Цагаан хадны ногоон бүст халдвар тархаж, Гашуунсухайт боомтын тээвэр тэг зогсолт хийхэд хүрсэн талаар Баянзам тээвэрчдийн холбооноос өнөөдөр/2021.06.16/ мэдээлэл хийлээ.
“БАЯН ЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО” УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА П.БАЯРХҮҮ:
-Цагаан хад гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтын бүс нутагт халдварын сэжигтэй тохиолдлууд илэрч, хил боомтын асуудал, тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн байдал хүндэрсэн. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд Гашуунсухайт боомтоор гардаг нүүрсний таталтын хувьд 350 машин хүрч ирээд буцаад 50 машин гардаг болсон. Шалтгаан нь Хятадад өгсөн манай жолооч нарын шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг шинжилгээ бүртгэгдээд ирэхээр Хятадын талаас нүүрсний автомашины тоог хязгаарлачихсан. Сүүлийн эерэг гарсан тохиолдлоос хойш гурван хоног Хятад улс хилээрээ нэг ч машин нэвтрүүлээгүй. Сүүлийн долоо хоногт дараалан эерэг гарсан учир Хятадын талаас ердөө 50 машин нүүрс хүлээн авна гэдгээ мэдэгдсэн. Одоо Цагаан хад бүс дотор 4000-5000 гаруй машин байна. Үүнээс 1900 нь нүүрсээ аччихсан хилээр гарахад бэлэн байна. Өдөрт дөрвөн автобусанд суугаад жолооч нар Хятадын талд шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан нь нүүрсээ ачаад хилээр нэвтэрдэг. Зарим жолооч нар маань гурван сар, хагас жил хилийн бүст амьдарч, тээвэр хийж байна. Сая гаалийн талбайгаас нэмж нүүрс ачихгүй гээд хязгаарлалтыг хийсэн. Нүүрсээ ачих гээд 2000 жолооч машиндаа хийх ажилгүй хүлээж байна. Харин нүүрсээ аччихсан 1900 машин өдөрт 50, 50-иараа цувж гарахаар ээлжээ хүлээж байна.
Тээвэр хийдэг ногоон бүсийн жолооч нар бүгд вакцины хоёр тундаа хамрагдсан. Гэтэл шинжилгээ өгөхөөр Хятадын талд эерэг, Монголын талд түргэвчилсэн өгөхөөр сөрөг гараад байдаг.
-Нүүрсний экспортыг голлон явуулж буй Цагаан хад ногоон бүс биш улаан бүс болсон. Цагаан хад бүс нутагт нэг сумын дайны хөдөлгөөн өрнөж байна. Энэ хүмүүсийг хянаж байгаа боловч сэжигтэй тохиолдлуудаа алдаад байна. Тэнд хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдчихсан. Цагаан хаданд хатуу хөл хорио тогтоож, цэгцлэхгүй бол Хятадын талаас үнэхээр муу дүн тавьж байна. Улсын онцгой комисс яаралтай Цагаан хадыг улаан бүс болгон зарлаж, хязгаарлалт тогтоон, ачаа ачихгүй байгаа 2000 жолоочийг орон гэрт нь хариулах хэрэгтэй. Нийт жолоочийн 80 хувь нь Цагаан хадаа түр хаагаад эмх цэгцтэй болгох саналтай байгаа. Ингэж байж Хятадын талд монголчууд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хилээр нэвтрүүлэхэд асуудалгүй болно. Цагаан хад бол хүн тусгаарлаад байх таатай орчин биш. Хэдхэн сендвичэн байшинтай. Ус, цахилгаан байхгүй энэ газар 50, 100-гаар нь хүмүүсийг тусгаарлаад байна.
Баяжмал л ерөөсөө зогсохгүй хилээр гараад байгаа. Үүнийг бид гайхаж байна. Хил хаагдах үед баяжмал л гарч байсан. Хэзээ ч зогсч байгаагүй. Харин Монголын нүүрсний жолооч нарыг хилээр гаргахгүй. Өдөрт 50 машин нүүрс гаргаж байгаа нэртэй хажуугаар нь Оюутолгойн баяжмалаа гаргаад байна гэж бид хардаж байна.
ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, ЖОЛООЧ Н.ЯЛАГДАШГҮЙ:
-Хэдэн мянган жолооч нарыг хаях гэж байна. Тээвэрчний хүү Монгол Улсын Ерөнхийлөгч болсон болохоор нь дуугүй тэвчиж хүлээсэн. Ажлын хэсгийнхэн ирж байдаг асуудал шийддэггүй, алга болдог. Цагаан хадыг ногоон бүс гэж жолооч нар бодоод маскаа зүүхгүй, гараа ариутгахгүй яваад байдаг. Гэтэл аль хэдийнэ улаан бүс болчихсон. Үүнийг нь ил тод зарлахгүй, нуугаад байдаг. Дарга нар нүүрс, экспорт л яриад байна. Гэтэл үүний цаана хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна шүү дээ.
🔴 ШУУД | Цагаан хадны Ногоон бүсэд халдвар тархаж, Гашуун сухайт боомтын тээвэр тэг зогсолт хийхэд хүрсэн талаар "Баянзам тээвэрчдийн холбоо"-ноос мэдээлэл хийж байна.#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Tuesday, June 15, 2021
Холбоотой мэдээ