Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

НЯМААГИЙН ТҮВШИНТӨГС

/1957-2021/

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Нямаагийн Түвшинтөгс  2021 оны зургадугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд талийгаачийн ээж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Н.Түвшинтөгс 1957 оны арван хоёрдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Монголын нэрт үргэлжилсэн үгийн зохиолч Батын Нямаагийн гутгаар хүү болон мэндэлжээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуульд анх элсэж, улмаар 1975 онд Нийслэлийн 10 жилийн III дунд сургууль, 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн бэлтгэл факультет, 1982 онд Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийг өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн инженерийн мэргэжлээр төгсжээ.

Н.Түвшинтөгс эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эх орныхоо эрчим хүчний салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан зүтгэж, 1982-1991 онд Төвийн эрчим хүчний систем, IV цахилгаан станц, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудад инженер, ахлах инженер, ерөнхий инженер, 2012-2013 онд Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцад Н.Түвшинтөгс идэвхтэй оролцож, 1991-1996 онд Монгол дахь Фридрих Эбертийн сангийн тэргүүн, 2001-2009 онд Ардчилал хөгжлийн сангийн тэргүүнээр ажилласны дээр 1996-2000 онд Хэнтий нутгийн ард иргэдээ төлөөлж Улсын Их Хуралд сонгогдон төр түшилцэж,  2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт-шинжээчийн алба хашиж, Монгол Улсад эрх зүйт төр, парламентат ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан төрийн зүтгэлтэн байсан юм.

Түүнчлэн Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хүчин чармайлт гаргаж, 1998-2001 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, 2009 оноос Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Гүйцэтгэх захирал, 2014 оноос Монголын шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр ажилласан шатрын спортын нэрт зүтгэлтэн байв.

Түүний хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга,  эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

У.ХҮРЭЛСҮХ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Н.АЛТАНХУЯГ, Ц.НЯМДОРЖ, Л.ӨЛЗИЙСАЙХАН, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Г.ХЭРЛЭНЧУЛУУН, Ц.ИДЭРБАТ, С.ЛАМБАА, Л.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж