхдээ гурван гоол орууллаа. Намайг хоёр гоол хийхэд тусалсан багийнхандаа талархаж байна” хэмээн ярьжээ.

  • Онцлох үйл явдал: Кристиан Эриксен амьд

"Евро-2020" тэмцээний хоёр дахь өдөр Дани-Финландын шигшээ багуудын тоглолт явагдаж, энэ үеэр Кристиан Эриксений зүрх зогсч, олон хүний санааг зовоосон. Хөлбөмбөг сонирхдог, сонирхдоггүй, Дани, Монгол нь үл хамааран хүн бүр түүний төлөө залбирч байлаа. Азаар, Данийн шигшээ багийн эмч нарын баг яаралтай арга хэмжээ авч, түүнийг аварсан.

Кристиан Эриксен өчигдөр өөрийн инстаграм хуудаснаа “Бүгд сайн уу, миний төлөө санаа тавьж, дэлхийн өнцөг булан бүрээс мессэж илгээсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний гаргасан энэ бүх сэтгэл манай гэр бүлд их утга учиртай байлаа. Миний бие хэвийн байна. Одоо ч эмнэлэгт шинжилгээнд хамрагдаад байж байна. Гэхдээ зүгээр байгаа шүү. Данийн шигшээ багаа дараагийн тоглолтуудад нь дэмжих болно. Бүх даничуудын төлөө тоглоорой” хэмээн бичжээ.

Кристиан Эриксений золгүй явдлын үеэр Данийн шигшээ багийн ахлагч Симон Кьер олны анхаарлыг татсан. Багийнх нь тамирчин талбай дээр унаад өгөх үед тэрбээр хамгийн түрүүнд очиж, хэлээ залгисан эсэхийг нь шалгаж, эмч нарын багийг дуудаж байлаа. Мөн Эриксений эхнэрийг тайтгаруулж, багийнхаа тамирчдыг тоглолтдоо төвлөрөхийг уриалж байсан нь гайхалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж